Эзэнгүй суудлын эзэн Б.НАРАНХҮҮ
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах хүсэлт Үндсэн хуулийн цэцээс хариултаа хүлээж байна. Хуульч Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн цэцэд Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэл бий эсэхийг тогтоолгохоор хандсан. Тэдний үндэслэл нь ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн хуралдаандаа суухгүй, үндсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас эгүүлэн татах учиртай. Товчхондоо УИХ-ын гишүүн Б.Наранхүү төрд Дундговь аймгийн сонгогчдыг цаашлаад ард түмнийг төлөөлж чадахгүй байгаа учраас суудлаа тавьж өгөх ёстой гэсэн Үндсэн хуулийн шаардлагыг тавиад буй.
Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Цэц хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд шалгаж маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ сарын 22-ны өдөр буюу өчигдрийн байдлаар маргаан үүсгээгүй, харин ч шалгалтын ажлыг 30 хоногоор сунгажээ. Үүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн, гавьяат хуульч Б.Жанцан асуудлыг сунжруулж, цаг хожихоор шийдсэн гэж хардаж болно.
УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн чуулган болон байнгын хорооны хуралдаанд суудаггүй шалтгаан нь тун тодорхой. Өөрийнх нь хэлснээр тэр хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ойлгодоггүй, мэддэггүй учраас тойрогтоо цагаа зарцуулдаг. Товчхондоо сонгогчдоо, тойргоо тойглодог цор ганц гишүүн юм уу даа. Гэтэл УИХ-ын гишүүн нь цаг, мөнгө, хүч хөдөлмөрөө зориулаад байдаг тойрог нь хөгжилгүй, буурай аймгуудын дунд толгой цохиж явна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс саяхан аймгуудын 2017 оны өрсөлдөх чадварын үнэлгээг танилцуулсан. Тэр тайланд Б.Наранхүү гишүүний Дундговь аймаг 21 аймгаас 19-т бичигдэж, дороосоо гуравт эрэмблэгджээ. Эдийн засгийн нөхцөл байдал, засаглал, бизнес эрхлэх боломж, дэд бүтэц зэрэг үзүүлэлтээр Дундговь аймаг бусад орон нутгаас хол хоцорсныг судалгаа харуулж байна. Тэгэхээр аймагтаа "ажилладаг” эрхэм гишүүний хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү үр ашиггүй гэсэн үг үү?! Эсвэл тэр Дундговь аймгийн нэрийг барьж төрд шургалсан хоосон суудлын эзэн үү?! Олон асуулт гаргаж болох нь ойлгомжтой зүйл нь Б.Наранхүү гэх хүн Дундговь аймагт ч, УИХ-д ч хэрэггүй аж. Тэр "ажилладаг” гэх тойргоо дампууруулж, төрийн суудлыг эзгүйдүүлж л чаддаг юм байна.
Ичих булчирхай, зовох сэтгэлтэй бол хэн нэгнээр хэлүүлэх биш өөрөө сайн дураараа суудлаа тавьж өгөх нөхцөл байдал үүсчихэж. Өөрийнх нь талын хэн нэгний томилгоог ярихад хуралдаанд сууж "Тэр сайн хүн” гэх утгатай зүйл ярьчихаад бусад үед сүүдрээ ч тусгадаггүй төрийн түшээ ч гэж юу байхав. УИХ-ын намрын чуулганд гэхэд ганцхан удаа суусан. Тэр нь Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр Төрийн ордонд заларсан удаатай. Энэ байдлыг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянаж, шалгаж суудаг цэцийнхэн мэдэхийн дээдээр мэдэж буй. Үндсэн хуулийг нь зөрчиж, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа төрийн түшээгийн толгойг илээд, эгүүлэн татах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэцийнхэн, тэр дундаа хүсэлтийг шүүн тунгааж байгаа гавьяат хуульч Б.Жанцан сонирхол нэгтэндээ үйлчилсэн болох нь мэдээж. Хөөрөг цуглуулдаг сонирхол нэгтнүүд бус нэг нь Үндсэн хуулийн "манаач”, нөгөө нь Монгол төрийн түшээ гэдгээр нь асуудлыг харвал бодит шийдвэр гарна. Одоо Үндсэн хуулийн цэцийг, гавьяат хуульч Б.Жанцанг шударга ёсыг яаж баримталдаг, үнэн мөнийг хэрхэн дэнсэлдгийг харах л үлдлээ.
Б.Энэрэл
Эх сурвалж:Shuud.mn
Линк: http://www.shuud.mn/content/read/493230.htm