Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна

🕔 2016/11/02 15:59

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Т.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг илтгэлдээ уг хуулийн төсөл нь МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан "Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”, "Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ”,"Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно”, "Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна” гэж тус тус заасантай бүрэн нийцэж байгааг онцлон дурдаж байлаа.

Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна


Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан аж.

Статистикийн тоо баримтаас үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа аж. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байгаа юм байна.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд уг хуулийн төсөл батлагдвал улсын төсөвт хэр хүндрэл учрах, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр тооцохдоо яг хэдэн наснаас тооцож хамааруулахыг, хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөхөд хуулийн ямар зохицуулалт байгааг илүүтэй сонирхож байлаа.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг улсын төсөвт нэг их хүндрэл өгөхгүй гэж тооцож байгаа. Хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилд нийтдээ 37,962.0 сая төгрөг шаардагдана.

Үүний 31,107.6 саяыг Нийгмийн даатгалын сангаас, 1,296.0 саяыг ажил олгогчоос, 5,558.4 саяыг төсвөөс гаргахаар тооцсон. Ажил хөдөлмөр эрхлээгүй хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн даатгал төлөөгүй эхчүүдийн хувьд сайн дураар даатгалд хамрагдвал 50 хувийг нь төр дааж, 50 хувийг нь өөрөө төлж байхаар тусгасан.

Харин нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан байгаа. Уг хуулийн төсөл батлагдвал малчдын тэтгэврийн нас таван жилээр наашилж эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болох юм хэмээн хариулж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд "Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно” гэж заасан байгаа. Энэ хуулийн төсөл  батлагдвал давхар давхар хөнгөлөлт болох биш үү гэдгийг тодруулж байлаа. Ажлын хэсгийнхэн Засгийн газрын зүгээс уг хуулийн төслийг дэмжсэн байгаа. 2017.01.01-нээс хэрэгжих Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд 12.6 тэрбум төгрөг шаардлагатай ч Ниймгийн даатгалын санд энэ хөрөнгө тусгагдаагүй байгаа. Тиймээс энэхүү хэлэлцэж байгаа хуулийн төсөл дэмжигдэн батлагдвал давхардал гарахгүй гэж хариулав.

Асуулт, хариултын дараа гишүүд хуулийн төслийг дэмжиж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл уг хуулийн төсөл нь олон хүүхэд төрүүлж асарсныхаа төлөө ажилласан жил бага, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй хоцорсон олон мянган эхчүүдийг төрөөс дэмжсэн  чухал алхам боллоо гэж байсан бол УИХ-ын гишүүн М.Билэгт малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулснаар энэ салбарт бодитой дэмжлэг болох төдийгүй, залуусыг малчин болгох хөшүүрэг нэмэгдэх болно хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Ингээд Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь дэмжсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөл 491.6 мянган хүн хамрагдана

Хуралдааны төгсгөлд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа аж. Энэ нь нийт ажиллагсдын 47.5 хувийг эзэлдэг гэсэн үг.

Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсч, төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавар гарах талаар уг хуулийн төслийн танилцуулгад дурдагдав.

Тиймээс Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаагаа сайжруулах сонирхол нь нэмэгдэх, нийгмийн даатгалын санд нэлээд хэмжээгээр орлого төвлөрөх эерэг нөлөө үзүүлэх аж. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага хувьчлагдан хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, нийгмийн хамгаалалгүй үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд эдийн засгийн өршөөл үзүүлж, нөхөн төлбөр олгож байгаатай адил ач холбогдолтой арга хэмжээ болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл уг хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдах бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцсон байна.

Уг хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!