Бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

🕔 2019/10/11 16:07

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ энэ сарын 9-нд Сайнцагаан сумын төвд өрнөж байгаа бүтээн байгуулалт, ажлын явцтай танилцаж заавар зөвлөмж өглөө. 2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа долоо, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хоёр, замын сангийн хөрөнгөөр хийж буй хоёр ажил нийт 11 бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан байна.

Тодруулбал: Улсын төсвийн хөрөнгөөр барьж буй Төв халхын дуулалт жүжгийн театр, Ахмадын өргөө, 150 ортой нэгдүгээр цэцэрлэг, Цагдаагийн газрын барилга, "Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн спорт тоглоомын талбайн тохижилт, аймгийн төвийн 2,8 км хатуу хучилттай авто зам, үерийн хамгаалалтын далан сувгийн барилга угсралтын ажлын явцыг газар нь дээр нь үзэж танилцжээ.

Мөн БНСУ-ын Гуяан хотын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа "Аз жаргалын төгөл” 100 га ойн зурвасын усалгааг цэвэр усны төвлөрсөн системд холбох ажил, 14-р байрны гадна пасад, замын сангийн хөрөнгөөр хийж буй бага тойруугийн дөрөвдүгээр  гудамжны гэрлэн дохио, аймгийн төвийн авто замын нөхөөсний ажилтай тус тус танилцсан аж.

Засаг дарга О.Бат-Эрдэнэ хүйтний улирал эхлэх дөхөж байгаа тул энэ ондоо хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэх талаар гүйцэтгэгч компаниуд болон ажил хариуцсан албан тушаалтнуудад үүрэг өглөө гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!