Б.Дуламрагчаа: Малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаардаг

🕔 2023/02/15 15:04

 

Туулай жилийн босгон дээр Дундговь аймгаас шинээр долоон өрх "Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсны нэг нь Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин Бандагсүрэнгийн Дуламрагчаагийнх. Түүний эхнэр Хадын Эрдэнэсүрэн.


 

Мал маллах арга ухааныг аав, ээжээсээ өвлөн уламжилж, малч ухаан, эртэч, ажилсаг чанараараа нутаг, олныхоо дунд хүндлэгддэг Дуламрагчаа малаа жил дараалан 5 төрлөөр нь өсгөж, 2019 онд "Сумын сайн малчин”,”Мянгат малчин өрх” болжээ.

Тэрээр малын ус бэлчээрийг зөв сонгож, малдаа дээд зэргийн тарга хүч авахуулан цаг хүндэрсэн үед малчин хүний гярхай, ажилч холч ухаан гаргаж, отор нүүдэл хийдэг, арга туршлага арвинтай хүн. Энэ туршлагаар 1999-2000, 2009-2010 оны байгалийн гамшгийн хүнд хэцүү үед ч мал сүргээ онд бүрэн оруулж, гамшигт өртсөн нутгийн малчдад дэмжлэг үзүүлж байжээ.

Түүний мал маллах арга ухаан, туршлагын тухай өгүүлье.

  • Б.Дуламрагчаа нь хавар, зуны улиралд ургац сайтай нутагт 6-8 удаа отор нүүдэл хийж, малдаа махан тарга авахуулдаг,
  • Жилийн 4 улиралд малдаа бэлчээрийг тохируулан бэлчээр ус хужир, хэвтрийг хангаж ажилладаг,
  • Сумын мал эмнэлэгтэй гэрээ байгуулж, жил бүр малын халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга туулгалт угаалгад бүх малаатогтмол хамруулдаг, бууц, хашаа хороондоо ариутгал, халдваргүйжүүлэлтхийлгэдэг учир мал сүрэгт нь халдварт паразит өвчин гардаггүй байна.
  • Жил бүр үржлийн албаар баталгаажсан стандартын хээлтүүлэгчийг сонгон авч, бүх төрлийн мал сүргийнхээ чанарыг сайжруулахад голлон анхаарч ажилладаг.

Тухайлбал, тэрээр малын үүлдэр угсааг сайжруулах, нэгжээс ашиглах ашиг шимийг нэмэгдүүлэхзорилгоор 2010 онд сүүний чиглэлийн семинталь үүлдрийн 2 охин бяруу, 2011 онд махны чиглэлийнбуюу Баянцагаан хэвшлийн хуцан хурга 2, 2012 онд Мал үржлийн албанаас 2 хуц, Сүхбаатар аймгийнХалзан сумаас хурдан удмын азарга авч малынхаа үүлдэр угсааг сайжруулсан байна.

Мөн Баянмонгол хэвшлийн илүү нугаламтай хуцаар хонин сүргээ сайжруулж, жилийн эцэст тус омгийн171 шилмэл мал тоолуулжээ.

  • Жилд дунджаар 18-21 тонн өвс, өөрсдийн хүчээр 3-5 тн гар тэжээл, таанан мушгиа, лууль хар аргал бусад тэжээл, 1-2 тн давс хужир бэлтгэдэг,
  • Өвлийн цагт задгай чулуун хороонд малаа өвөлжүүлж, хавар нь төлөө хөрвийн аргаар бойжуулдаг,

 

  • Өвөлжөө, хаваржаагаа байгалийн болзошгүй аюулаас бүрэн сэргийлэх хэмжээнд тохижуулж, 20 га газар хашиж, 2 худаг гарган бэлчээрийн усан хангамжийг сайжруулсан.

Тэрээр 2010-2015 онд цөөн тооны малтай буюу малгүй 6 өрхөд 500 орчим мал таслан өгч, жилдээ 10--аас доошгүй түр ажлын байранд иргэдийг ажиллуулдаг төдийгүй нэг малчин өрхийг тогтмол цалинжуулдаг.

Түүнчлэн сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, оролцдог, тодорхой хөрөнгө оруулалт хийдэг гэр бүл ажээ.

Түүний гэр бүл сумын цагдаагийн хэсэг, хүн эмнэлгийг унаатай болгоход хандив өргөж, сүүлийн 3 жил дараалан сумын наадмыг ивээн тэтгэж, сумын 12 жилийн сургуулийн нэг ангийг тохижуулсан байна.

Малчид бол монгол уламжлалт өв соёлоо уламжлан тээгчид юм. Дуламрагчаа бол жилийн 4 улиралдаа нүүдэллэж, мал маллагааны уламжлалт арга ухааныг тээж, цаг агаарын хүнд, хэцүү үед ч мал сүргээ бүрэн бүтэн авч үлдэн, өсгөн үржүүлж, бусдын амьдралд дэм тус өргөж, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж, үүлдэр угсааг сайжруулж яваа өөрийн гэсэн нарийн арга туршлагатай, өв соёлоо тээгч малчдын нэг юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!