Аварга малчид, тариаланчдад шагнал гардуулав

🕔 2022/01/31 16:22

 

 

Аварга малчид, тариаланчдад шагнал гардуулав

 

Дундговь аймгийн ЗДТГ-аас "Аймгийн аварга малчин өрх”, "Аварга тэмээчин”, "Аварга тариаланч” болсон малчид, тарианланчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулав.

Засаг даргын зөвлөлийн хурлаас 15 сумаас "Аймгийн аварга малчин өрх”-өөр 36, "Аймгийн аварга тэмээчин өрх”-өөр хоёр, "Аймгийн аварга тариаланч”-аар нэг өрхийг тус тус шалгаруулсан юм.

"Сайжруулагч” хэмээх усан бар жилийн босгон дээр "Аймгийн аварга” болсон малчдын хамгийн ахмад нь 74 настай, Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Аюурын Сэрдамба байна. Тэрээр бэлчээрийн даацад тохирсон мал үржлийн ажилд уламжлалт мал маллагааны аргыг шинжлэх ухааны аргатай хослуулан, сүргийн бүтэц, таваарлаг байдалд онцгойлон анхаарч,мал маллагааны арга туршлага заан өвлүүлж, залуу малчдыг бэлтгэхэд хүчин зүтгэж яваа ахмад малчин юм.

Хамгийн залуу малчин 34 настай, Дэлгэрхангай сумын Номгон багийн малчин Сумъяасүрэнгийн Жаргалсайхан. Тэрээр хээлтэгч нэг бүрээс төл авахыг чухалчилдаг, мал сүргийн эрүүл мэнд, малын үржилд анхаарч тооноос илүүтэй чанарт анхаардаг, сум орон нутгаас зохион байгуулсан бүхий л ажилд идэвхтэй оролцдог залуучуудад үлгэр жишээ болж байгаа залуу малчин.

 

"Аймгийн аварга тариаланч”-аар шалгарсан Адаацаг сумын харъяат Б.Баянмөнх нь 1983 оноос Сэлэнгэ аймгийн Номгоны САА-д трактор, комбайнчаар ажиллаж байгаад төрсөн нутагтаа ирж 2001 оноос төмс хүнсний ногоо тариалж, 4-5 өрхтэй хамтран ажилладаг. Тэрээр газар тариалан эрхлэх хугацаандаа сумандаа тариалангийн 1 га талбайг хашаауулан, жилдээ га–аас 10 тн ургац хураан авч, иргэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад өөрийн хувь нэмрийг оруулдаг. Жимс жимсгэний 3 төрлийн модыг тариалж, нийт 400 ш мод бутыг тарьж ургуулжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!