15 суманд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ

🕔 2020/06/02 19:18

Төрийн үйлчилгээг цахимжуулах "E-Mongolia төсөл” Дундговь аймгийн 15 суманд хэрэгжихээр нээлтээ хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Төрийн үйлчилгээний хүнд суртал, шат дамжлагыг бууруулж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хөнгөн шуурхай, нээлттэй, ил тод үзүүлэх” зорилт тусгагджээ.

Энэхүү зорилтын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас "Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia” төслийг 21 аймгийн 300 суманд хэрэгжүүлж байгаа аж. Тавдугаар сарын 26-27-нд тус газрын Төслийн нэгжийн ажилтан Г.Буднямаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллан төслийн нээлтээ хийж, иргэд, байгууллагуудад үйлчилгээ үзүүлж, "Төрийн цахим үйлчилгээний операторын нэгдсэн систем”, "Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем”-ийг удирдан ажиллах операторууд болон холбогдох албан хаагчдад сургалт зохион байгуулсан юм. Мөн 15 суманд тус бүр 5,0 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.  

Өнөөдрийн байдлаар Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia.mn сайтаас нэг шатлалт үйлчилгээний оператораар дамжуулан 11 төрийн байгууллагын 54 төрлийн мэдээлэл, лавлагааг иргэд байгууллагуудад шууд хүргэхэд бэлэн болоод байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Түүнчлэн энэ ондоо багтаж олон шатлалт үйлчилгээг нэвтрүүлэн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал е-mongolia.mn системээр харилцан ялгаатай чиг үүрэг бүхий 21 төрийн байгууллагын иргэд олон нийтэд нэн шаардлагатай 185 төрлийн үйлчилгээг цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр цахимаар хүргэх боломжийг бүрдүүлж, цаашид улам өргөжүүлэн төрийн бүх байгууллагын 11 250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлэхээр ажиллаж байгаа ажээ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!