Төрийн албаны салбар зөвлөлд 97 сул орон тооны захиалга иржээ

🕔 2020/04/24 18:32

Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны сул орон тоог нөхөх тусгай шалгалтын бүртгэлийг цахимаар авч, ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийн дагуу зохион байгуулахаа мэдэгдлээ. Тус аймгийн төрийн албаны салбар зөвлөлд төрийн үйлчилгээний удирдах ажилтны 10, төрийн захиргааны гүйцэтгэх ажилтны 87 ажлын байрны захиалга иржээ.Ажлын байрны захиалгыг ангилан үзвэл хоёр суманд ЗДТГ-ын дарга, 15 суманд Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, 10 суманд мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, зургаан суманд мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, таван суманд төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, мөн таван суманд санхүүгийн албаны дарга, дөрвөн суманд нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн шаардлагатай байгаа ажээ.
Мөн зарим суманд хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, газрын даамал, нийгмийн даатгалын байцаагч, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн дутагдалтай байна. 15 сумаас Өлзийт, Говь-Угтаал, Луус, Цагаандэлгэр суманд хамгийн олон мэргэжилтэн шаардлагатай байгаа юм. Түүнчлэн аймгийн ЗДТГ болон 11 агентлаг сул орон тооны захиалга өгсөн байна. Дээрх ажлын байрны захиалгаас харахад ХАА, мал эмнэлэг, санхүүгийн мэргэжилтэй боловсон хүчин хамгийн дутагдалтай байна. Ийм олон сул орон тоо байгаагийн хэрээр төрийн албаны тасралтгүй үйл ажиллагаа алдагдахад хүрнэ. Тиймээс энэ олон сул орон тоог яаралтай нөхөж, төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах зайлшгүй хэрэгцээтэй байна.  
 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!