Үндсэн хуулийн цэц Д.Гантулга, Ж.Мөнхбат нарын араас Б.Наранхүүг УИХ-аас хөөх үү

🕔 2017/12/25 12:53

Дэлхийн баячууд өөрсдийн амьдралаа "өрнөлттэй” болгохын тулд элдвийн юм сэдэж, зугаагаа гаргаж буй дүрс бичлэгүүд нийгмийн сүлжээгээр л нэг байдаг. Мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж, түүний үнэ цэнийг биеэрээ мэдэрдэг хүмүүсийн дэргэд тэд юугаар ч дутагдаж гачигдахгүй тансаг гэх үгийн утгыг "үзүүлж” яваа болохоор амьдралынхаа хором мөч бүрийг сонирхолтой өнгөрөөхийг хүсдэг биз. Мэдээж эдгээр хүмүүсийн дотор асар их хөрөнгө хүлээн авсан өв залгамжлагчид ч бий, ажил хөдөлмөрийнхөө үр шимээр амжилтад хүрсэн хүмүүс ч бий. Гэвч юм ихдэхээрээ утгаа алддаг шиг мөнгө ч гэсэн ихдээд ирэхээр ямар ч хүнийг өөрчилж чаддаггийн жишээг бид харсаар, үзсээр...


Дэлхийн баячуудаас ялгаатай нь монголын баячууд улс төрд орж, УИХ-ын гишүүн болох хоббитой. Эд баялагаараа эх орныхоо хаана ч гишгэж чадах хэрнээ түшээ болж Төрийн ордонд саадгүй орох хүсэлдээ дийлддэг үү эсвэл шулуун шугамаар шудрах шунал ихтэй бизнес сэтгэлгээнээсээ болдог уу. Ямартай ч тэд улс төр рүү улайран дайрч, улс төрийн намуудад доль үсэрдэг. Улстөрийн их хорыг хажуунаас нь ажиглаж, хамтрах үедээ хам хэрэгтэн болох нь тэдний хувьд сонирхолтой л байдаг байх. Гэвч түмнээсээ сонгогдож, төрийн бодлогыг ард иргэддээ хүргэх түшээгийн ажлаа чөлөөт цагаараа хийх нь арай дэндүү басамжилсан хэрэг бус уу.

 

"Мон-Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон эрхэм. Өнөөгийн парламентийн зарим нэг гишүүнийг бодвол  туршлагатай гэж хэлж болохоор. Үнэн ийм ч үе үеийн УИХ-ын хамгийн хариуцлагагүй, ёсзүйгүй гишүүнээр удаа дараа цоллогдохдоо санаа нь зовдоггүй бололтой. Дундговь аймгаас АН-аас нэр дэвшиж сонгогдсон тэрбээр өнгөрсөн хаврын чуулганы нээлт дээр гэгээн дүрээ харуулснаас хойш нэг ч удаа чуулганы хуралдаандаа суугаагүйг УИХ-ын Тамгын газар гэрчилсэн.  Өнгөрсөн хугацаанд нийт 21 удаа чуулганы нэгдсэн хурал зарлагдснаас нэг өдөр чөлөөтэй, нэг өдөр гадаад томилолттой гэдэг шалтгаан бичүүлээд 19 удаа шалтгаангүйгээр тасалсан байдаг. Намрын чуулган эхэлснээс хойш алдарт Б.Хурцын томилгооны үеэр л гэгээн дүр нь харагдсаныг эс тооцвол Төрийн ордны босгоор хөл нь даваагүй гэх.

 

Тэгвэл түүний энэ бусармаг үйлдэлтэй хуульчид тэмцэхээр шийджээ. Хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба  нар Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар  Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заажээ. Иймд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар болсон байна.

 

Өнгөрсөн долоо хоногийн Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ Улсын Их Хурал өөрөө Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна гэж үзсэн.

 

Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Гантулга, Ж.Мөнхбат нарыг эрүүгийн хэрэгт татах магадлалтай болсон. Хэрэв тэднийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол УИХ-аас хөөгдөөд зогсохгүй "аавын хаалга" татна. Харин эдгээр гишүүдийн араас хуульчид Төрийн түшээгийн суудалд "түр орлон гүйцэтгэгч"-ээр хандаж ирсэн Б.Наранхүүг явуулахаар ийнхүү шийджээ.  Учир нь тэрбээр өнгөрсөн парламентад бас л хамгийн муу гишүүдийн нэг байсан.

 

Чуулганы хуралдаанд суудаггүй, ажлын хэсэгт ордоггүй, үг хэлдэггүй, ордны өрөөндөө ч үзэгддэггүй байсан. Хоёр дахь удаагаа сонгогдохдоо түүнийг алдаагаа засч, ард олныхоо төлөө гэх жаахан ч гэсэн сэтгэлтэй болох болов уу гэж найдтал, "өвчин нь сэдэрч” өмнөхөөсөө ч долоо дор болж. Уг нь түүний ард Дундговь аймгийн иргэд тэр чигээрээ бий. Тэд итгэл хүлээлгэж сонгосон төрийн түшээгээ иргэдийнхээ төлөө хэрхэн ажиллахыг нүдээ чилтэл харж суугаа. Гэтэл "Хэлэлцэж буй асуудлыг ойлгохгүй юм чинь хуралд сууж хайран цагаа барж яадаг юм” гээд Дундговьчуудынхаа өмнөөс хээв нэг "дунд хуруу” гаргасаар сууна. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль санаачлах, батлах, баталсан хуулиа иргэдэдээ танилцуулж, хэрэгжүүлэх явцад анхаарах. Гэтэл Б.Наранхүү энэ үүргээ сонгогдсон цагаасаа эхлэн умартаж, итгэл хүлээлгэж сонгосон иргэдийнхээ өмнө "ажлыг чинь хийхгүй” гээд таслаж байгаа нь "хуруу” гаргаж байгаагаас ялгаагүй байлтай.  

 

Гэхдээ тэрбээр гишүүн болоод юу ч хийгээгүй гэвэл худлаа ярьсан болох биз. Тойрогтоо гэхээс илүү тойглож ирсэн бизнестээ нэлээд анхаарч, УИХ-ын гишүүн гэх дархан эрхээрээ дархлагдаж ирсэн гэх юм билээ. Бас зүгээр ч үгүй өөрийнхөө төлөө багагүй УИХ-ын гишүүдийг хөдөлгөөд авсан. Өмнөх УИХ-ын үед  Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг сонгогдоход АН-д нэлээд олон сайдын суудал суларсан. Энэ үед Б.Наранхүү Зам тээврийн сайдад өөрийгөө нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Болор, Л.Гантөмөр, М.Батчимэг, Х.Тэмүүжин нар гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн нь тухай үедээ л онигоо болж байсан түүх бий. Түүнийг гишүүдийг лоббидохын тулд багагүй хэмжээний мөнгө зарлагдсан тухай хэвлэлийнхэн шуугиж байсан билээ.   

 

Б.Наранхүү Зам тээврийн сайдад өөрийгөө нэр дэвшүүлж,  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Болор, Л.Гантөмөр, М.Батчимэг, Х.Тэмүүжин нар гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн нь тухай үедээ л онигоо болж байсан түүх бий.

 

Энэ мэтчилэн бүхнийг зоосны нүхээр хардаг эрхэм гишүүн хоёр дахь удаагаа гишүүнээр сонгогдсны цаад шалтгаан нь ч бас мөнгөтэй холбоотой гэх. Улс төрийн амьдрал зөв өрнөж байж улс хөгжих учиртай. Гэвч үүрэгт ажилдаа ханцуй шамлахгүй хэрнээ баяр болгоноор л баахан мөнгө тарааж нутгийнхныхаа амыг нь таглачихдаг нь нууц биш. Тэрээр өөрийн оролцсон нэг удаагийн наадамд гэхэд л "Ланд-200” машин хэд хэдээрээ, 1-2 өрөө байрыг ч мөн цөөнгүй зарлагддаг. Наадмын түрүү бөхөд нийслэл хот дахь хоёр өрөө, үзүүрлэсэн бөхөд нэг өрөө байр, бүх барилдсан бөхчүүдэд 400 мянга, уясан хүлгээ улсын баяр наадамд айрагдуулсан таван уяачид 10 сая, унаач хүүхдүүдэд нь 2 сая төгрөг гээд л бэлэг, бэлэн мөнгөөр хоёроор "зодчихдог” нэгэн. Мэдээж ард иргэдийнхээ ахуй амьдрал нь тусалж, аль болох хэрэгцээг нь хангаж байгаа нь сайн боловч, УИХ-ын гишүүний алба гэдэг чөлөөт цагаараа хийдэг ажил биш. Улс орныхоо төлөө ухаанаа уралдуулж, ухамсартайгаар ажиллах амьдрах он жилүүд байдаг.

 

Тиймээ, амьдрал баян. Тэр дундаа хөрөнгө чинээгээрээ толгой цохидог Б.Наранхүү гишүүнд УИХ-ын гишүүний нэр зүүж, улстөрийн амьдралд далдаас гар дүрж, өдрөөс өдөрт нэмэгдэх хөрөнгөө хараад өөлөхийн аргагүй сэтгэгдэл төрдөг л биз. Төрийн танхимыг түмэн холхилддог гудамж мэт дорд үзэж, тангараг өргөхөөр ирэхдээ футболк өмссөн нь бусдаас ялгараад сайхан л санагдсан байх. Гэхдээ мөнгөөр хэмжиж, хийж болдоггүй зүйл гэж байдаг. Мөнгө бол үрэгдээд л дуусна. Харин таны ажиллах хууль, эрх зүйн орчин үе үеийн хэрэгжиж өнө мөнхөд үргэлжилнэ шүү дээ.

 

Б.Ариун 24tsag.mn

http://www.24tsag.mn/content/158461.shtml

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!