ЗОХИОЛЧ БУМАНГИЙН ГОНГОР АГСНЫГ ДУРСАХЫН УЧИР...

🕔 2019/01/07 11:11
Үзэг нэгт нөхөр Гонгорын Идэрхангайтайгаа Мандалговийн баруун урд дүүрэг дэх "Өндөр ээж”  гэх бэсрэгхэн зоогийн газарт хэдэн мөч тухлах завшаан тохиолоо.   Тэгснээ уулзсаны дурсгалд  танд ном өгнөө гэснээ гурван  жижиг ном цүнхнээсээ гарган барьсан юм. "Аавынхаа номыг би гаргадаг юмаа” гэхэд нь "Нээрэн, аав нь зохиолч хүн байсан гэж Санаа найз маань ярьж билээ” гэсэн шүү бодогдлоо. Mongolian mining journal сэтгүүлийн сэтгүүлч, 2018 оны "Шилдэг редактор” Гонгорын Идэрхангайн над бэлэглэсэн гурван ном их учир ерөөлтэй бэлэг байлаа.  Гэртээ ирээд нөгөө номдоо эргүүлтэл хэд хэдэн зураг нь яах аргагүй танил дүр төрх харагдахаар лавшруулж уншвал Цагаан морин жилийн хувьсгалын эхний жилүүдэд  хурал, цуглаанд очихдоо олонтоо таарч асан журмын нөхөр маань аж.  Нэр усыг ч тухайлан мэдэж байсангүй. Дүр төрх нь сэтгэлд хоногшсон журмын нөхөр маань Хүүхдийн зохиолч  Бумангийн Гонгор буюу Баянхонгор нутагт Ардчиллын галыг бадраалцсан партизан, аймгийн Ардчилсан холбооны анхны дарга, Ардчилсан намын даргаар сонгогдон ажиллаж "Цагаан лавай” гэдэг сонин гаргаж явсан эрхэм аж.  
            Дундговиос төрөн гарсан Хүүхдийн нэрт зохиолч Самбуугийн Надмидын шавь, Хонгор нутгийн билэгт хүү Бумангийн Гонгор политехникумыг геологич мэргэжлээр төгсч Эрдэнэтийн болон Хэнтийн Цэнхэрмандал  дахь Модотын ордод  хайгуул хийж хожим УБДС-д суралцан багшийн мэргэжил эзэмшсэний зэрэгцээ хүүхдийн болон шог шүлэг зохиолд авьяасаа сорьж, орчуулагчийн хөдөлмөрт цаг заваа зориулан цуврал бүтээлүүдээ хэвлүүлэн С.Надмид багшаасаа "Бумангийн Гонгор бум буман уншигчтай боллоо” хэмээн үнэлгээ авч явсан намтартай. Номынх нь зураг чимэглэлийг манай нутгийн нэрт зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Байдый байгаа нь бүр ч ойр санагдсан шүү.
 "Сайн байна уу, нутаг минь” номд нь  Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай бичсэн өмнөтгөлдөө:
            " Бумангийн хүү бор Гонгор
            Буруу зөрүүд хянгар байлаа
Буянтны найранд намгар байлаа
Бурхны томилолттой багш байлаа...
...Баянхонгорын улаантнуудад бол
Багалзуурт нь ассан барс байлаа
Бага, дундын багш нарт бол
Баараггүй хожлын бэрс байлаа...
...Үнэнчээр амьдарч хорвоогоос буцсан Гонгорын өр зүрхний шивээс энэ номд бий.
Дуу болгож дуулцгаа
Сүү болгож дээжилцгээ” гэсэн буй. Хүү Г.Идэрхангайх нь эмхэтгэсэн  шог шүлгийн "Хүнийг бүү зовоо” орчуулгын зохиолын нь "Цовоохон хүүгийн дуу”  яруу найргийн "Сайн байна уу, нутаг минь” гэсэн эдгээр ном Хүүхдийн зохиолч Бумангийн Гонгор агсны    "Хөөг, хөөг, сөөг сөөг” "Шинэ сурагчийн үг”  "Алаг чулуутуй нутаг” "Ерөөлийн нас” номын үргэлжлэл юм. Оюуны бүтээл мөнх насалдаг ажгуу.
С.ПҮРЭВСҮРЭН

 ЗОХИОЛЧ БУМАНГИЙН ГОНГОР АГСНЫГ ДУРСАХЫН УЧИР...

 

 ЗОХИОЛЧ БУМАНГИЙН ГОНГОР АГСНЫГ ДУРСАХЫН УЧИР...

 

 ЗОХИОЛЧ БУМАНГИЙН ГОНГОР АГСНЫГ ДУРСАХЫН УЧИР...

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!