ЗАР »
ДУНДГОВЬ: Аялал жуулчлалын “Dundgovi” аппликейшн гаргажээ
Дундговь аймаг байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгал бүхий газруудад түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилт дэвшүүлж, энэхүү зорилтын хүрээнд гар утасны аппликейшн гарган, мэдээллийг байршуулаад байна. Ухаалаг гар утас ашигладаг хүн бүр утсандаа “Dundgovi”аппликейшнийг татан авч, бүртгүүлснээр тус аймгийн аялал жуулчлалын мэдээлэл, эвент, үзэсгэлэнт газрууд, зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, аяллын маршрут, гэр буудал, амралт сувилал, музей үзмэр, зам дагуух үйлчилгээ гээд аялахтай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой болжээ.
2022 оны 3 дугаар сард тус аймаг анх удаа “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын форум зохион байгуулж, тус форумаас гарсан олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сантай болох ажил байсан. “Dundgovi” аялал жуулчлал, бизнес эрхлэгчдийн гар утасны энэхүү платформыг Дундговь аймгийн ЗДТГ, Айхотел ХХК-тай хамтран гүйцэтгэжээ. Тус аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг дэмжсэн 5 зочид буудал, 12 жуулчны бааз, 1 гэст хаус, 1 сувилал, 2 амралтын газар, 12 гэр буудал, 10 мотел үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Цагаан суварга, Онгийн хийд, Бага газрын чулуу, Их газрын чулуу, Хайлаастын ам, Өөш манхан зэрэг үзэсглэнт газруудыг түшиглэн аялал жуулчлалын бааз, амралтын газрууд ажилладаг.
Дундговь аймаг аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Сэтгэшгүй оддын чуулган”, “Уяхан замбуу тивийн наран”, “Адуучны өв соёл” зэрэг урлаг, өв соёлын үйл ажиллагааг өнгөрсөн жилээс зохион байгуулж байгаа ба энэ оны 8 дугаар сард “Их газрын чулуу”-д зохион байгуулсан “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадамд 40,0 гаруй мянган хүн оролцсон. Аймгийн БОАЖГ-ын мэдээлснээр 2020 оноос хойш дотоодын жуулчдын тоо эрс нэмэгджээ. Тодруулбал, 2018 онд 4725, 2019 онд 5285 дотоодын аялагч ирж байсан бол 2022 онд тус аймгийн нутагт нийт 39 914 гадаад, дотоодын жуулчид ирсний 30 257 нь дотоодын аялагчид байгаа юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!