Тоогоогүй орхисон том зах зээл дотоодын жуулчлал

🕔 2018/05/16 15:14

Тоогоогүй орхисон том зах зээл дотоодын жуулчлал

 

Өнөөдөр Монгол улсын аялал жуулчлалын салбарт 613 тур оператор, 349 жуулчны бааз, 468 зочид буудалд 50 гаруй мянган хүн ажиллаж байна. 2017 онд аялал жуулчлалаас олсон орлого 400 сая ам.долларт хүрсэн. 2016 оны эхний 10 сарын байдлаар гадаадын 410 гаруй мянган жуулчин Монгол улсад ирж 278 сая ам.долларын орлого оруулжээ. Харин өнгөрсөн оны дээрх үед жуулчдын тоо 60569-өөр нэмэгдэж 360 гаруй сая ам.долларыг монголчуудад үлдээжээ. БОАЖЯ-наас 2020 он гэхэд нэг сая гадаад жуулчин хүлээн авах зорилго тавин ажиллаж байгаа юм. Гадаад жуулчдын тоо, зарцуулсан мөнгийг нь ийм тодорхой гаргаж болж байна. Гэтэл дотоодын аялал жуулчлалын мэдээлэл, тоо баримт гэх алга дарам цаас ч алга. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 613 тур оператор зөвшөөрөл авснаас ердөө тав нь л 1992 онд батлагдсан аялал жуулчлалын тухай хуулийн дагуу дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх авсан байх юм. Дэлхийн олон оронд "Дотоодын аялал жуулчлал” гэж ангилаад сүйд болдоггүй.

Гэхдээ тусад нь бодлогоор зохицуулж орлого олоод байгааг БНХАУ-ын дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаагаас харж болно. Харин манайд цэвэр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж зөвшөөрөл авсан компани, тур оператор Улаан-Үүд Манжуурын аяллыг дотоодын аялал жуулчлал гээд ойлгочихсон аялагч "зөөж” байна. Буугаарай, суугаарай, ороорой, гараарай, босоорой, яваарай гэсэн жижүүрийн хэдэн орчуулгатай энэ аяллыг бас гадаад аялал гэхэд инээдэмтэй. Бас дотоодын бус гадаадын аялал жуулчлалд хөрөнгө оруулалт хийгээд байгаа нь инээдэмтэй гэхээсээ эмгэнэлтэй. Манай тур операторт бүртгэлтэй дотоодын аялал жуулчлалын урсгал сургуулийн хүүхдүүдэд Цонжин болдог, 13-р зуун, Аглаг бүтээлийн хийд үзүүлэхээс хэтрэхгүй байгаа нь чамлалттай. Дотоодын аялал жуулчлал гэхээр анги, хамт олон, гэр бүлээрээ гарч давхиад байгалийн үзэсгэлэнт газар, рашаан сувилал, амралтад хэд хонохыг бас хэлдэггүй байна. Нэг талаас нь харвал аялаад, юм үзээд нүд, сэтгэл баясаад яваа боловч нөгөө талаасаа нэгдсэн журмаар, тур операторт хамрагдаж яваагүй учраас энэ ангилалд багтдаггүй аж. Өөрөөр хэлбэл "дотоодын аялал жуулчлал” гэж тур операторт бүртгүүлээд түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт, соёлын нөөц бүхий аялал жуулчлалын бүс нутагт амралт, танин мэдэхүйн зорилгоор, тогтсон маршрутаар аялуулахыг хэлдэг байна. Мөн явган аялал хийдэг хобби бүлэг, автомашин сонирхогчдын клубүүдийн тогтсон маршруттай аялал ч нэгдсэн журмаар тур операторт хандаагүй гэдгээр энэ ангилалд багтахгүй. 1992 онд батлагдаж, 2000 онд шинэчлэн найруулсан Аялал жуулчлалын тухай хууль хуучирч өнөөгийн аяллын "ая даах”-аа хэдийнэ больжээ. БОАЖЯ-наас "Аялал жуулчлалын тухай” шинэчлэн найруулсан хуулийн төслийг өргөн бариад байгаа.

Тус хуулийн төсөлд дотоодын аялал жуулчлалыг үндсэн ангиллаар нь хөгжүүлэхэд шахалт үзүүлэх хэд хэдэн заалт орж байгаа юм. Тухайлбал, байгалийн үзэсгэлэнт газар, дархан цаазат, тусгай хамгаалалттай газарт түр буудаллахад төлбөр ногдуулахаар болж байгаа. Өмнө нь дотоод гадаадын жуулчид тусгай хамгаалалттай, дархан цаазат газрын үүдэнд л "таксаа” төлсөн бол дураар буудаллаж, гал түлэн мах шарж, газар сайгүй хог тарих "эрх” авсан мэт аашилдаг. Энэ байдлыг засахаар хуулийн "буулганд” оруулж зохицуулалт хийх шаардлага байгаа юм. Үүнийг хуульчилсан төлбөрийг тусад нь хураах заалт ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр монголчуудын дуртай газраа бууж хөрс, ус бохирдуулдаг явдал хумигдах магадлалтай. Мөн хуулийн шинэчилсэн найруулгад явган болон дугуй, автомашины, амьтан ажиглах болон ан хийх, түүх, соёлын болон байгалийн аяллыг ямар шаардлага хангасан тур оператор зохион байгуулахыг нарийвчлан зааж өгөх учраас дур мэдэн давхидаг байдал цэгцэрнэ гэж найдаж байгаа юм. Өнөөгийн байдлаар дотоод аялал жуулчлалд төрийн зохицуулалт хийгдээгүйгээс олон алдаа дутагдал гарсан. Түүний нэг жишээ 2016 онд Улаанбаатар-Мөрөн чиглэлийн автозам ашиглалтад орсноос үүдэлтэй Хөвсгөл далай үзэх гэсэн дотоодын аялал жуулчлалын "төвөргөөн” юм. Хэдийгээр Монголын дотоод аялал жуулчлал хөгжих яагаа ч үгүй гэдгийг тэр үйл явдал харуулсан ч энэ салбарт том зах зээл байгааг баталлаа. Өнгөрсөн жилүүдэд дотоодын аялал жуулчлалаас оруулж буй мөнгөн урсгал далд эдийн засагт том тоо болж байгааг судлаачид ч ярьж байгаа. Ийм байхад төрийн зүгээс зүгээр ажиглаад сууна гэдэг хангалтгүй.

Өнөө жил л гэхэд Дорнод аймгийн Буйр нуур, Завханы Улаагчийн хар нуурын эрэг дээр стандартад нийцсэн "далайн эрэг” байгуулах гэж байгаа. Үүн дээр жил бүр болдог Говь-Алтайн "Элсний баяр”, Баянхонгорын "Сарлагийн баяр”, Хөвсгөлийн "1000 цааны баяр” зэргийг нэмбэл дотоодын аяллын урсгалыг татах олон арга хэмжээ болох нь байна. Хэсэг бүлгээрээ маршрут зохиож мөнгөө зарахаар алгаа үрж байгаа хүмүүс ч цөөнгүй. Эдгээрээс далд эдийн засагт цутгах мөнгөнд хэдхэн зохицуулалт хийгээд улсын төсөвт "ашиг” гаргаж болохоор байна. Тухайлбал тогтсон маршрут баталж зорчигсдоос болон тэнд ажиллаж байгаа хувийн хэвшлийнхнээс НӨАТ авдаг болчиход л овоо мөнгө Сангийн яамны дансанд шилжчихээр харагдаад байгаа. Тэр мөнгийг дотоодын аялал жуулчлалын хөгжилд зарцуулахад улсын төсвөөс үл хамаараад энэ чиглэл хөгжиж болж байна. БОАЖЯ-ныхан аяллын тогтсон маршрут гаргах, зорчигчдоос төлбөр хураамж авахаар Ажлын хэсэг байгуулсан ч дөнгөж маршрутаа судлах хэмжээнд яваа нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд "сэтгэл гаргахгүй” байгааг харуулж байгаа юм. Энэ хооронд манайхны "тоогоогүй” мөнгийг өөрийн эдийн засагт татахаар өмнөд хөршийн бодлого хүчтэй орж ирлээ. Хэд хоногийн өмнөөс ӨМӨЗО-ны үзэсгэлэнт газруудаар аялуулах сурталчилгааны том самбарууд нийслэлд харагдах болсон нь үүний илэрхийлэл. Мөн зөвхөн дотоодын аялал жуулчлалаас зулгаагаад зогсохгүй өвлийн аялал жуулчлалд өрсөлдөх төслийг өвөрмонголчууд бодоод олчихжээ. Хөвсгөл нууранд болдог мөсний баяртай өрсөлдөх мөсөн завины уралдааныг ӨМӨЗО-ны Шилийн голд өнгөрсөн өвөл анх удаа зохион байгуулсан байна. Завины доор тэшүүр суурилуулсан эл уралдаан 100 болон 200 метрийн зайд болсон бөгөөд хятадын мужуудаас ирсэн 300 баг өрсөлджээ.

Мөн жуулчид сонирхох маягаар өрсөлдөж олон улсын шинж чанартай болж өргөссөн байна. Ирэх жил энэ тэмцээнд 23 орны "тамирчид” оролцохоор болсон нь жаахан сэтгэл тавихад л асар том боломж бий болдгийг өмнөд хөршийн энэ тэмцээн батлан харууллаа. Манайд ч дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх олон боломж байгаа. Бурхан халдун ууланд "олсон” Чингисийн онгонд хөрөнгө хаяж аялал жуулчлалын том цогцолбор болгочиход дотоодын төдийгүй өвөрмонголчуудын урсгал хөвөрнө дөө. Түүнийг олж харах "билгийн мэлмий” л бидэнд дутаад байна.


Эх сурвалж: https://ubinfo.mn/read/8941

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!