Хутагт хийгээд хувилгаадын тухай

🕔 2018/07/04 14:14

Хутагт хийгээд хувилгаадын тухай

Дорно дахины улс орнуудад Бурхны шашин түгэн дэлгэрч, Бурхан багшийн айлдвар зарлигийн цомирлог Ганжуурыг өөр өөрийн хэлээр орчуулан дэлгэрүүлжээ. Энэтхэг, Төвд, Монгол хэмээх номт 3 улсын бурхны шашинд Хос ёсны сургаалийг дагаж, шашин төрийг хослуулан барих нэгэн өвөрмөц ёс хөгжжээ. Энэ бол хүний урьд нас, энэ нас, хойт нас хэмээх ойлголт. Өөрөөр хэлбэл ”дахин төрөл авах”, ”сүнс хувилан төрөх”, үйлийн үр буюу сайн үйлээс сайн үр, муу үйлээс муу үр гарах тухай, аливаа болж буй бүх үйл явдал шүтэн барилддаг тухай сургаалиуд юм. Энэхүү сургаалийг Наландарийн их сургуулийн уламжлалыг баригч гүн ухаантан Адиша (982-1054) Төвдөд дэлгэрүүлжээ. Түүний шавь Бромдон (1005-1064) Гаадамба буюу Зарлиг үндсэстний ёсыг гаргаж, энэхүү сургаалийг Төвдөд нутагшуулжээ. Энэхүү ёс Алтан хааны үед ирээд, монголчууд хүлээж авснаар, Далай лам хэмээх шашны хааны статусыг бий болгож, Чингис хааны алтан ургаас хутагт хувилгаад төрөх ёсыг хөгжүүлжээ.


Богд: Бие хийгээд сэтгэл хоёр нь баатар хүмүүнийг БОГД хэмээн өргөмжилдөг. Далай ламыг Алтан хаан, Ордосын Хутагтай сэцэн хунтайж тэргүүтэн өвөр монголчууд өргөжээ. Халхад Түшээт хан, Сэцэн хан нар Жавзандамба хутагтыг өргөжээ. Ойрд монголчууд Банчин богдыг өргөжээ. Ингэснээр энэ 3 хүн хутагт хувилгаадыг тодруулах эрхтэй 3 том лидер болжээ. Мөн бие биеэ тодруулж, хүлээн зөвшөөрнө.

Хутагт: Эрхэн сууринд суугч гэсэн утгатай уйгар үг. Нилээн эртний цол. Төвдөөр Пагва гэнэ. Энэ бол Бурхан багшийн ойр шадар 16 шавийн хойт дүрийг ийнхүү нэрлэнэ. Монгол оронд 1989 онд морилж, шашин дэлгэрүүлсэн Бакула ринбүчи бол энэ 16 ойр дотно шавийн нэг юм.

Хувилгаан: Энэтхэгийн 84 шидтэн буюу 84 mahasiddha нарын хойт дүрийг хэлнэ. Дилова хутагт, Нарова нар энэ ангилалд ордог. Тамга түшиж, төрд зүтгэх цагт хутагт хэмээн өргөх нь бий.

Шаврон буюу шавдрүн: Гэгээн гэж бас хэлэх нь бий. Энэ бол Өлмийн ойр гэсэн утгатай цол. Бурхан багшийг ном номлох цагт ойр дагалт болж явсан 500 бандидагийн хойт дүрийг тодруулсныг нэрлэнэ.

Ринбүчи бол хүн эрдэнэ гэсэн утгатай үг. Эрдэмтэй номтой шалгарсан хүнийг биеийнх нь жинтэй алт эрдэнэсээр хийд орноос нь худалдан авч нутаг орондоо залдаг байсан бөгөөд Эрдэнэт хүний бие хэмээх нь энэ үгтэй холбоотой. Эрдэм ном, авъяас билигийг ингэж үнэлдэг байжээ.

За тэгээд үлдснийг нь Адиша гэгээний зохиосон ”Хөвгүүн ном” хэмээх үлгэрийн цомирлогоос уншаарай.

Г.Нямочир



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!