2016 оны сонгуулийн прогноз

🕔 2016/05/21 22:39

 

2016 оны сонгуулийн прогноз

 

Сүүлийн үед УИХ-ын гишүүд зарим асуудлыг сүр дуулиан болгож олны анхааралд тавьж байгаад нүднээс далд өөрсдийн тохироогоороо асуудлыг шийддэг болчихоод байна. Юу гэхээр хар машин ярьж олны анхаарлыг татаж байгаад сонгуулийн хуулийн түлхүүр заалтуудыг хэвлэл мэдээлэл, УИХ-д суудалгүй намууд, олон түмний анхаарлаас гадуур "эвтэйхэн” баталчихлаа. Нөгөө жижиг хэмээх намууд нь томчуудынхаа тавьсан өгөөшийг ямар ч түргэн үмхчихдэг юм, 21 нам нийлж хар машиныг шатааж энэ тэр. Хэвлэл мэдээллийнхэн ч ялгаагүй хар машины давалгаанд автаж саналыг гараар тоолох уу яахав гээд л бужигнаж байх хоорондуур УИХ дахь намуудын хүчний харьцааг тэр чигээр нь хадгалж мэдэх хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны орчин бүхий хуулийг батлаад гаргачихав.

"Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр өнөө хар машин шатааж гүйгээд байсан жижиг намууд сонгуулийн хуулин дахь огт анзаараагүй байсан заалтуудыг гэнэт олж харж Үндсэн хуулийн цэцэд өгнө гэх мэтээр сүржигнэж сонгуулийн жилийг эхлүүллээ

"Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр өнөө хар машин шатааж гүйгээд байсан жижиг намууд сонгуулийн хуулин дахь огт анзаараагүй байсан заалтуудыг гэнэт олж харж Үндсэн хуулийн цэцэд өгнө гэх мэтээр сүржигнэж сонгуулийн жилийг эхлүүллээ. Ийнхүү 2016 оны улс төрийн тоглоомын дүрэм батлагдав. Сонгуулийн хуулинд ямар өөрчлөлтүүд орчихов, эерэг сөрөг ямар үр дагавар авчрах вэ гэх мэтийг заалт нэг бүрчлэн ярьвал хэдэн өдрийн ажил болох тул энэ удаа зөвхөн тоглоомын шинэ дүрмээр тоглолт яаж явагдахыг цухас зураглах гээд үзье.

7000 санал авахад л Дундговь аймагт дурын нэр дэвшигч ялна

Ерөнхий дүр зургийг харвал 2016 оны сонгуульд 2015 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 24 нам оролцох боломжтой хэдий ч өмнөх сонгуулиудын жишгээр 10 гаруй нь л УИХ-ын сонгуульд оролцох байх. 2008 оны УИХ-ын сонгуульд 356, 2012 оны сонгуульд 544 хүн нэр дэвшиж байснаас үзэхэд энэ удаа 550-600 орчим нэр дэвшигчид өрсөлдөх магадлалтай юм. Харин сонгуулийн хувь заяаг шийддэг сонгогчид маань энэ удаа яажшуухан оролцох бол гэдэг нь анхаарал татаж байна. Сүүлийн хоёр сонгуулийн жишээнээс харахад 2012 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын ирц 67.28 хувь байсан бол 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд 63.89 хувь болж буурсан байна. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын 60 орчим хувь нь оролцох байх. Нийслэл Улаанбаатарын тойргуудад бол ирц 56-57 хувьтай л байх болов уу. Ийнхүү жилээс жилд сонгогчдын оролцоо буурч байгаа нь улс төрийн намуудад ихээхэн ашигтай болж байна. Учир нь хэдийчинээ цөөн сонгогч сонгуульд оролцоно, төдийчинээ тухайн нам, нэр дэвшигчид ялахад шаардлагатай саналын тоо багасна.

2016 оны сонгуулийн прогноз

Сонгогчдын ирц ийм байгаа тохиолдолд шинээр батлагдсан сонгуулийн хуулинд тойрогт нэр дэвшигч 28 хувиас доошгүй санал авч байж сонгогддог байсныг алга болгосон нь УИХ-д орж ирэх, тэр дундаа орон нутгийн тойрогт өрсөлдөхөд хялбар болгож байгаа юм. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дүнгээс харахад  28 мянган сонгогчтой хамгийн жижиг тойрог болох Дундговь аймагт Б.Наранхүү 8064 хүн буюу 42.56 хувийн саналаар УИХ-д орж ирж байсан нь улсын хэмжээнд хамгийн цөөн саналаар сонгогдсон гишүүн болоход хүргэсэн.

Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дүнгээс харахад  28 мянган сонгогчтой хамгийн жижиг тойрог болох Дундговь аймагт Б.Наранхүү 8064 хүн буюу 42.56 хувийн саналаар УИХ-д орж ирж байсан нь улсын хэмжээнд хамгийн цөөн саналаар сонгогдсон гишүүн болоход хүргэсэн.

Харин улсын хамгийн том тойрог болох 206 мянган сонгогчтой Баянзүрх, Налайх дүүргийг нэгтгэсэн 22 дугаар тойрогт 44390 сонгогчийн санал авсан Ж.Батзандан хамгийн олон сонгогчийн санал цуглуулж чадсан УИХ-ын гишүүн болсон билээ. 2016 онд сонгогчдын 60 орчим хувь нь сонгуульд оролцоно гэсэн прогнозоор авч үзэхэд 7000 сонгогчийн санал авахад л Дундговь аймагт дурын нэр дэвшигч ялах нь байна. Үнэхээр жижиг улс төр, жижиг тоглолт гэсэн үг.

Харин улсын хамгийн том тойрог болох 206 мянган сонгогчтой Баянзүрх, Налайх дүүргийг нэгтгэсэн 22 дугаар тойрогт 44390 сонгогчийн санал авсан Ж.Батзандан хамгийн олон сонгогчийн санал цуглуулж чадсан УИХ-ын гишүүн болсон билээ.

Хот хөдөөгийн хоёрхон тойргийн энэхүү дүнгээс харахад нийслэл Улаанбаатарын тойргийн тоог нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага байгаа нь харагдаж байна.Хөдөөгийн тойрогт 28 мянга, хотын тойрогт 200 мянган сонгогчийн саналыг авахын тулд үзнэ гэдэг тэнгэр газар шиг зөрүү, нөгөө талаас сонгуулийн тэгш зарчмыг алдагдуулж байгаа хэрэг юм. Уг нь энэхүү тойрогт үүсээд байгаа тэгш бус байдлыг арилгаж нийслэлийн тойргуудыг нэмж, орон нутагт хүн ам цөөтэй 2-3 аймгуудыг нэгтгэх  нь зүйтэй. Гэвч ингэж өөрчлөхөд аймгуудын амбиц, нутгархах үзэл асар том садаа болохын зэрэгцээ хэзээнээс орон нутагт дэмжлэг хүлээж ирсэн МАН-д ашиггүй тусна, мөн аймаг орон нутагтаа бидон сав, гурил будаа тараахаас эхлээд хөшөө суварга бариад нэгэнт танигдчихсан улс төрчид тойргоо алдах аюулд орох тул энэ асуудлыг улс төрийн намууд огт хөндөхгүй байгаа юм.

Харин өнөөдөр НИТХ-ын дарга Баттулга "Улаанбаатар хотод 1.314.500 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байгаа тул тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг нийслэлд хуваарилахыг нийслэл хотын нийт иргэдийн өмнөөс хүсэж байна” гэсэн албан бичгийг УИХ-ын дарга, Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга  нарт хүргүүлсэн нь нүдээ олсон арга хэмжээ болоод байна.

УИХ дээр намууд орон нутгийн үзэл, амбицаа хойш нь тавьж байгаад эл асуудлыг батлах шаардлагатай байна.

Таван хувийн босгыг давахгүй бол яах вэ?

Сонгуулийн хуулийн дараагийн нэг томоохон өөрчлөлт бол 135.1.2-д "энэ хуулийн 135.1.1-д заасан таван хувийн босгыг даваагүй, олонхын сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан нам, эвслийн авсан нийт саналын хувийг "Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр хувь тэнцүүлэн нэмж тооцох” гэсэн заалт юм. Өөрөөр хэлбэл нам улсын хэмжээнд сонгогчдын 5 хувиас доошгүй санал авахаас гадна мажоритар тойрогт дор хаяж нэг суудал авч байж сая УИХ-д орох боломжтой болж байгаа юм.

Энэхүү заалт УИХ-д цөөн суудалтай юмуу суудалгүй намуудын хувь заяанд шууд нөлөөлнө. Тэр дундаа ИЗНН-д шууд хамааралтай. 2012 онд энэ нам 26 тойрогт ганц ч суудал авч чадаагүй ч улсын хэмжээнд 5,51 хувийн санал авснаар 2 суудлыг намын жагсаалтаар авах боломжтой болсон билээ. Харин энэ удаад ИЗНН-ын байдал эвгүй болж байна. Олонд танигдсан ганц хоёрхон улс төрчтэй энэ нам жагсаалтдаа сул хүмүүсээ оруулж, С.Оюун, С.Дэмбэрэл нарын улс төрчдөө тойрогт сойхоос өөр аргагүй болно. Гэвч С.Оюунаас бусад нь тойрогт өрсөлдөөд гарах шаанс багатай. ИЗНН улсын хэмжээнд Улаанбаатар, Хэнтий, Дорнод гэсэн гуравхан газар л 8-10 хувийн дэмжлэг авдаг. Ядаж байхад С.Дэмбэрэл нь "угаасаа хоцордог” хоч авч рейтинг нь хотын сонгогчдын дунд асар их унаад байгаа. Тийм учраас С.Оюун баталгаатай нэг суудал авч ирэх үүрэг хүлээж Улаанбаатарын аль нэг тойрогт нэр дэвших магадлалтай. Тэгээд бусад 25 тойрогт нэр дэвшигчдээ сайн сойвол 2012 оны амжилтаа давтаж 5 хувийн босгоо давж магадгүй юм. Ийм жижиг намуудын хувьд ганц хувийн санал ч гэсэн багадахгүй тус болно.

Сөрөг хүчний намууд мажоритар тойрог дээр заавал 1 суудал авч байж УИХ-д орж ирэх ёстой болсныг ихээхэн шүүмжилж Цэцэд хандана гэж байна. Гэхдээ энэ заалтыг нарийвчлан үзвэл зарим нэг намуудад ашигтай тусах магадлалтай байна. Тухайлбал, ИЗНН одоо байгаа хоёр суудал дээрээ дахиад ганц хоёр суудал нэмээд авчих боломжтой болж байгаа юм. Энэ намын хоёр дарга 2012 оны сонгуульд жагсаалтын дагуу "ногоон гэрлээр” ороод ирсэн бол одоо ямар ч байсан биеэ зовоож байж тойрог дээр ч нэр дэвшинэ, тэр хэрээр намдаа ч хэдэн хувийн санал зулгааж ирэх нь байна.

Яг үүнтэй адил С.Ганбаатар ХҮН намд элссэнээр ирэх сонгуульд энэ нам гарцаагүй нэг суудал авчирч таарна. С.Ганбаатар мэдээж тойрогт үзнэ.  Тэгээд  бусад 25 тойрогт олигтойхон хүмүүс нэр дэвшүүлээд 5 хувийн босго давчихвал уг нам жагсаалтаар бас хэдэн суудал авчих боломжтой юм. Гэхдээ ХҮН шинэ нам болохын хувьд санал авах гол газар бол нийслэл Улаанбаатар болон Дархан-Уул аймаг. 2012 оны сонгуулийн жишгээс үзэхэд  аймгуудад дунджаар 700, Дархан, Эрдэнэтэд 2800, Улаанбаатарын нэг дүүрэгт  5000 орчим сонгогчийн санал авсан байхад л жижиг намууд 5 хувийн босгыг давж УИХ-д ороод ирэх боломжтой байгаа юм. Ерөнхийдөө 60-аад мянган сонгогчийн санал авсан байхад шинэ нам УИХ-д жагсаалтаар 2 суудалтай болно. С.Ганбаатар 2012 онд Дархан-Уул аймагт 22465 сонгогчийн саналыг авсан гээд бодоход ХҮН намын хувьд бусад тойргуудад нэр дэвшигчид болон намдаа авах саналаар нийт 40 мянга орчим санал авахад л хангалттай юм.

2012 оны сонгуулиас харахад МНН, ЭОН, МУНН зэрэг 9 нам эвсэл нийлээд ердөө л 5.55 хувийн  санал авсан байгаа юм. Энэхүү 5.55 хувийн саналыг УИХ-д суудал авсан 4 нам эвсэлд хувь тэнцүүлэн хуваариллаа гэхэд нэг намд 1-1.5 хувийн санал л нэмэгдэж тооцогдох боломжтой.

Сонгуулийн хуулийн дээрх заалтыг муугаар харвал 5 хувийн босго даваагүй жижиг намуудын санал МАН, АН, МАХН гэх мэт босго давах нь ойлгомжтой намуудын саналд нэмж тооцогдох нь байна.  Үүнийг зарим намын улс төрчид "өөрсдөд нь өгөөгүй саналыг хуулийн аргаар боловсон луйвардах нь” гэх мэтээр шүүмжилж байгаа юм. Гэхдээ бодит амьдрал дээр энэхүү санал нь маш бага жин дарж байна. 2012 оны сонгуулиас харахад МНН, ЭОН, МУНН зэрэг 9 нам эвсэл нийлээд ердөө л 5.55 хувийн  санал авсан байгаа юм. Энэхүү 5.55 хувийн саналыг УИХ-д суудал авсан 4 нам эвсэлд хувь тэнцүүлэн хуваариллаа гэхэд нэг намд 1-1.5 хувийн санал л нэмэгдэж тооцогдох боломжтой.

Баярлахад эртдэх 30 хувийн квот

Сонгуулийн хуулинд орсон дараагийн нэг өөрчлөлт нь 127.2-д "Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна” гэсэн заалт билээ. Өмнөх хуулинд "Нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна” гэж байсантай харьцуулахад 30 хувь гэдэг нь дэвшил юм харагдаж байгаа. 2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байж, үүнээс 11 нь эмэгтэй буюу 14.5 хувь нь сонгогдсон билээ. Харин одоо намууд нэр дэвшигчдийнхээ дор хаяж 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр намуудын жагсаалтын 28-ийн 9-10 нь, тойргийн 48-ийн 15-16 нь эмэгтэй нэр дэвшигч байх ёстой.

Тэгэхээр намуудын жагсаалтын 28-ийн 9-10 нь, тойргийн 48-ийн 15-16 нь эмэгтэй нэр дэвшигч байх ёстой.

Ийнхүү эмэгтэй нэр дэвшигчид 30-аас доошгүй хувьд нэр дэвших боломжтой болж байгаа ч бодит амьдрал дээр эмэгтэй улс төрчдийн хувьд нэг их баярлаад байх зүйл биш. Учир нь намын жагсаалт дахь эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчдийг хэрхэн эрэмбэлэх талаар хуульд тусгаагүй бол квот бэлгэдлийн зүйл болдог гэж судлаачид үздэг юм. Уг нь сонгуулийн хуулийн төсөлд "Нам, эвслээс хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцооны дагуу нэрийн жагсаалтыг эрэмбэлэхдээ гурван нэг тутмын нэг нь аль нэг хүйсийн төлөөлөл байна” гэсэн заалт байсан боловч чуулган дээр эцэслэн хэлэлцэхдээ тэр заалтыг хасчихсан юм. Ийнхүү жагсаалтандаа эмэгтэйчүүдээ тэнцвэртэйгээр эрэмбэлэхгүй бол нэмэргүй. 2012 онд МАН-ын жагсаалтад 10 эмэгтэй багтсанаас 10-т эхний эмэгтэй нэр дэвшигч Д.Сарангэрэл, АН-аас 9 эмэгтэй жагсаалтад багтсанаас 7-д Бурмаа, 9-д М.Батчимэг, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн жагсаалтад 7 эмэгтэй багтсанаас 7-д эхний эмэгтэй болох З.Баянсэлэнгэ багтсаны ачаар УИХ-д орж ирсэн юм.

2012 онд МАН-ын жагсаалтад 10 эмэгтэй багтсанаас 10-т эхний эмэгтэй нэр дэвшигч Д.Сарангэрэл, АН-аас 9 эмэгтэй жагсаалтад багтсанаас 7-д Бурмаа, 9-д М.Батчимэг, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн жагсаалтад 7 эмэгтэй багтсанаас 7-д эхний эмэгтэй болох З.Баянсэлэнгэ багтсаны ачаар УИХ-д орж ирсэн юм.

Өнгөрсөн сонгуульд АН 35.32 хувь, МАН 31.31 хувь, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл 22.31 хувийн санал авснаас харахад жагсаалтын эхний 10-т бичигдсэн хүн л УИХ-д орох боломжтой байна. 2016 оны сонгуульд ч мөн адил улс төрийн намууд эхний арав дотроо эрэгтэй нэр дэвшигчдээ давамгай зоож өгвөл парламент дахь жендерийн тэнцвэрт байдалд төдийлөн хүчтэй нөлөөлж чадахгүй л болов уу.

Ухралт хийсэн хязгаарлалтууд буюу сонгуулийн сурталчилгаа

Сонгуулийн хуулин дахь нэлээн ноцтой заалт бол сурталчилгаанд тавьсан цаг хугацааны, сурталчилгааны сувгийн гэх мэт хязгаарлалтууд юм. 2012 оны сонгуулиас өмнө сурталчилгааны хугацаа 45 хоног байсан 2012 оноос 3 долоо хоног, энэ удаа 18 хоног болж багассаар ирлээ. Сурталчилгааны хугацаа ийнхүү богиноссон нэг талаас шинээр нэр дэвших хүмүүс болон улс төрийн намуудад гарааны тэгш бус байдлыг бий болгож байна. Нөгөө талаас сонгогчид энэ богино хугацаанд нэр дэвшигчид болон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөртэй танилцах, сонголт хийхэд ихээхэн төвөгтэй болох юм. Түүнчлэн сурталчилгааны хугацаа богино тул хуулийн хугацаа эхлэхээс өмнө далд буюу хууль бус сурталчилгаа хийж сонгогчдод өөрийгөө танилцуулах гэсэн оролдлогууд нэмэгдэх болно.

2012 оны сонгуулиас өмнө сурталчилгааны хугацаа 45 хоног байсан 2012 оноос 3 долоо хоног, энэ удаа 18 хоног болж багассаар ирлээ.

Хуулийн 71 дүгээр зүйл бүхэлдээ сонгуулийн сурталчилгааг айхавтар хязгаарлаж, хариуцлага тооцно гэсэн 60 гаруй үйлдэл, үйл ажиллагаа байгаагаас нэлээд нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн улс төрийн эрхэд халдсан заалтууд байгаа юм. Тухайлбал, 71.3-д "Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэсэн нь Монгол соёл иргэншлийн онцлог, сонгуулийн уламжлалд огт нийцэхгүй заалт болсон. Үүнийг бичигч би бээр 2012-2014 онд "Сонгогчдын зан үйлд нөлөөлөх хэвлэл мэдээллийн болон хүмүүс хоорондын харилцааны нөлөөлөл” сэдвээр докторын дараах судалгааны ажлыг УИХ-ын 2012 оны сонгууль болон АНУ-ын ерөнхийлөгчийн 2012 оны сонгуулийн жишээн дээр хийж 2013 онд АНУ-д зочин судлаачаар ажилласан билээ. Дээрх судалгаанаас аливаа улсын сонгогчдын санал өгөлтөнд хүмүүс хоорондын харилцаа буюу найз нөхөд, ажлын хамт олон, хөршүүдтэй хийх улс төрийн талаарх яриа хөөрөө, бусдын нөлөөлөл ихээхэн өндөр байдаг нь харагдсан. Ялангуяа Монголын хөдөөгийн тойргууд дээр аман мессеж, цуу яриа, айл хөршийнд орж сонгуулийн талаар ярьж хэлэлцэх зэрэг нь албан ёсны хэвлэл мэдээллийн суваг, улс төрийн намуудын сурталчилгаанаас ч хүчтэй нөлөөлдөг нь илэрсэн юм. Өөрөөр хэлбэл сонгуулийн үеэр хүмүүс хоорондоо улс төрийн нам, нэр дэвшигчдийн талаар байнга яриа хөөрөө өрнүүлдэг билээ. Гэтэл 71.3 дахь заалт нь сонгуулийн талаар бусадтай үг солихгүй, хажуу айлдаа ч юмуу ажлын газраа нам, нэр дэвшигчдийн талаар ярих эрхгүй болоход хүргэж магадгүй. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж буй явдал юм.

Мөн хуулийн 71.1.6-д зааснаар... бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах” үйлдэл гаргасан хэвлэл, мэдээллийн байгууллагыг шүүхийн шийдвэргүйгээр 6 хүртэл хугацаагаар хаах болж байгаа өнгөрсөн 25 жилийн хугацаанд гарч байгаагүй дарангуй шийдвэр, Монголын ардчилал дахь ухралт гэж үзэхээс өөр арга алга. Энэхүү хязгаарлалт нь сөрөг үр дагавар ихтэй. Цаашдаа иймэрхүү шалтгаанаар хэвлэл мэдээллийг хаан боогдуулдаг жишиг тогтох вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Мөн нөгөө талаар шилжилтийн жилүүдэд Монгол улсын хүрсэн ололтуудыг зогсоох вий гэсэн айдас төрж байна. Юу гэвэл хэвлэлийн эрх чөлөө болон улс төрийн эрх чөлөөний индексээр Монгол улс нэг гараанаас гарсан посткоммунист орнууд дотроо дундаас дээгүүрт явж байгаа билээ. Харин ийнхүү сонгуулийн хуулиар тогтоосон хатуу хязгаарлалтууд цаашид жишиг болон үлдвэл  Монголын ардчилалд шилжих үйл явц ухарч Белорусь, Казакстантай зэрэгцэж болзошгүй юм.

Харин ийнхүү сонгуулийн хуулиар тогтоосон хатуу хязгаарлалтууд цаашид жишиг болон үлдвэл  Монголын ардчилалд шилжих үйл явц ухарч Белорусь, Казакстантай зэрэгцэж болзошгүй юм.

Ерөнхийд нь үзэхэд ардчиллын механизм бүрэн төлөвшөөгүй, улс төрийн намууд хөлөө олоогүй байгаа, сонгогчдын оролцоо байнга буурч, хүмүүс улс төрөөс хүнийсч байгаа өнөөгийн нөхцөлд сонгуулийн сурталчилгааг ийнхүү бүх талаар хязгаарлах нь эерэг үр нөлөө гэхээсээ сөрөг үр дагавартай байж болох юм. Өрнөдийн ардчилсан орнуудад сонгуулийн сурталчилгааг төдийлөн хатуу чанд зохицуулдаггүй. Тухайлбал, ХБНГУ-д телевизийн сурталчилгаанаас бусад сонгуулийн кампанийн сурталчилгаа маш чөлөөтэй байдаг. АНУ-д болохоор нам,нэр дэвшигчдийг төрөөс санхүүжүүлдэггүй хувийн санхүүжилт, хандив босгож байж сонгуулийн кампаниа явуулдаг тул Сонгуулийн тухай хууль нь санхүүгийн хяналтад голлон төвлөрч сурталчилгаанд бол ямар нэг хязгаарлалт тавьдаггүй. Гагцхүү Япон, БНСУ зэрэг Азийн зарим орнууд сурталчилгааны болон санхүүжилтийн өндөр хяналтан дор сонгуулиа явуулдаг билээ.

http://eagle.mn/r/1441

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!