Хүн амын эрүүлийг хамгаалах нь БАНКНЫ үүрэг болж хувирлаа

🕔 2016/08/24 10:57

Хүн амын эрүүлийг хамгаалах нь БАНКНЫ үүрэг болж хувирлаа

 

Хүн үхэхгүйн тулд, өвдөхгүйн тулд, аюулт өвчнөөс салахын тулд эм уудаг. Харин уух эмээ авах мөнгө халаасанд нь байхгүй бол яах вэ? Хариулт нь энгийн. Өвдөнө, үхнэ.

Үндсэндээ ийм байдалд орохоос ангид байлгахын тулд л аливаа орны төр засаг нь эрүүл мэндийн даатгалд иргэдээ хамруулдаг. Иргэн хүн хэзээ нэгэн цагт өвдсөн тохиолдолд даатгалд төлсөн мөнгөөрөө эмээ авч ууна, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэнэ.

Манай оронд ч мөн адил. Харамсалтай нь насаараа даатгалд төлсөн мөнгөнийхөө үр шимийг эргээд хүртэж чадахгүй тэнгэрт халих тохиолдол өч төчнөөн.

Монголчууд юуны төлөө эрүүл мэндийн даатгал нэртэй татвар цалингаасаа суутгуулаад явдгаа ч бараг ойлгохгүй хэмжээнд хүртэл нь засаг төр маань иргэдээсээ "татвар” авч байна. Бид юуны төлөө эрүүл мэндийн даатгал нэртэй татвар төлдөг гэж...

Үүнийг батлах хамгийн энгийн жишээ миний гарт байна. Саяхан нэгэн банкнаас элэгний вирустэй иргэдэд эмчилгээний зээл гаргаж эхэлсэн тухайгаа зарласан бөгөөд зээлийн хэмжээ нь 2.5-4 сая төгрөг хүртэл, 36 сарын хугацаатай, хүү нь 1.2 хувь байх аж. 

Энэхүү зээлийг 18-аас дээш настай эрх зүйн бүрэн чадамжтай, зургаа болон түүнээс дээш сарын хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн эсвэл 12 сараас дээш хугацаагаар бизнесийн үйл ажиллагаа явуулсан иргэн авч болох юм байна.

"Харвони” эмийг өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын эмийн бүртгэл орсон цагаас нь хойш 1600 гаруй иргэн /нийт 150 мянган иргэн вирустэй, элэгний өвчлөл нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байгаа/ ууж хэрэглэсэн байна. Иргэдэд эхнээсээ сайн дүн мэдрэгдэж эхэлсэн гэнэ.

Банк, санхүүгийн үйлчилгээнд "эмчилгээний зээл” гэдэг шинэ бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа энэ үед Эрүүл мэндийн шинэхэн сайд маань юу хийж суугаа бол?!  

Тэд нэг хайрцаг "Харвони” эм авахын тулд гурван сая орчим төгрөг зарцуулж байгаа, гэвч гурван хайрцаг эм ууж байж курс эмчилгээ болж вирус устгана. Иргэдийн зүгээс 2016 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 30 тэрбум төгрөгийг суулгаж, "Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалаас үнийг нь 80 хувийн хөнгөлөлттэй олгохыг эрхтэн дархтнуудаас хүсэж байв. Харамсалтай нь өнөөг хүртэл шийдэгдсэн зүйлгүй.

Банк, санхүүгийн байгууллагын хувьд элэгний вирустэй олон мянган иргэнд зээл гаргах болсныг буруутгах аргагүй ч "банкны шалгуур, "нөхцөл”-ийг хангаагүй иргэд нь яах болж байна. Ер нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах. иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг эцэстээ төрийн үүрэг биш банкны үүрэг болж хувирав уу?

Банкны шалгуураас ч дээгүүр орлоготой жирийн иргэд олон улсын түвшний эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, гэнэтийн аливаа асуудал гарахад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болдгийн гол шалтгаан нь манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо юм.

Cap бүр цалингаасаа өгдөг мөнгөөр дүүргийнхээ эрүүл мэндийн төвөөс ч үйлчилгээ авч чаддаггүй маань төр энэхүү даатгалын тогтолцоог дампууруулж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Өмнөх жилүүдэд энэ салбарын сайд, дэд сайд нар элэгний вирусийн "Софосбуфир”, "Харвони" эмүүдээр мөн ч их шоудсан даа. 

Сонгуульд нэр дэвшсэн эрүүл мэндийн салбарынхны гол ярианы сэдэв нь элэгний эм л байсан. Харин бусад улс орнууд аль болох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо боловсронгуй болгохыг нэн түрүүнд чармайж байна. Дэлхийн улс орнуудад аз жаргалын индекс гэгчийг гаргахдаа эрүүл мэндийн салбар бөгөөд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг иргэд нь хэрхэн авч байгаагаар голчлон дүгнэдэг байх юм.

Жишээ дурдахад, Тайванд л гэхэд тус улсын Эрүүл мэндийн яамны харьяа, Үндэсний ЭМД-ын агентлаг нь иргэдийнхээ талархлыг хүртээд зогсохгүй сүүлийн үед нэлээд моодонд орж өндөр хөгжилтэй орнууд хүртэл шохоорхох болсон байна.

Даатгал нь ажилтай хүн бүрийн хувьд албан журмын харин чадалгүй нэгийнх нь хураамжийг төр даачхаж байгаа учраас үндсэндээ хүн бүр даатгалтай, тиймээс хэн нэг ядарсан хүн өвчин зовлон тусаад эмчлүүлж чадахгүй гэх асуудал байхгүй болсонд энэ тогтолцооны гол давуу тал оршиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл хүн бүр шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээгээ авах санхүүгийн баталгаатай гэсэн үг. Мөн тус улсын эрүүл мэндийн салбар өндөр түвшинд хөгжсөн учраас чанартай үйлчилгээг санхүүгийн тааламжтай нөхцөлөөр (affordability) авах боломж гэдэг үзүүлэлтээр дэлхийд хол тасархай тэргүүлж байна.

Үүнийг дагаад эмнэлэг хэсэж үнэгүй үйлчилгээ аль болох их авах сонирхолтой хүмүүс ихэссэнээр тус улсын иргэдийн эмнэлгээр үйлчлүүлэх дундаж давтамж дэлхийд хамгийн өндөр буюу жилд 15 болжээ.

Харин манай улсад?

Эрүүл мэндийн даатгалын санд 2015 онд төвлөрсөн орлого 286.1 тэрбум төгрөг байсан бол үүнээс зарлагыг нь 219.9 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Даатгуулагчдын тоо ч жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Санд төвлөрсөн мөнгөний үлдэгдлийг Засгийн газрын бонд, Төв банкны үнэт цаасыг худалдан авдаг аж.

Нэг ёсондоо нийгмийн бусад салбарууд руу явчихна гэсэн үг. Харамсалтай нь ийм их мөнгөн хөрөнгийг төвлөрүүлснийхээ хариуд ард иргэд нь хүссэн эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадахгүй, эцэст нь банкны зээл рүү шилжиж байгаа нь эмгэнэлтэй, өрөвдөлтэй хэрэг биш гэж үү?

Элэгний вирусийн эмэнд дахин анхаарлаа хандуулъя. Сонгуулийн өмнө гуравдугаар сард "Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох асуудлыг хэлэлцэж байгаа сураг гарсан. Энэ асуудлаар яамдын хамтарсан ажлын хэсэг гарч асуудлыг ярилцаж байв.

Тэр үед ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл хэлэхдээ "Эрүүл мэнд, спортын яамнаас гуравдугаар сарын 22-нд "Харвони” эмийг жагсаалтад оруулж, баталсан. Энэ жагсаалтыг манай яаманд ирүүлсэн тохиолдолд асуудал хурдан шийдэгдэж, харвони эмийг хөнгөлөлттэй үнээр олгоход асуудалгүй. Гэхдээ Сангийн яамны зүгээс санхүүжилтийг шийдвэрлэх асуудал бий” гэж байжээ.

Дээр дурдсанчлан иргэдийн зүгээс ч 2016 оны төсөвт тодотгол хийхдээ 30 тэрбум төгрөг суулгахыг хүсэж байв.

Сангийн сайд УИХ-ын даргад Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн мэдүүлсэн. 

Харамсалтай нь тэрхүү төсөл дотор ч дээрх асуудлыг шийдэх боломжийг тусгаагүй байна.

Банк, санхүүгийн үйлчилгээнд "эмчилгээний зээл” гэдэг шинэ бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа энэ үед Эрүүл мэндийн шинэхэн сайд маань юу хийж суугаа бол?! Зүгээр сууж байгаад үхэлтэй биш хэмээн иргэд маань зээл аваад ч болтугай хэрэгтэй эмээ авч уух байх. Тэгвэл бид юуны төлөө эрүүл мэндийн даатгал нэртэй татвар төлдөг вэ?!

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!