ДУНДГОВИЙН ШАТАРЧИН Ж.ЛХАГВА ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛЛОО

🕔 2019/12/30 11:33
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар улсын зургаан удаагийн аварга, нэрт шатарчин, дасгалжуулагч Жамбалдоогийн Лхагва Гавьяат дасгалжуулагч боллоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд шагналыг нь гардуулахдаа "Монголын шатрын спортын ахмад зүтгэлтэн, дасгалжуулагч Жамбалдоогийн Лхагва танд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол олгож байна. Ж.Лхагва 1965 оноос улсын шигшээ багийн тамирчнаар спортын гараагаа эхлүүлснээс хойш шатрын спортод хүүхэд залуучуудыг сургах, дурлуулах, дасгалжуулах ажилд хүчин зүтгэж, шавь нараас нь сонирхогчдын дэлхийн аварга гурав, сурагчдын дэлхийн аварга нэг, Ази тивийн залуучуудын аварга төрсөн.
Мөн түүний шавь нарын дунд Дэлхийн шатрын холбооны Олон улсын хэмжээний мастер цолтой гурав, Их мастер цолтой хоёр, мастер цолтой таван тамирчин байгаад бахархаж байна. Монголчууд эртнээс оюуны хөгжил, чадамж, өрсөлдөөнийг чухалчилж, шатрыг дээдлэн хүндэлж ирсэн уламжлалыг тасалдуулалгүй өргөж, дэлхийн хэмжээнд тамирчдыг бэлтгэн өрсөлдүүлж яваа Ж.Лхагва багшид талархал илэрхийлье”  гэлээ
Монгол Улсын 6 удаагийн шатрын аварга, шатрын ОУ-ын мастер Жамбалдоогийн ЛХАГВА 1944 оны намар Дундговь аймгийн Баянжаргалан сумын Зоогийн ус гэдэг газар төрсөн. Бага наснаас шатар даамыг сонирхон оролдсоор 1957 онд Чойр өртөөний аварга болж амжилтын замналаа эхэлжээ. Монгол улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд анх удаа оролцохдоо Өмнөговь аймгийн бүсээс шалгаран оролцсон. Түүнээс хойш нийт хамгийн олон буюу 25 удаа оролцохдоо 335 өрөг тоглож, 160-д нь хожсон нь манай улсын шатарчдын дээд амжилт юм. Мөн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд хорь буюу түүнээс дээш удаа оролцсон анхны шатарч, хамгийн олон хүрэл медаль хүртсэн (6), 22 удаа тавин хувиас дээш амжилт үзүүлсэн гээд түүний тогтоосон дээд амжилтуудыг тоочоод баршгүй. Дэлхийн шатрын олимпиадад долоон удаа оролцсон. 1963 онд МБАТ-ий II спартикиадад түрүүлэн дэд мастер, 1970 онд спортын мастер, 1988 онд дэлхийн шатрын холбооны мастер цолыг тус тус хүртсэн бөгөөд 1972 онд улсын шүүгч, 1990 онд олон улсын шүүгч болжээ. 1976 онд ЗХУ-ын Москва хотын Биеийн тамирын дээд сургуулийг шатрын багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөж, 1976-1991 онд МБТСЭ-ийн Төв зөвлөл, БТСУХ-нд дасгалжуулагч, ахлах мэргэжилтэн, 1978-2000 онд Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар, 2000-2005 онд БТСҮТ-д мэргэжилтэн, өдгөө Монголын шатрын холбоонд хяналтын зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг хийж байна. Тэрээр шатраас гадна даам шаггүй тоглодог бөгөөд 1983 онд зуун буудалт даамын дэлхийн хошой аварга их мастер В.Шегёлов манай оронд уригдан ирж 54 даамчинтай зэрэг тоглолт хийхэд ганцаараа хожиж байсан нь үүний нэг илрэл. Мөн манай улсад шинэ тутам хөгжиж буй Го даамын улсын хоёр удаагийн аварга болсон. Ж.Лхагваа нь ясны шатарчин төдийгүй сайн дасгалжуулагч бөгөөд Б.Анхчимэг, Д.Янжиндулам зэрэг улсын аварга шатарчдыг бэлтгэн гаргасан. 2000 онд "Морины нүүдэл” клубыг үүсгэн байгуулсан. Хойч үеийн залуу шатарчдадаа зориулан орчуулгын ном арваадыг гаргасан нь шатарчин бүхний ширээний ном болжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
МҮОХ-ы Алтан Од медаль болон ойн медалиудаар шагнажээ. С.ПҮРЭВСҮРЭН

ДУНДГОВИЙН ШАТАРЧИН Ж.ЛХАГВА  ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛЛОО

 

ДУНДГОВИЙН ШАТАРЧИН Ж.ЛХАГВА  ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛЛОО

 

 

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!