Аймгийн Засаг даргын албан даалгавар гарлаа

🕔 2020/01/29 13:23

Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох болон олон нийтийг хамарсан ажлыг хориглосонтой холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Засаг даргын албан даалгавар гарлаа.

Тус албан даалгаварт Эрүүл мэндийн газарт нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зардал шийдвэрлэх, аймгийн Онцгой байдлын дарга, хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан "Шуурхай ажлын хэсгийг томилох, урлаг соёл, спорт, хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээн, жагсаал, цуглаан, аялал, зугаалга зэрэг олон нийтийн үйл ажиллагаа болон дугуйлан, секц, компьютер тоглоомын газар, мөсөн коток, фитнес, спорт заал, шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хаахыг даалгажээ.

Мөн Ажил олгогчид томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ тав хүртэлх хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгох, өрх толгойлсон эцэг эх, асран хамгаалагчийг богиносгосон цагаар ажиллуулах, эмийн сангуудыг эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг тасалдуулахгүй байх, хандив тусламж үзүүлж, хамтарч ажиллах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байхыг зөвлөсөн байна.

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед сум өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх, түргэн тусламжийн үйлчилгээний унаа, эмч нарыг нэмэгдүүлэх, сум өрхийн эрүүл мэндийн төвийн болон амбулаторийн эмч нарыг шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, коронавирусний талаар иргэд буруу ташаа мэдээлэлд авталгүй, мэргэжлийн байгууллагаас үнэн зөв мэдээлэл авахыг анхааруулжээ.

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!