ЗАР »
Б.Мөнхболор: Дундговьчууд Салхитын ордоос хувь хүртэх ёстой
-Танай хөдөлгөөн, Дундговийн иргэд Салхитын ордтой холбоотой зарим санал санаачилгыг гаргаж байгаа гэсэн. Яг ямар асуудал санаачлаад байгаа хэрэг вэ?
-"Дундговь-Газар шороо” хөдөлгөөн байгуулагдаад найман жил болж байна. Бид энэ хооронд Дундговь нутгийнхаа газар шороо, нутаг усыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнийг дагасан хор хөнөөлд сүйтгүүлчихгүй байх тал дээр анхаарч ажиллаж ирсэн.
Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын ордын тухайд ч өөрсдийн дуу хоолой, байр сууриа хүргэсээр ирсэн. Гэвч энэ нөөц баялаг ихтэй орд маань гэмт хэргийн золиос болж, эцэстээ төрийн мэдэлд очлоо. Бид төрийн энэ шийдвэрийг зөв хэмээн хүндэтгэн хүлээн авч байгаа.
Харин зөвхөн төрийн мэдэлд авсан гэдэг шалтгаанаар орон нутаг, тэнд малаа маллаж аж төрж байгаа, байгаль цаг уураас хамааралтай амьдардаг нутгийн ард түмэн илүү оролцоотойгоор энэ ордын хишгийг хүртэх ёстой гэж үзсэн. Тиймээс Засгийн газар, "Эрдэнэс силвер ресурс” ХХК”-д төслөө танилцуулахаар бэлэн болчихоод байна.
-Чухам ямар байдлаар хувь хишиг хүртэнэ гэж?
-Үүнийг ярихын тулд эхлээд Дундговь аймгийн өнөөдрийн байдлыг харах хэрэгтэй. Бодитоор харвал манай нутгийн ард түмэн тийм ч сайнгүй амьдарч байна. Мэдээж хэрэг, манай хөдөлгөөний олон жил ярьж хэлж ирсэн олон сум маань уул уурхайн хөлд газар нутаг нь сүйдсэн. Эндээс хамгийн том аюул нь усны хомсдол байдаг. Бид энэ талаар арга хэмжээ авахаар өнгөрсөн хугацааны туршид ажиллаж байгаа боловч эрх мэдэл, мөнгөний өмнө хүчин мөхөсдөж ирсэн. Нөгөөтэйгүүр засаглалын хувьд тийм ч сайн явж ирсэнгүй. Өрсөлдөх чадварын үнэлгээгээр тогтмол сүүл мушгиж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ бүхнийг нуугаад байх шаардлагагүй.
Харин бидний тэмцээд хүчрээгүй лицензийн наймааны хөлд үрэгдэж дуусах байсан Салхитын ордыг төр мэдэлдээ авсан нь Дундговийн ард түмэнд боломж гарч ирлээ гэж харж байгаа юм.
Тэгэхээр Салхитын ордын тодорхой хувийг Дундговийн хөгжил, нэн тэргүүнд шаардлагатай зарим салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулах, мөн иргэдэд шууд хүртэх хишиг хүртээх, бас шахмал түлшний түүхий эдийг зөөхөд эвдэрсэн замыг засварлах зэрэг тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд зориулах хэрэгтэй байгаа юм.
-Төрийн шийдвэр гарчихсан. Мөн Салхитын ордын нөөц төсөөллөөс бага байсан тухай мэдээлэл гараад байна. Тэгэхээр энэ боломж муутай юм биш үү?
-Бид энэ бүхнийг судалгаатай, баримттай ярьж байгаа юм. Тэгэхээр Засгийн газарт судалгаа, боломжийг танилцуулна. Тэгээд ч орон нутаг өөрийнхөө нутаг дэвсгэр дээрх байгалийн баялгаас хувь хишиг хүртдэг нь байх ёстой үзэгдэл юм. Та бүхэн ашигт малтмалын нөөц, ашиглалт ихтэй зарим аймгийг аваад үзээрэй. Өмнөговь, Дорнод гээд. Харин манай аймгийн тухайд энэ нөөц, ордоос тэдний жишгээр хувь хишиг учиртай гэж үзэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд яригдсаар одоо ажил хэрэг болж байгаа Баялгийн сангийн бодлого ч энэ. Баялгийн сангийн талаарх бодлого саяхан батлагдсан Үндсэн хуульд хүртэл орсон. Бас удахгүй УИХ-аар хэлэлцэх "Алсын хараа-2050” бодлогын бичиг баримтын гол бодлого нь болсон байна лээ.
Ер нь тэгээд Нутгаа ухуулж байгаа ард иргэд ямар нэг хэмжээгээр хохирдог. Энэ бол тухайн орд газраас хувь хишиг хүртэх үндсэн шалтгаан нь юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!