"НИЙСЛЭЛ ХҮҮ"-ГИЙН ЗОХИОГЧ ОДОО 80 НАС ХҮРЭХ БАЙЖЭЭ

🕔 2018/12/05 16:20

"Нийслэл хүү" киноны зохиогч Мишигийн Жавган агсны мэндэлсний 80 жилийн ойг маргааш Дундговь аймгийн С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын санд тэмдэглэнэ.

Мишигийн Жавган
/1938-1998/

Мишигийн Жавган 1938 онд Дундговь аймгийн Дэрэн суманд төржээ. Киноны нэрт зохиолч, уран бүтээлч тэрээр 1969 онд Политехникум, 1976 онд Марксизм, Ленинизмийн оройн их сургууль төгсчээ. 1961 оноос Монголкино үйлдвэрт лаборантын дагалдан, Дэрэн сумын Найрамдал нэгдэлд орлогч дарга, аймгийн захиргааны шинэ санаачилгын комиссын нарийн бичгийн дарга, Өмнөговь аймгийн Хүнсний комбинатад мэргэжилтэн, Монголкино үйлдвэрт зохион байгуулагч, редактор даргын туслах зэрэг ажил хийжээ. 1956 оноос уран бүтээл туурвих их замд шуударчээ.

Түүний тухай Ардын уран зохиолч Т.Галсан дурсахдаа: "Дэрэн сумын өөлд хүн байгаа юм. Жавган маань хүн нүдээр хараад доогломоор дэндүү эгэл хүн байсан. Яагаад ч дандаа богино өмд өмсдөг байсан юм шагай нь байнга гялалзаж явдаг, Кино үйлдвэрт даргаас нь бусад албыг хашсан мундаг амьтан. Дарханы бүтээхүйн эрдмийн сургуулийг төгссөн, цахилгаан, тайз засал гээд бүгдийг шийддэг, таван зуун хүний хувь тавиланг шийддэг, таван зуун хүний хувь тавиланг шийддэг боловсон хүчин, зургийн дарга ч хийж байсан даа. Жавганы зохиолоор хийсэн кинонуудаас хамгийн алдартай нь "Нийслэл хүү” байна. Гадны киноны хуулга биш цэвэр монгол шог байсан. Хувь хүний хувьд маш их онцлогтой. Хээрийн зурагт явж байхад нь хайрханы дээгүүр гэнэт хар үүл гарч ирээд аянгатай аадар асгалахад нарлаж байсан хүүхнүүд дуу алдан хувцас хунараа дутуу хагас цуглуулан гэртээ ирчихсэн байхад Жавган ганцаараа байдаггүй. Жавган аянганд ниргүүллээ гэхэд тэр их аадар дундуур явчих хүн байдаггүй. Аадар гэнэт шаагисан шигээ гэнэт татрах үед мань хүн хув хуурай ороод ирэх жишээтэй. Яав гэхэд "Яахав жаахан бороо ороод би хариулчихлаа” гэнгүүт нөгөөдүүл нь биширч сүйд болж. Яг нарийн учрыг нь сүүлд асуутал "Бороо асгуут л эд нар гүйгээд явцгаасан. Би үлдээсэн түмпэнг нь авч хувцсаа тайлан дотор нь хийгээд толгой дээрээ тавиад цүнхээл дотор суучихсан. Наранд бүлээссэн ус сайхан байна. Бороо арилуут биеэ арччихаад хуурай хувцсаа өмсөөд ороод ирсэн” гэж байсан сан. Жавган "Шинэ танилууд”, "Мартагдашгүй намар”, "Шинэ хотын гэрэл”, "Тууврын замд” зэрэг олноо нэрд гарсан уран сайхны кинонууд бүтээсэн давтагдашгүй сонин сэтгэлгээтэй, басашгүй сайхан авьяас билигтэй зохиолч байлаа. "Есөн хүсэл” роман тэргүүтэй олон сайхан бүтээлүүд нь байгаа даа. Ер нь манайхан алдарт гарсан хүмүүсийн араас шогшоод, эсвэл тааруухан зохиолчийн үр хүүхэд нь баян бол хөшөө дурсгал гэж мод чулуу энд тэнд овоолоод л, хэн ч уншихгүй юмыг нь ахин дахин хэвлэж гаргаад байх юм. Уг зүй нь монгол утга зохиолын том овоонд ивээс нь болж байсан тулгуур чулуунуудаа, дээш нь шидэхэд доошоо нурахгүй тогтоод байсан жижиг чулуунуудаа аль алийг нь бодож баймаар санагддаг" гэсэн бол МУСГЗ Х.Зандраабайдий түүний талаар
ийн өгүүлэв. "Мөнхийн бүтээл хийх мөн сайхан аа! Жавганы маань "Тууврын замд” кино гараад ирэхээр хөөрхий муу Дорлигжав санаанд орно. Тэр жил Баянхонгор аймагт "Тууврын замд” очжээ. Хүмүүс ихэд сонирхон "Манай Дорлигжавын кино” гэж бахархан ярина. Тэдний суманд кино очихоор аав ээж, ах дүүсэд нь үзүүлж гэнэ. Тэгсэн чинь аав нь сумын намын үүрт ороод "Манай хүү, хүнээ байжээ. Айлын нялх хүүхэд оролдоод нүдний булай болж байна. Би ичээд үзэж чадсангүй. Дарга та түүнийг дуудаад ирээч. Би арьсыг нь хуулъя” гэж хүсчээ. Тэгэхэд нь дарга "Дорлигжав кинонд тоглож сайхан дүр бүтээсэн байна. Бид баяр хүргэсэн цахилгаан явууллаа” гэсэнд аав нь таарсан ч таар шуудай бол доо гээд уурлаад гарч одсон юм гэнэлээ. Энэхэнээр бодсон ч манай Жавганы кино хурц, сонирхолтой шүү. Өнөөх алдартай "Нийслэл хүүг” тэр үеийнхэн байтугай, өнөөгийн үзэгчид инээд хөөртэй их дуртай үздэг. Тээр жил намайг гэрт нь очиход Ванган гуай,

-Жавган минь ээ, чи шалбалзаж үзээч. Сайхан кино болно шүү. Хоёулаа элбээд сайхан кино хийе л дээ. Дараа нь чи биеэ даагаад сайн зохиол бичээрэй гэж шаардаж байсан тэр зохиол нь энэ "Нийслэл хүү” юм билээ. Энэ киног хийхэд Ванган байнга дэргэд нь байсан. Кино сайн болж байна гээд их баярлаж байсан гэж киноны ахмадууд ам хуурайгүй ярьж байсан даа. Жавган ч багшийнхаа урмыг хугалаагүй олон киноны зохиол бичсэн. Захаас нь дурдвал, анхны кино "Нийслэл хүү” (1968), "Туяагийн бичээгүй захиа”, "Мартагдашгүй намар” (1975), "Шинэ хотын гэрэл” (1977), "Тууврын замд” (1979)... Эдгээрийг нэрлэхэд, танд танил байгаа биз" гэжээ.

Жавган бол роман, тууж, өгүүллэг бичдэг эртэй зохиолч юм. Түүний "Есөн хүсэл” роман, "Алтан намар” тууж, "Хоёр эрх, нэг бэрх”, "Далан худалчийн дүү дасга Логой” гээд шог хошин зохиолууд ч бий. Ерээд оноос л шог зохиол дагнан бичсэн байх. Ер нь Жавганы бүх зохиол шог аястай байдаг. "Мартагдашгүй намрын” Батзаяа, "Тууврын замдын” Дорлигжав, "Нийслэл хүүгийн” Бүрэнбэх зэрэг жүжигчнээ бодохоор бүтээсэн дүр нь аяндаа санаанд чинь орно доо. Тиймээс зохиолчийг нь мартах учиргүй. Монголын утга зохиол, кино урлагт түүний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй ээ. Даруу дөлгөөхөн, хийсэн бүтээснээ хүнд гайхуулдаггүй, өдрөөс өдөрт шинийг урлах сан гэж дотроо шатаж явдаг түүнийг манай Дундговийнхон бол санахаар барахгүй, бахархаж суугаа нь лавтай.

Түүний мэндэлсэний 80 жилийн ой энэ жил тохиож, уран бүтээл хийгээд, туулсан амьдралын замналыг залуу үр хойчдоо сурталчлан таниулах, дурсан хүндэтгэх соёл урлагийн үйл ажиллагааг энэ сарын 6-7-нд төрөлх нутаг Дундговь аймагт зохион явуулахаар МЗЭ-ийн дэргэдэх ЗАМБУУ ТИВ нэгдэл болон Дундговь аймаг дахь салбар зөвлөл хамтран санаачлав. Үйл ажиллагааны хүрээнд дуу хуурын өлгий нутгаас төрөн гарсан үе үеийн зохиолч, яруу найрагчдыг уншигч, иргэд, хүүхдүүдтэй уулзуулах, ЕБС-ийн багш нартай утга, уран зохиолын тухай яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, тэднийг идэвхижүүлэн чадавхижуулах зорилготой. Мөн түүнчлэн эл ойтой даширдуулж хоёр жилд нэг удаа болдог аймгийн БОЛОР ЦОМ-ыг үе үеийн "Болор цом"-тонгуудын нэрэмжит болгож Мишигийн Жавганы төрсөн нутаг Дэрэн суманд зохион явуулахаар боллоо. Түүхт 80 жилийн ойд нутгийнхан маань идэвхи санаачлагатай оролцож, хүндэтгэн ирэхийг, үзэг нэгт нутгийн найрагчид үгэн хүлгээ сойж, уралдаж наадахыг урьж байна.

ЗАМБУУ ТИВ нэгдэл

2018-12-05

 

 

"НИЙСЛЭЛ ХҮҮ"-ГИЙН ЗОХИОГЧ  ОДОО 80 НАС ХҮРЭХ БАЙЖЭЭ

 

"НИЙСЛЭЛ ХҮҮ"-ГИЙН ЗОХИОГЧ  ОДОО 80 НАС ХҮРЭХ БАЙЖЭЭ

 

"НИЙСЛЭЛ ХҮҮ"-ГИЙН ЗОХИОГЧ  ОДОО 80 НАС ХҮРЭХ БАЙЖЭЭ

 

"НИЙСЛЭЛ ХҮҮ"-ГИЙН ЗОХИОГЧ  ОДОО 80 НАС ХҮРЭХ БАЙЖЭЭ

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!