Эмийн сангуудын ажиллах цагийг сунгана

🕔 2020/01/28 16:20

Дундговь аймгийн Онцгой комисс нэгдүгээр сарын 27-нд хуралдаж, томуу, томуу төст өвчний гаралтын асуудлаар хэлэлцлээ. Энэ үеэр өвчний гаралт, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, авах арга хэмжээний талаар ярилцан үйлчилгээний зарим газрын үйл ажиллагааны цагийг багасгах, эмийн сангуудын ажиллах цагийг сунгах, хариуцлагатай жижүүр гаргах, иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа сайн хийж, урьдчилан сэргийлэх зэрэг хэд хэдэн шийдвэр гаргахаар болсон.

Томуу, томуу төст өвчний гаралт ихэссэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэг, нийтийг хамарсан үйл ажиллагааг нэгдүгээр сарын 18 хүртэл хориглосон шийдвэр гаргаж, нэгдүгээр сарын 20-нд сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авсан. Ингэснээр өвчлөл улам нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт аймгийн 15 суманд нийт 390 дуудлага ирсний 59,7 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлсэн байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн төвд дуудлага 2,5 дахин нэмэгджээ. Яаралтай тусламжийн төвөөр хоногтоо 16-18 хүн үзлэгт хамрагддаг бол 26-ны өдрийн байдлаар 73 хүн үзүүлснээс 55 нь хүүхэд байсан тул яаралтай тусламжийн төвд эмч нэмж ажиллуулжээ.

Харин 103 түргэн тусламжийн утсанд 80 дуудлага ирснээс 31 дуудлагыг өрхийн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд шөнийн цагаар Сайнцагаан өрхийн эмнэлгээс түргэн тусламжийн машин болон эмчийг дайчлан ажиллуулсан байна. Дуудлагын үеэр өндөр халуурсан таталт өгсөн тохиолдлууд бүртгэгдсэн ч коронавирусний халдварын шинж тэмдэг илрээгүй хэмээн мэдэгдэж байна.   

Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд хүүхдийн тасаг 39 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор 49 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба хүүхэд нэмэгдвэл ор нэмж тавих, мэдрэлийн тасагт хүүхэд хүлээн авахад бэлтгэх зэргээр дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллана  гэж тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал мэдэгдлээ.   

 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!