Оффшорт “цустай мөнгө” ч эргэлдэж байдаг
Оффшор бүс дэх данснууд илэрч, дээгүүрээ галтай пингийн хулгана шиг бужигналдаж эхэллээ. Ер нь олон улс, тэр аяараа хөдөлгөөнд орлоо доо. Оффшор бүс, оффшор компани, оффшор данс гэдгийг саяхан хүртэл монголчууд мэддэггүй байж. Анх мэдүүлсэн хүн нь, одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, төрийн сайд байгаа С.Баярцогт. Тэрээр хэдэн жилийн өмнө УИХ–ын дэд дарга байхдаа булхай нь илэрч оффшор бүсэд данстай, Швейцарийн банканд нэг сая ам.доллар "Хятадын Монгол” хаягаар байршуулсан, түүнийгээ мартчихсаныг нь олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлээд дэлхий нийтэд зарлачихлаа гэж шуугисан. Ингэж л монголчууд оффшорын тухай хальт мөлт ойлголттой болсон. Үүнийг Ардчилсан намын удирдлагууд Ерөнхийлөгчөөсөө эхлээд зүгээр л нэг гадаад гүйлгээ мэт сурталчлаад дарж авсан. С.Баярцогт ч сайн дураараа УИХ-ын дэд даргын албанаас огцорсон мэт жүжиглээд, дараа нь дэвшиж төрийн сайдын сэнтийд заларч байгаа нь энэ. Одоо бол монголчууд оффшор бүс, оффшор компани, оффшор данс гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоод байгаа. Яагаад гэвэл эрх баригчид гадаад орнуудаас Чингисийнхээ нэрийг барьж, улсаа барьцаалж байгаад асар их өр тавьдаг хэрнээ тэр нь ард түмэнд үзэгдэхгүй, усанд хаясан чулуу шиг алга болдогийн далд утга учир энэ байж. Шулуухан хэлэхэд төр барьж байгаа энэ хэдэн хүн "Чингис””Самуурай” гэх мэтийн нэрээр оруулж ирсэн олон тэрбум ам.доллараа дээгүүрээ хувааж аваад "Хятадын Монгол” гэх мэт нэр томъёогоор ч юм уу, эхнэр хүүхдийнхээ нэр дээр гадаадын банк, оффшор бүсүүдэд чихчихдэг нь ил боллоо. Сүүлийн дөрвөн жилд бидэнтэй хувааж идсэн болох гэж, хоёр кг махны үнээр хуурсныг та нар сайн санаж байгаа байх. Одоо сонгуулийн өмнө янз бүрийн худал зүйл амлаж буянтны дүрээр бидний тархийг угааж байгаа. Ардчилсан нам, өнөөгийн төрийн удирдлагууд, өр тавьж авсан валютаараа ”их бүтээн байгуулалт” хийчихсэн юм шиг биднийг мунхруулдаг. Бараг л яснаас нь гаргаад тархийг минь угаах юм даа. ...Сая УИХ–ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээр зургаан орон сууцтай хүн яригдана билээ. Бодвол хамгийн дарсан тоо байх л даа. Өр тавьж авсан валютаар цөөн хэдэн хүн ингэтлээ баяжсан. Ард түмэн үгүйрч хоосорсон. Сүүлийн үед, баячууд цагаан сарынхаа идээний боовыг хог дээр авчирч асгасан хэд хэдэн тохиолдол гарлаа. Тэхэд жирийн ард түмэн маань хоногийн хоолны төлөө, яаж шар махтайгаа хатаж байна гээ! Зам барих нэрийдлээр олон тэр бум төгрөг авчихаад яаж гурилдаж байна гээ. Би хоёр жилийн өмнө Хэнтий рүү ажлаар явсан. Нэг хэсэгхэн газарт шинэ тавьсан замаа хуулаад хаячихсан байх юм. Зүгээр л, дээврийн хар цаас шиг юм хуулаад хаячихсан байна билээ. Хүмүүс түүнийг "Гарамгайбаатарын зам” гэх юм билээ. Хэнтийгээс УИХ–д сонгогдсоор байгаа Д.Гарамгайбаатарын хийж байгаа ажил л даа. Ийм их мөнгө идсэн, зам нэртэй там Монголоор нэг болсон. Манай түрүүчийн дарга нар төсвийн тачирхан мөнгөөрөө энэ байтугай зам барилгын ажил хийдэг байсныг олон түмэн мэднэ дээ.
Манай нийслэлийнхэн нэг шог яриа гаргасан байна билээ. "Э.Бат-Үүл Улаанбаатарынхаа нүүрийг дөрвөн жил угаалаа. Явахаасаа өмнө нэг удаа усанд оруулчихгүй юм уу?!” гэж. Их ажил хийсэн хүн болох гэж хотын төв хэсгийг л цэцэгжүүлээд, тордоод байдаг. Захын хорооллууд нь лааны гэрэлтэй, бохир харанхуй гудамжинд нохойд уруулаад явж байгааг хэлж байгаа юм л даа.
Монголын өр хорин хэдэн тэрбум ам.доллар буюу тавь шахам их наяд төгрөг болоод байгаа. Монголчууд дөрөв таван үеэрээ ч төлж чадахгүй юм гэсэн. Өлгийтэй хүүхдээсээ өвгөн буурлаа хүртэл, хамгийн багаар бодоход 15 сая (15.000.000) төгрөгийн өртэй болчихоод байгаа. Тэхэд оффшор бүсэд данстай 49 баян тодорлоо. Валютын тэрбумтан 36, төгрөгийн тэрбумтан хэдэн зуугаар тоологдох болсон гэнэ. Эрхэм дээдэс маань хөрөнгө орлогынхоо өчүүхэн хувийг АТГ-т мэдүүлчихээд ихэнхийг гадаадын банкуудад нуучихдаг юм байна. Татвараас зайлсхийж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаалгаж байгаа нь энэ.
Оффшор бүс, оффшор данс гэдэгт чинь голдуухан төр улсаасаа зугтаалгаж нуусан, террористуудыг санхүүжүүлэхэд тусласан, хар тамхи, хүний наймааны орлого гэхчлэн олон улсын хэмжээнд угаасан "цустай мөнгө” байдаг юм байна. Жирийн шудрага иргэд бол хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгийг тийшээ аваачиж нуухгүй нь мэдээж. Ажил үүргээ гүйцэтгэж яваа шудрага бизнесменүүд ч тэнд аваачиж хөрөнгөө нуудаггүй. Иймээс олон улсын байгууллагууд, шударга эрх баригчидтай улс орнууд сүүлийн үед оффшор бүсэд анхаарлаа хандуулах болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр жилийн өмнө чухал зарлиг гаргаж билээ. Гадаадын банк санхүүгийн байгууллагуудад мөнгө байршуулсан төрийн өндөр албныханд хэдэн сарын хугацаа заагаад мөнгөө эх орондоо оруулж ирэхийг үүрэг болгосон. Эс тэгвэл хөрөнгийг улсын орлого болгоно гэсэн байгаа. Энэ дагуу асар их мөнгө орж ирсэн гэдэг юм. Яг энэ үед манайхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорждоо амаар болон бичгээр олонтоо хандсан. Төр засгийн өндөр дээд албаныхны гадаадад байршуулсан хөрөнгийг оруулж ирье гэж. Магадгүй, манай жилийн төсвөөс ч их мөнгө орж ирж болох л байсан. Ерөнхийлөгч маань таг чиг болсон.
...С.Баярцогтын асуудлыг Монголдоо шалгах уу, "Хятадын Монгол” гэдгээр нь Хятадын хууль хяналтын байгууллагуудад шилжүүлж шалгах уу гээд л эхэллээ. С.Баярцогт гадаадын банкинд мөнгө байршуулахад цаадуул нь ойлголгүй "Хятадын Монгол” гээд биччихсэн юм шиг мэлзэж байгаа. Мэдрэл муутай хүмүүстэй харилцаж байгаа биш шүү дээ. Гадаадын банк, оффшор дансуудад хөрөнгө байршуулна гэдэг чинь маш нарийн. Паспорт бичиг баримт бүгдийг нарийн шалгаж баталгаажуулдаг юм гэсэн. Тэгэхээр С.Баярцогтод "Хятадын Монгол” (Өвөрмонгол ч юм уу) гэсэн БНХАУ-ын паспорт бичиг баримт байж таарахнээ дээ. Миний бодоход энэ дагуу БНХАУ-ын хууль хяналтын байгуулллага шалгаж тогтоох байлгүй.
Оффшор дансны хэрэг босоод ирсэн чинь тэр жагсаалтад орсон хүмүүс хар толгойгоо хамгаалахын тулд зүсэн зүйлийн мэдээлэл хийх боллоо. Хамгийн инээдэмтэй нь Э.Бат-Үүлийнх. Хүүгээ оффшор бүсэд компанитай гэдгийг одоо хүртэл мэдэлгүй явж гэнэ. Ингэж ичихгүй худал хэлж, ард түмнээ доромжилж болдог юм уу?! Э.Бат-Үүлийг богионохон хугацаанд баяжсаныг манай ард түмэн мэднэ. Бат-Үүлийн Чулуудай гэх нэр сүүлийн жилүүдэд сонсогдон, аавынхаа буянаар гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр мөн ч их бужигнуулсан даа. Оффшор бүсэд чинь хоосон данс нээчихээд тэнгэрээс доллар унахыг хүлээгээд суудаг юм уу?! Хүмүүс бол Э.Бат-Үүлийн их хөрөнгө хүүгийнх нь нэр дээр оффшор данс руу урссан. Хамгийн нарийвчлан шалгах ёстой асуудал энэ л гэцгээж байна.
Манай эрхэм дээдэст нэг муухай зүйл байх юм. Өөрөөсөө зайлуулан хүүхэд дүү нар, хүргэн бэрүүдээ гэмт хэрэгт барьж өгдөг! Н.Алтанхуяг л гэхэд охин хүргэн хоёроороо яаж тоглов доо. Хүн чинь, үр хүүхдээ гэмт хэргээс сэрэмжилж, аль болох хол хөндий байлгахыг боддог биз дээ. Одоо бол эрээ цээрээ алдсан, нууж л байвал эхнэр хүүхэд хамаагүй болсон.
Хүмүүсийн ил далд шуугиж байгаатай холбогдуулан хэдэн санал байна. Үүнд
-Наад 49 нэрний чинь ард Монголын толгой баян улстөрчид байгаа гэх юм. Зарим нь ах дүүгийнхээ нэр дээр, нэг хэсэг нь гэр бүл хүүхдүүдийнхээ нэр дээр оффшор компани байгуулчихсан, оффшор данс нээчихсэн сууж байгаа. Олонх нь харь орны паспорт бичиг баримтаар нээсэн ч байж болох юм. Иймээс хууль хяналтын байгууллагынхан шудрагаар шалгаж тогтоогоосой гэцгээж байна. Одоогийн зарим эрх баригчид гол холбогдолтой учраас, ямар нэг байдлаар саад бэрхшээл тулгарна. Гэлээ ч энэ бурангуй төр засаг удаан тогтохгүй гэдгийг дараа дараагийн үе минь анхааралдаа аваарай гэж байна.
-Оффшор бүсэд компанитай, данстай гэдэг нь олон улсын хэмжээнд зарлагдаад байгаа эрхмүүд, тэдний нууц ноёдыг өнөө жилийн сонгуульд битгий нэрий нь дэвшүүлээрэй, битгий сонгоорой гэж хатуу анхааруулж байх юм.
-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид улс үндэстэн, анги нам харгалзалгүй шудрагаар илрүүлчихээд байхад элдвийн худал тайлбар тавин, яарч сандран цорволзож байгаа, өөрөөр хэлбэл "гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчийн хуулиар бачуурч байгаа хүмүүсийн хэрэг явдлыг эхний ээлжинд ул суурьтай шалгаач хэмээн шаардаж байна.
-УИХ гэдэг ариун дагшин газрыг гэмт үйлстний окоп болгон ашиглаж "халдашгүй дархан эрх” эдлэхийн төлөө амь хайргүй зүтгэж байсан, одоо ч инээдэг баг өмсчихөөд зүтгээд байгаа хүмүүсийг таньж мэдэн ирэх сонгуульд сонгохгүй байхыг шудрага иргэд анхааруулсаар байна. Ер нь, улсын Ерөнхийлөгчөөс бусад хүн "халдашгүй дархан эрх” эдлэхийг хуулиар хориглож өгөөч гэж байна.
2012 оны сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газар нь хууль ёсны бус байсан гэдгийг Үндсэн хуулийн Цэц батлаад өгчихлөө. Дөрвөн жилийн өмнө хэсэг бүлэг хүн, үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авсан, Монголд төрийн эргэлт болсныг даян дэлхийн өмнө хуульчлан баталлаа. Энэ хууль ёсны бус УИХ-ыг ганц хоногийн өмнө ч болсон тарааж, Засгийн газрыг огцруулъя гэж олон түмэн шаардаж байсан. Одоо хар! 2016 онд энэ бүлэглэл дахин өөрсдөө гарч ирэх бүх "нүхээ ухчихлаа”. Хар машинаар, өөрсдийнхөө саналыг хэд ч дахин өсгөөд тоолчихож чадна. Тийм программ суулгах бэлтгэлээ аль хэдийн хангачихсан гэх. Сонгуулийн хуулиа зориуд өөрчлөн, өөрсдөд нь санал бага өгдөг хөдөөгийнхнөө хавчин гадуурхаад, хотын нэг дүүрэгт л гэхэд зургаан мандат оноолоо. Дан өөрсдийг нь дэмждэг хэсгээр тойрог байгуулж, тэнд АН-ынхан өрсөлдөх юм гэнэ. Ийм булхай хийх л гэж гарамгайбаатартанууд зүтгээд байлаа шүүдээ. Ийм луйврын сонгууль болох уу, үгүй юу гэдгийг ард түмэн шийднэ. Ард түмний бухимдал туйлдаа хүрээд байгаа. Сонгуулиас үүдэн ямар нэг будлиан самуун үүсвэл хариуцлагыг З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, А.Бакей, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл... нарын хүмүүс үүрнэ гэдгийг ойлгож байхад илүүдэхгүй бол уу.
Дээрээс тэнгэр, дэргэдээс бурхан харж байгаа. Та нараар Монголын хувь заяаг дахин тоглуулахгүй л болов уу?!
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Г.ЖАМЬЯН
(Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн)