Нэгдсэн шоронг барьж дуусгахад 5.1 тэрбумыг зарцуулна
Оффис, шоронгийн барилга, Төрийн ордны их засвар, эхлээгүй ажлын зураг төсөл...
Б.ДАМДИН
Ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Үүнээс өмнөхөн Ж.Эрдэнэбатын танхимын сайд нар 2017 оны төсөвт зүүдэлснээ шигтгэх нь холгүй байна гэсэн яриа сонссон юм байна. Төсвийн төслийг харахул тэр яриа баттай ажээ.
Үнэнийг хэлэхэд бид 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш эрх баригчдын амнаас олигтой үг унахыг хараагүй. Дампуурсан, баларсан, хоосорсон улс хүлээж аваад үйлээ үзэж байна л гэж ойлгосон.
Гэтэл тийм биш юм байна. Монгол Улсад нийтдээ 1.101.314.1 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас ирэх онд Засгийн газар 259.126.4 тэрбум төгрөгийг гарган үргэлжлүүлнэ гэжээ. Мэдээж хэрэг, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, лаборатори, аврах албаны байр, эрчим хүч, дулааны шугам, авто зам гээд бүтээн байгуулалтын олон ажил өрнөж байгаа юм байна. Хэдэн жил дамнан хэрэгжиж буй төслүүд учраас үргэлжлүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ дотор шал хэрэггүй барилгууд бас байна. Хэн нэгэн сайд, гишүүн нутаг руугаа, тойрог руугаа хөрөнгө татах гэсэн нь шууд харагдаж байна. Өнөөдөр тэрийг л барихгүй бол тэр аймаг, сум, албан байгууллага, агентлаг дампуурчих гээд байгаа юм огт алга.
ДОРНОД, БУЛГАНЫ ДАРГА НАРТ ШИНЭ ОФФИС ХЭРЭГТЭЙ ЮУ?
Хоёр аймгийн ЗДТГ шинэ байр барина гэж төсөвт суулгаж чаджээ. Дорнод аймаг нийтдээ 6.541.0 тэрбум төгрөгийн төсвөөр ЗДТГ-ын байр буюу Нутгийн удирдлагын ордон бариад эхэлжээ. Ирэх онд 884 сая төгрөгийн хөрөнгө оруулалт төсвөөс хийлгээд барилгаа үргэлжлүүлэх юм байна. Булган аймаг ч дутахгүй. Нийтдээ 4.137.5 тэрбум төгрөгийн төсөвтэйгээс ирэх онд 153.9 сая төгрөгийг гаргуулахаар суулгасан байна. Бас Архангай аймгийн Хашаат сум 969.8 сая төгрөгөөр ЗДТГ-ын байр барина, 2017 онд 133.2 сая төгрөг хэрэгтэй гэжээ.
НЭГДСЭН ШОРОНГ БАРЬЖ ДУУСГАХАД 5.1 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА
Мөн ирэх 2017 онд 15 мянган хүний Нэгдсэн хорих анги, түүний инженерийн байгууламжийг үргэлжлүүлэн барихад 12.157.1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Энэ шоронг барихад нийтдээ 37.074.1 тэрбум төгрөг зарцуулж буй ажээ. Үүнээс гадна Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга гэж яамдын дунд шидэгдсэн, хэдэн жилийн хэрүүл болж байгаа эд бий. Энэ барилгыг инженерийн байгууламжийнх нь хамт барьж дуусгахад 5.101.0 тэрбум төгрөг зарцуулна. Ер нь энэ барилгад нийтдээ 17.701.0 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм байна.
Гадаад харилцааны яам Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэл гэж гэж ирэх онд 700 сая төгрөг төсөвт суулгасан байна. Энэ шинэчлэл нь 5.160.0 тэрбум төгрөгөөр бүтэж байгаа аж. Уг нь АСЕМ нэгэнт өнгөрсөн юм чинь заавал ийм ядруу үеийн ядуу төсвөөс мөнгө "саах” хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.
5-6 ХҮНИЙ АЖЛЫН БАЙРЫГ 820 САЯАР БАРЬЖ БАЙГАА ГЭВ ҮҮ?
Энд бас хоёр барилгын санхүүжилтийг асуудалтай гэж байна. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний барилга, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын тасгийн барилгыг үргэлжлүүлэн барихаар төсөвт суулгажээ. С.Эрдэнэ сайдын үед эхлүүлсэн барилга, лав нэгд нь 5-6 хүн л ажиллах оффис гэсэн мэдээлэл яригдаж байна. Ингээд Сүхбаатар дүүргийнхэд 300 сая төгрөг, Чингэлтэй дүүргийнхэд нь 180 сая төгрөг хэрэгтэй гэжээ. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний байр нь 1.7 тэрбум, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын тасгийн байр нь 820 сая төгрөгөөр баригдаж буй юм байна.
ТӨРИЙН ОРДНЫГ 2.2 ТЭРБУМААР ЗАСНА
Дээрээс нь аймаг, сумдын ЗДТГ-ын байранд хийгдэх их засварт 135 сая, Төрийн ордны тохижилт, их засварын ажилд 2.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнийг бас л тэвчиж болно доо.
ХӨГЖЛИЙН БАНК "ХЭРЭГГҮЙ” ТӨСӨЛД 5.6 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛАХ НЭЭ
Үүнээс гадна Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслийг харъя. Зам, гүүр, цахилгаан, дулааны станц, шугам, байгууламж барих 119 ажилд 172.794.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ. Эндээс "Гудамж” төслийн хяналтын зөвлөх үйлчилгээний зардалд 2.1 тэрбум төгрөг, Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг бий болгоход 3.071.3 тэрбум төгрөг төсөвлөснийг тэвчиж болмоор ажээ. Мөн дөнгөж зураг төслийг нь хийх гэж байгаа олон ажлын зардлыг хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ гэсэн байна. Ирэх онуудад эдийн засаг улам бүр хүндэрнэ, дааж давшгүй их өрийнхөө хүүг хэрхэн төлөхөө мэдэхээ больсон энэ үед шинээр эхлэх гэж буй ажлуудыг 2-3 жилээр хойшлуулмаар байгаа юм. Тухайлбал Гандан орчмын гэр хорооллын инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөл 202 сая, "Монел”, "Урбанек” худалдааны төвийн баруун урд, "Тоса” худалдааны төвийн арын, Загийн 24 дүгээр байрны зүүн урд уулзварын зураг төсөл 38.9 сая, Улиастайн голын баруун талын дөрвөн замын уулзварын зураг төсөл боловсруулах 26 сая, Хан-Уул дүүргийн арын уулзварын авто замын зураг төсөл 24 сая, Баянзүрх дүүрэг, Дандарбаатарын гудамжнаас баруун тийш Офицерын ордны араар явуулж ШУТИС-ийн ХМС-ийн урд замтай холбох авто зам, Хилчний гудамжийг үргэлжлүүлэн Б.Доржийн гудамжтай холбох авто зам, XIII хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг хороолол дундуур Нарны замтай холбох авто замын зураг төсөл 26 сая, Төмөр замын V цэцэрлэгийн баруун талаар Нарны замын туслах болон хорооллын доторх замыг холбосон авто зам, "Хермэс” төвийн зүүн талын замаас зүүн тийш Баянгол дүүргийн баруун талын замтай холбох зам, VI бичил хорооллын урд зам 40 дүгээр сургуулийн баруун талаар Москва ресторантай холбосон зам, Москва рестораны өмнө Ард Аюушийн гудамжнаас Дилав хутагт Жамсранжавын гудамж хүртэл авто замын зураг төсөл 22.2 сая, "Оргил” рашаан сувиллын уулзвараас "Жапан таун” хотхон хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэл, Баянгол зочид буудлын зүүн уулзварын зураг төсөл 45 сая, Халдвартын буудлаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх авто замын зураг төсөл 54.3 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснийг түр тэвчихэд болохгүй гэх газар алга. Арайхийж зураг төслийг нь боловсруулна, араас нь өч төчнөөн тэрбум төгрөг нэхнэ гэсэн үг. Ингээд Хөгжлийн банкны "хэрэггүй” санхүүжилтийг тооцвол 5.606.7 тэрбум төгрөг болж байна.
ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС БУС ХЭРЭГЦЭЭ БАГАТАЙГААС НЬ ТАНАХАД 50 ТЭРБУМЫГ "БОСГОЖ” БОЛНО
Зөвхөн дээр дурдсан өнөөдөр нэн шаардлагатай бус барилга байгууламж хийгээд зарим ажлыг түр хойш нь тавихад 10.225.5 тэрбум төгрөг "гараад ирэх” жишээтэй. Бас энэ төсөлд алдаа оноотой зүйлүүд нэлээд байгааг албан ёсны байгууллага нь хүртэл хүлээн зөвшөөрч, дүгнэлтээ гаргаад байна. 2017 оны нэгдсэн төсвийн төсөлд Үндэсний аудитын газраас өгсөн санал дүгнэлтэд "...Шилжих зарим төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг нягталж үзэхэд хуулийн шаардлага хангаагүй, гэрээний зөрчил бүхий нийт 7.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй таван төсөл арга хэмжээг 2017 онд хэрэгжих төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгах шаардлагагүй байна. Шинээр эхлүүлэхээр тусгасан нийт 33.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий зургаан төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил тодорхойгүй, хэт ерөнхий тогтоосон, нотлох баримт, үндэслэл тооцоолол байхгүй зэрэг нь холбогдох хуулийн шаардлагыг хангаагүй байна” гэсэн байгаа юм. Ингээд Үндэсний аудитын газрын "гаргаж ирсэн” 40.6 тэрбум төгрөгтэй өмнөхийг нийлүүлэхэд 50. 825.5 тэрбум төгрөг болж байна.
Өнөөдөр 2017 оны төсвийн төсөл нэлээд шүүмжлэлтэй нүүр тулж байгаа. Учир нь "Төсвийн урсгал зардлаас 152 тэрбум төгрөг хэмнэнэ” гэснийг нь задлахад хүүхдийн мөнгийг ялгаварлаж олгосноор 61 тэрбум төгрөг, оюутны тэтгэлгийг зогсоосноор 52 тэрбум төгрөг, хүүхэд харах үйлчилгээг зогсоож 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэжээ. Гэтэл хасахаар Монгол Улсын сая гаруй хүүхдэд олгох мөнгө лав өлхөн гараад ирэх бололтой юм.
Хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг 2017 онд "шаардлага хангасан” нийт хүүхдийн 60-д олгосноор 79.2 тэрбум төгрөг л зарцуулна. Өмнөх жилүүдийн дунджийг 240 тэрбум төгрөг гэж үзвэл дахин бүх хүүхдэд өгөхөд 160 орчим тэрбум төгрөг хэрэгтэй болж байгаа юм. Энэ хэмнэлтийг Төрийн ордон, аймгуудын ЗДТГ-ын байрны их засвар, мөн Дорнод, Булган аймгийн Нутгийн удирдлагын ордон барих зардлуудаас хасвал хөнгөхөн олдоно.
ТАНИЛЦ: САЙД НАРЫН БАГЦААС ИЙМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ САНХҮҮЖҮҮЛНЭ
Шадар сайдын багцаар дамжин Багахангай дүүрэг, Дархан-Уул, Төв аймаг, Сэлэнгийн Мандал сум, Говь-Алтайн Есөнбулаг сум, Хэнтий аймгийн Батноров суманд Аврах, гал унтраах ангийн барилга ажлыг үргэлжлүүлэхэд зориулж 3.933.5 тэрбум төгрөг, Хөвсгөлд Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга барихад 495.2 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. ЗГХЭГ-ын даргын багцаар дамжуулан дээр дурдсан Нутгийн удирдлагын орднуудад 1.171.1 тэрбум төгрөгийг, аймгуудын ЗДТГ-ын байруудын их засварт 2.335.0 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгаснаар Дорнод аймагт МСҮТ-ийн хичээлийн байр, Орхон аймагт МСҮТ-ийн дотуур байр, Баянхонгор аймагт МСҮТ "Төгсөгчдийг ажлын байраар хангах бичил нийтийн аж ахуйн үйлчилгээний төв” барихаар болж, үүнд 2.408.9 тэрбум төгрөгийг, Найрамдал зусланд Усан спорт цогцолбор, Завханд Ахмадын ордны барилга барихад 2.560.0 тэрбум төгрөг, улсын хэмжээнд салбарын их засварт 2.0 тэрбум төгрөг суулгасан байна.
Үүнээс гадна 2017 онд 59 сургууль , цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн хөрөнгө оруулалт болох 52.700.2 тэрбум төгрөг, салбарын их засвар, тоног төхөөрөмжид 15.550.0 тэрбум төгрөг, 15 аймаг сумын Хөгжимт драмын театр, Соёлын төв, Чуулгын барилга болон Үндэсний номын сангийн барилгын ажилд 16.649.8 тэрбум төгрөг, Баянзүрх дүүрэгт ШУ-ы судалгааны лаборатори, спортын танхим бүхий цогцолборыг барихад 885.1 сая төгрөг, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүрэг, Завхан, Сүхбаатар, Дархан-Уул, Ховдын Манхан, Архангайн Эрдэнэбулган, Булганы Хангал сум-Хялганат тосгон зэрэгт Спорт цогцолборын барилга, спорт заал барихад зориулж 10.458.0 тэрбум төгрөгийг зарцуулна гэж БСШУС-ын сайдын багцад төсөвлөсөн байна. Мөн Эрүүл мэндийн сайдын багцаар дамжин 23.318.3 тэрбум төгрөгийг 21 газарт, тухайлбал,ХӨСҮТ-ийн III шатлалын лаборатори, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төв, зарим аймаг, сумын Нэгдсэн эмнэлгийн барилга, өргөтгөл, Эрүүл мэндийн төв барихаар төсөвт суулгажээ. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд 6.0 тэрбум төгрөг, ЗТХ-ийн сайд 29.438.5 тэрбум төгрөг, Эрчим хүчний сайд 26.369.0 тэрбум төгрөгийг 2017 онд бүтээн байгуулалтад зарцуулах юм байна.
ТӨГСГӨЛД НЬ
Дахин хэлье. Эхэнд дурдсан нэн шаардлагагүй барилгуудад зарцуулах хөрөнгийг төсвөөс хасъя. Төрийн албан хаагчдын тав тухтай оффис, зарим эхлээгүй ажлын зураг төсөл, шорон зэрэг улсын өчнөөн тэрбум төгрөг "идсэн” ажлуудыг царцаая. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан байж магадгүй энэ мэтийн бодлого муутай төслөө эргэж нэг харъя. УИХ-ын сонгууль маргааш болохгүй, гишүүд ээ. Харин 99 хувийнх нь нэн хүндэрсэн монголчуудын амьдрал үргэлжилнэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин