АВЛИГАЛЫН ЭСРЭГ ТУНХАГ

🕔 2016/05/23 16:56

 

Монголчууд бид хулгайч, луйварч, дээрэмчид гэж үү? 

Үгүй гэвэл С. Баяр, Сү.Батболд, С.Баярцогт, Д.Цогтбаатар, У.Барсболд, Э.Бат-Үүл, Д.Батбаяр, Ц.Сандуй нарыг юу гэх вэ? Эд нар чинь Монголчууд төдийгүй, Монголын урдаа барьдаг боловсорсон, шалгарсан элитүүд бишсэн бил үү? Монголчууд бид үе удмаараа, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хулгайч, дээрэмч, луйварчид гэж үү? 
Үгүй гэвэл Санжийн Баяр түүний охид, гэр бүл, найз нөхөд, Эрдэнийн Бат-Үүл түүний хүү, Цэндсүрэнгийн Сандуй түүний дүү нарыг юу гэх вэ? Монголчууд бид үр, хүүхдээ хулгай, дээрэм, луйварт сургадаг гэж үү? Үгүй гэвэл Баяртан түүний охид, Бат-Үүлтэн түүний хүүг юу гэх вэ? Түмний мэдэхээс Баяртан, Бат-Үүлтэн нар чинь Монголын удам дамжсан сэхээтнүүдийн хүүхдүүд бишсэн бил үү?

Монголын ард түмнийг эрх чөлөө, тусгаар тогтнолд хүргэсэн гэдэг МАН, ардчилал, эрх чөлөө, шударга ёсонд хүргэсэн гэдэг АН хоёр хоёулаа хулгайч, луйварч, дээрэмчдийн бүлэглэл гэж үү? Үгүй гэвэл С.Баяр, Сү.Батболд, У.Барсболд, Д.Цогтбаатар, Ц.Сандуй нарыг юу гэх вэ? Тэд чинь МАН-ын дарга, нарийн бичгийн дарга гэх мэтээр эл намыг удирдаж, төлөөлж явсан эрхмүүд биш бил үү? Э.Бат-Үүл, С.Баярцогт, Д.Батбаяр нар чинь АН-ын анхдагч, шилдэг боловсорсон лидерүүд бишсэн бил үү. Монголын төр засаг хулгайч, луйварчдын дэглэм гэж үү? Үгүй гэвэл ерөнхий сайд, сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүд, Улаанбаатар хотын захирагч гээд хөврөх эдгээр эрхмүүдийг юу гэх вэ. Эдний цаана илрээгүй хэн, хэд ч байгаа юм билээ. Эцэст нь Монголын сонгогч олон ардчилсан сонгуулиараа хулгайч, луйварч, дээрэмчдийг сонгодог гэж үү? Үгүй гэвэл сонгуульд нэр дэвшиж байгаа дээрх эрхмүүдийг, нэр дэвшүүлсэн намууд, дэвшүүлэхийг зөвшөөрч байгаа төр засаг, хууль хяналтын байгууллагуудыг юу хийж байна гэх вэ? Монголчууд ийм гэж үү? МАН-АН ийм гэж үү? Монголын төр засаг ийм гэж үү? Монголын сонгогчид ийм гэж үү?
Үгүй. Монголчууд бид хулгайч, луйварч, дээрэмчид биш. Харин энэ хэдэн муу авилгачид! Монголчууд бид үр хүүхдээ хулгай, луйвар, дээрэмд сургадаг нь биш. Харин энэ хэдэн муу авилгачид! МАН-АН хулгайч, луйварч, дээрэмчдийн бүлэглэл биш. Харин энэ хэдэн муу авилгачид! Монголын төр хулгайч, луйварч, дээрэмчдийн дэглэм биш. Харин энэ хэдэн муу авилгачид! Монголчууд бид хулгайч, луйварч, дээрэмчдийг хэзээ ч сонгож байгаагүй. Харин энэ хэдэн муу авилгачид биднийг хуурч байсныг Панамын Пейпэрс илчиллээ. Монголчууд ингэж хариулах ч биз, ингэж ч бухимдаж байгаа биз, гасалж ч байгаа биз. 
Тэр ч байтугай энэ муу авилгачид биднийг юу гэж бодоод байгаа юм бэ? Өөрсдтэйгөө адилхан хулгайч, луйварчид, дээрэмчид гэж санаа юу. Үнэт зүйлс, үзэл бодол, төр ёс, нэр төрөө алдсан, үхээнц дорой, өлөн хоосон, арчаагаа алдсан адгийн шаар, "хогийн лаларууд” гэж басаа юу. Үгүй тэгээд очиж очиж бид энэ муу авилгачдыг сонголоо юу? Үр хүүхдүүдийнхээ нүдэн дээр, дэлхий дахины өмнө авилгачдыг сонгож "Авилгыг сонговол хандах зүг өөрөө тогтмой. Бидний Монгол улс болбоос хэсэг бүлэг цөөвөр хулгайч, дээрэмч, луйварчид билээ. Монгол орон хэмээгч болбоос цөөвөр хулгайч, луйварч, дээрэмчдийн үүрлэх газар болой.” хэмээн хүлээн зөвшөөрч, хуульчлан баталж, тунхаглан зарлалаа юу? Хол хэвтэнэ, муу авилгачид гэж хөмхий зууж ч байж болох. Тийм ч биз. Тиймээ. Монголын сонгогчид хэзээ ч авилгачдыг сонгож байгаагүй. Тэр ч байтугай бид 1992 оноос хойшхи сонгууль бүхэнд бид эрх баригчдаас халж, сольж, өөрчилж ирсэн нь үнэн. 

Харин Монголын эрх баригч анги болчихоод байгаа МАН-АН өөрчлөгдсөн үү? Монголын сонгогчдын 1992 оноос хойш хийсэн сонголтууд МАН-АН-д нөлөөлсөн үү, МАН-АН-ыг өөрчилсөн үү? Яагаад авилгачид хээв нэг сонгуульд нэр дэвшээд явж байгаа юм бэ? Яагаад МАН-АН тэдний нэрсийг дэвшүүлээд байж байна вэ? Яагаад Монголын төрийн эрх баригчид тэднийг сонгуульд оролцуулаад явж байна вэ? Монголын ард түмэн биш МАН-АН авилгад идэгдээд, авилгын торонд ширэлдээд, авилгачдаас салах нь битгий хэл харин тэдний үүр уурхай болчхоод байна бус уу. МАН-АН Монголд авилгын дэглэм тогтoочихоод байна бус уу. 
Үнэнийг хэлэхэд Монголчууд МАН-ыг авилгадахад нь АН-аар сольсон. АН-авилгадсан. АН-ыг авилгадахад МАН-аар сольсон. Бүр дордсон. Аргаа бараад хоёуланг нь тэнцүүлж үзсэн. Маш том алдаа болсон. МАН-АН хуйвалдаж манан буулгасан. Сарниулах, салгах гэтэл 7 сарын 1 болж МАН-АН өнөөгийн дүрдээ хувирсан. Гуравдагч хүчний эрэлд гарсан МАН-АН тоглоомын дүрмийг будлиантуулж жингээрээ ноёлсон. МАН-АН улам ихсэв бус уу. Авилга хаа сайгүй садгадаж дэлхийн дэвжээнд дуулдах болсон бус уу. Аргаа бараад та бид сонгууль хүлээж суугаа биш бил үү. Гэтэл та биднийг сонгууль хүлээгээд сууж байхад МАН-АН биднийг сонголтгүй, сонгуульгүй болгож байна бус уу. 
МАН-АН сонгуулийн дүрмийг өөрчилж өөрөөсөө бусад намыг сонгогдох боломжийг боомилж нуман тулгуурт оруулав. Хутган үймүүлэв, хагалан бутаргав. Лидерүүдийг нь авилгадахыг нь авилгадаж, дарамтлахыг нь дарамтлав. МАН-АН-ын энэ ажиллагаа сонгуульд оролцохгүй МАНАН-ыг дэмжинэ гэсэн намуудыг Монголоор нэг болгов. Тэр ч байтугай нам нь сонгуульд оролцохгүй гишүүд нь бие даан нэр дэвшдэг намтай ч болов. ХҮН, ИЗНН, МҮАН, МАХН гэх мэтээр Монголын сонгогч та бидний сонгох эрх танагдав бус уу. Улмаар МАН-АН-ын "төрийн машин” "аюултай” нэр дэвшигчдийг арилгах үйл үл ажиллагааг өрнүүлж бие даан нэр дэвшигчдийг үл бүртгэх, хасах, хахуульдах, дарамтлах замаар нэр дэвших боломжгүй болгосоор байна бус уу. Тэр бүр сонгогч та бидний сонголт устгагдсаар байна бус уу. Удахгүй шалгах, баривчлах, хорих дуулиант муу аргаа ч хэрэглэх биз. 
МАН-АН гуравдагч намыг сонгох та бидний боломжийг, эрхийг бараг устгав. Гуравдагч нам байхгүй бол МАН-АН-aas өөр сонголт та бидэнд үлдэх үү. МАНАН-тай бүхэлд нь өрсөлдөх бие даан нэр дэвшигч гэж байх уу. Тэр тусмаа МАН-АН "аюултай” байж мэдэх бие даан нэр дэвшигчдийн ихэнхийг "арилгах” үйл ажиллагаагаараа сонгуулиас арчиж байна бус уу. Үр дүнд нь бидэнд сонгох аргагүй, "МАН-АН-д хоргүй, МАН-АН-д халгүй” хэдэн юм үлдэх нь ойлгомжтой бус уу. Танд сонголт үлдэв үү? 

Та, бидэнд сонголт үлдэхгүй бол сонгууль мөн үү? Социализмын жилүүдэд нам ба нам бусчуудын эвслээс ганц нэр дэвшигчтэй сонгуульд санал өгдөг байсан чинь санаанд орохгүй байна уу? Тиймээ, танд сонгуульд оролцохгүй байх сонголт байгаа. Үнэн. Гэхдээ та сонгуульд оролцохгүй ч МАН-АН оролцох бус уу. МАН-АН та, бидэнгүй гишүүд, дэмчигчид, даган баясагчдаараа сонгогдох бус уу. Тэгэхээр МАН-АН таныг, намайг сонголтгүй болгож та биднийг сонгуулиас арчин хаяж байна бус уу.
Та бид тэгэхэд юу хийгээд сууж байгаа билээ. Басаад, тавлаад, доромжлоод, бах таваа хангаад, баясаад сууж байгаа биш бил үү. Та, бидний тавлаад доромжлоод байгаа ХҮН, ИЗНН, МҮАН, МАХН төдийгүй дугаар тойрогт бие даан "горилогчид”, тэр ч бүү хэл таны даапаалан даажигнан хөхрөх "мөрөөдлийн баг” ч гэсэн таны, миний сонгох, сонгогдох эрхийн төлөө тэмцэж байна бус уу. Тэр бүхнийг МАН-АН хагалан бутаргаж, арчин устгаж байхад та, бид тавлан, доромжилж бах таваа ханган суугаа бус уу. Тэдний хэд нь сонгуулийн хуульд эрстэв, хэд нь "хагалган бутраалтанд” амь тавив, хэд нь сонгуулийн товчооны үүдэнд няцлагдав. Тэр бүхэнтэй хамт таны, миний, та бидний сонголт устгагдаж байна бус уу. Тэгэхэд та бид тавлаад сууж байгаа бус уу. Та өөрийгөө хар даа хэнтэй адилхан байна.
МАН-АН-ын гишүүд, дэмжигчид улс төрийн дайснуудаа сонгуульд нэр дэвших боломжгүй болголоо, бид ялах боломжтой боллоо гэж баярлаж ч байж мэдэх. Тийм ч биз. МАН-АН ялж ч болно. Гэхдээ тэр "ялалтын” төлөө та сонгох эрх, түүнээс уламжлах бүх эрх, эрх чөлөөгөө тавиад туужээ гэдгээ ухаарах цаг ирэхэд та хэтэрхий оройтсон байх бус уу. 
Та бидний сонголтыг устгана гэдэг та бидний сонгох эрхийг хурааж авч байгаатай адил бус уу. Сонголтгүй сонгох эрх байх уу? Сонголтгүй, сонгох эрхгүй сонгууль байх уу? МАН-АН та бидний төр барих эрхийг устгаж байна бус уу. МАН-АН сонголтгүй, сонгох эрхгүй, "сонгуулиар” засгийн эрх авах гэж байна бус уу. Авах ч гэж дээ, тэд одоо засаг, төрийг чинь зайдагнаж байгаа биз дээ. Тэгэхээр МАН-АН зүгээр л та бидний төр барих эрхийг хураан авч байна бус уу. Та бид эрхгүй болно гэдэг МАН-АН-д төрийг чинь хувьчилж, өмчилж авч байна гэсэн үг бус уу. Авилгачид өмч хөрөнгө, эд баялаг, эрдэс уурхай, эх орныг чинь төдийгүй, сонгуулийг чинь, төр барих эрхийг чинь, ардчиллыг чинь булаан авч байна бус уу? 

Тэд хэн болоод ингэж байна вэ? Богд эзэн Чингис шиг энэ улс орныг минь байгуулсан бил үү тэд? Богд, Ханд, Цэрэн нар шиг төр улсыг минь сэргээсэн бил үү тэд? Бодоо, Данзан, Сүх нар шиг тусгаар тогтнолыг минь сэргээсэн бил үү тэд? Бид тэднийг гуйл уу? Тэд биднийг гуйл уу? Амин хувиа хичээхгүй, амь биеэ хайрлахгүй ард түмэндээ зүтгье, хар амиа хичээхгүй, халуун амиа хайрлахгүй хас төрдөө зүтгье гэж өвдөг сөхөрч, хормой дэвсэж, хошуу унжуулж, үгээ хэлж, үсээ маажиж, ам, өчгөө өгч, аргадан гуйхад нь итгэл, найдвар, сэтгэлээ өгч хаанаас нь татаж хатавчны тэндээс хоймортоо бид залсан бус уу, тохойноос нь татаж тотгоны тэндээс төрдөө бид залсан бус уу? 
Итгэж, найдаж ирээдүйгээ даатган төрөө түшүүлж, эрх ямба эдлүүлж, улс орноо удирд, ард түмнээ арчил, бид хүчээ өгье, эдийн засгаа цогцлоож, эх орноо хөгжүүлж, ядуурал зовлонгоос ангижирч мандан бадарсан, цэцэглэн хөгжсөн, хүчирхэг чийрэг улс шиг улс, айл шиг айл больё гэсэн бус уу. Хар амиа хичээж хас төрөөсөө хулгайлж, амин хувиа хичээж ард түмнээсээ луйвардаж, эдэд шунаж эх орноо тонож, төгрөгөнд шунаж түмэн олноо дээрэмдэж итгэлийг эвдэж, сэтгэлийг хөсөрдүүлж, тангаргаа няцаж, андгайгаа алгасаж, өчгөө буцаж урвасан байна бус уу. Тангаргаасаа няцсаныг Taйчу, Сача бэхи нарын жишгээр болгох бус бил үү? Андгайгаасаа няцвал Алтaн, Хучарын ёсоор болгох биш бил үү? Монголын төр энэ бус уу? Монголын цааз энэ бус уу? Монголчуудын тангараг Монголын төр бус уу, Монголчуудын хилэгнэл Монголын цааз бус уу? Алтан, Хучар, Сача-бэхи, Тайчу нарын сургамж энэ бус уу? 
Гэтэл авилгачдын санаанд Монголчууд нэртэйгээ, төртэйгээ, эрхтэйгээ, ардчилалтайгаа, тангарагтайгаа, хилэнтэйгээ, цаазтайгаа багтаад байна бус уу. Та муу авилгачид даварч байна гэх биз. Би ч гэсэн тэгэх биз. Гэхдээ яагаад, яагаад тэд даварч байгаа юм бэ? 

Та, би, та бидний Монголчууд бид төртэй, ёстой, хуультай, цаазтай, тангарагтай, андгайтай, үгтэй, өчигтэй, эрхтэй, дархтай ард түмэн шиг ард түмэн байж чадаж байгаа бил үү? Tөрт ёсны хоёр мянган жилийн түүхтэй гэж сагсуурдаг ч төрийн төлөө оготно боож үхэх гэгч болно гэдэг гэмтэй бус уу Монголчууд. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг ч хувиа хичээж довоо шарлуулахыг эрхэмлэдэг гэмтэй бус уу Монголчууд. Дотроо бодолтой доороо суурьтай гэдэг ч түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг гэмтэй бус уу Монголчууд. Буруугийн дэргэд нүд хурц гэдэг ч амьдын гэрч болохоос үхсэний дэр бол гэдэг гэмтэй бус уу Монголчууд. Барын сүүл байснаас батганын толгой байсан нь дээр гэдэг ч ноёнтой хэдэрлэвэл толгойгүй, нохойтой хэдэрлэвэл хормойгүй гэдэг гэмтэй бус уу Монголчууд. Эх орондоо хайртай гэдэг ч эзгүйчлэх гэмтэй бус уу. Эрх чөлөөнд дуртай гэдэг ч эрх мэдэлтний бөгс долооход бэлэн байдаг гэмтэй бус уу. Хүний эрх, тэгш эрх, нэр төр, нандин чанар гэдэг ч хүчтний өмнө хүчгүй нь буруутай гэдэг гэмтэй бус уу. Ёс жудаг, хүний мөс чанар гэдэг ч өнгө мөнгө, эрх мэдлийн өмнө өвдөг сөхөрч, толгой бөхөлздөг гэмтэй бус уу. Нэр хугарахаар яс хугар гэдэг ч газрынхаа бараанд ганцынхаа тарганд гэх нь ч цөөнгүй бус уу. Монгол хүнд "совесть” гэдэг юм байдаггүй юм гэж цэцэрхэх нь ч бий. Чухам бидний дунд, бидний дотор эдгээр зан чанар түгээмэл байдаг учир авилгачдын санаанд багтаад байна бус уу. Авилгачид давраад байна бус уу. 
Авилгачид, хань хамсаатан, холбоотон сүлбээтнүүдийнхээ хамт Монгол улсын, Монголын ард түмний гэсэн өнгөтэй, өөдтэй бүхнийг өмч хөрөнгө, үйлдвэр завод, уурхай баялаг, газар шороог хулгайлж, тонож, дээрэмдэж, луйвардаж байхад нүдэн балай чихэн дүлий байх битгий хэл тэдэнтэй үгсэж, эвсэж, эвлэж, өрсөлдөн тонож ирсэн хэсэг ч бий бус уу бидний дунд. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж сагсуурдаг байсан бус уу та, бид. Чухам бид тийм л учраас УИХ-ын дэд дарга асан эдгээд эдүгээ УИХ-ын гишүүн, Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хийгээд "жишиг” тогтоогоод явж байна бус уу. Чадаж байгаа юманд арга байхгүй бус уу. Бид Исландчууд шиг төр ёсоо, хууль цаазаа хамгаалдаг байсан бол ийм "жишиг” тогтох битгий хэл тэр эдгээд ч тийм үйлдэл хийх байсан yy? МАН-АН ийм болох байсан уу? Монголын засаг төр ийм болох байсан уу? Та, бид авилгачдыг давруулсан бус уу? Даварсан авилгачид таныг, биднийг эх оронтой минь, эрх чөлөөтэй минь, ирээдүйтэй минь залгиж байна бус уу?

Үнэхээр дотроо бодолтой доороо суурьтай байсан бол УИХ-ын дэд даргa асны офшоор бол Бороо, Оюу толгой, Таван толгойн ордууд шиг юмны илрэц гэдгийг дор нь ойлгох байсан бус уу. Төр ёсоо хамгаалаад түрхрэн босох байсан бус уу. Тэгсэн бол МАН-АН өнөөдөр сонгуулийг чинь халж, төрийн эрх барих эрхийг чинь хураан авч, төр ёсыг чинь өмчлөх байсан уу? Хар гэртээ хаан бор гэртээ богд байсан бол эх орноо эзгүйчлүүлэхгүй, төр ёсоо булингартуулуулахгүй, гал голомтоо самруулахгүй байх байсан бус уу. Хэдий болтол хувиа хичээж довоо шарлуулж, нүдэн балай чихэн дүлий явах вэ? Хэзээ таны нүд бурууд хурц болох вэ? Хэзээ та, бид үхсэн дайсныхаа биш юм гэхэд сайн нөхрийнхөө нэрийг хамгаалахын тулд амьд авилгачны эсрэг гэрч болж чадах вэ? Хэзээ та, бид нэрээ бодоод ясаа хугалаж чаддаг болох вэ? Хэзээ та, бид авилгачин барын эсрэг зогсох батганын толгой болж чадах вэ? Төрийн төлөө оготно ч атугай зүтгэх хэрэгтэй бус уу! 
Эх сурвалж:  Шихи хутугу    https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1725492221063414/?type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!