Сэтгэл нь хөрчихсөн Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татъя

🕔 2017/12/26 13:11

1992 онд баталсан шинэ Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ байна гэж заажээ. Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд элдвийн л ааш араншинтай хүмүүс УИХ-д сонгогдож байв. Эх оронч М.Зэнээ, нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч О.Дашбалбар, ардчиллын алтан хараацай С.Зориг, Буянгийн Б.Жаргалсайхан, Эрэлийн Б.Эрдэнэбат, Үнэг Ц.Батаа, Л.Гүндалай, Дуучин Б.Жавхлан гэх мэтээр дурдаж болно.

 

Бүгд улс төрд өөрсдийн гаргасан зам мөртэй. Эдгээр эрхмүүдийг төрийн эрх барих байгууллагад өөрсдийнхөө төлөөлөл болгон залсан нь бид өөрсдөө. Тэднийг залгаад Мон Ураны гэх тодотголтой гишүүн Б.Наранхүү сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Уг нь өөрөө олны нүднээс байнга зугтаж байдаг ч хүмүүс түүний араас эрэл сурал тавих боллоо

 

Эрхэм гишүүн Б.Наранхүү чуулганы хуралдаандаа огт суудаггүй учраас тойргийн сонгогчид, хэвлэлийнхэн түүний араас сураг тавьж эхэлсэн нь энэ. Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудал нэлээд ээдрээтэй, дэмжигдэхгүй байх магадлалтай болмогц Б.Наранхүү гишүүн хар гүйхээрээ Төрийн ордонд орж ирээд саналаа өгсөн юм. Энэ үеэр парламент сурвалжилдаг сэтгүүлчид Та яагаад чуулгандаа суудаггүй юм бэ” гэж асуухад "Манай нутгийнхан хов жив, хэрүүл уруулд дургүй

 

Тийм учраас би суудаггүй гэх утгатай хариулт өгсөн гэлцэж байна. Их л сонин тайлбар. Түүнийхээр бол УИХ хууль биш хэрүүл үйлдвэрлээд байдаг болж таарлаа. Дэмий балай юм ярьж шоуддаг гишүүд цөөнгүй бий л дээ. Гэхдээ арай ч бүгд тийм биш. Парламентын дугуй танхим дотор маргаан мэтгэлцээн өрнөх нь ердийн л үзэгдэл. Энэ дундаас зөв гарц шийдэл гардаг. Дундговь аймаг хөгжлөөрөө бусдынхаа сүүл мушгиж яваа. Ашигт малтмалын том ордгүй болохоор мал аж ахуй зохилсон амьжиргаатай. Эрхэм гишүүний амлалт ёсоор бол олон улсын нисэх онгоцны буудал бүхий орчин үеийн хот сүндэрлэсэн байх учиртай. Харамсалтай нь Мандалговийг тэгж хөгжүүлсэнгүй.

 

Б.Наранхүү гишүүн чуулганд суух хүсэлгүй гэдгээ мэдэгдчихлээ. Одоо тэгэхээр яах вэ. Хоёрхон сонголт байх шиг. Нэг бол УИХ гишүүдээ аваад Дундговьд очиж хуралдаанаа хийж болох юм. Гэхдээ гишүүд үүнийг зөвшөөрөхгүй л болов уу. Дараагийн сонголт. Гишүүн Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах санаачилга гаргаж болно. Түүнийг УИХ-д нэр дэвшүүлсэн АН юу бодож суудаг бол.

 

Дургүй ламд дарж байж сахил хүртээсэн юм биш байгаа. Зарим хүн УИХ-д сонгогдох гээд насаараа мөрөөдөөд ч гүйцэлдүүлж чадахгүй явахад Дундговиос сонгогдсон эрхэм гишүүн найз нөхдийнх нь томилгоо болохоор гүйж ирчихээд улсын төсөв батлах, хууль хэлэлцэх үед хуралдаандаа суухгүй шилэрчих жишээтэй.

 

Түүний Монголын төрд зүтгэх сэтгэл нь хэдийнэ хөрчихсөн бололтой юм. Түүний цаана Дундговь аймгийнхан төрд төлөөлөх элчгүй, асуудлаа шийдүүлэх гарцгүй болчихож байгаа нь хамгийн том аюул. Нэгэнт хүсэл үгүй бол эрхэм гишүүн Б.Наранхүүг Төрийн ордноос сураар уяад ч нэмэргүй. УИх-ын гишүүнээс нь эгүүлэн татъя.

Эх сурвалж: http://ardchilal.mn/22460.html

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!