Оны онцлох хүүхдүүдийг шалгарууллаа

🕔 2023/01/02 16:55
Дундговь аймаг 2022 оныг аймгийн “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж жилийн ажлын хүрээнд шинийг эрэлхийлэн санаачилж, нийгэмд сайн үйлс бүтээж, хөдөлмөр, сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлагч сурагчдыг алдаршуулан олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд энэ жил анх удаа унаач, сайн үйлс бүтээсэн, сурлага, урлаг, спортын амжилт гаргасан, ногоон хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан зэрэг “ОНЫ ОНЦЛОХ 80 ХҮҮХЭД"-ийг шалгаруулж, гарын бэлэг гардууллаа.
Уг үйл ажиллагаанд хөдөө орон нутгийн хүүхдүүд цахимаар оролцсон юм.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж хүүхэд, залуучууд гэдэг эх орныхоо хөгжлийн хөдөлгөгч хүч, өчигдөр, өнөөдөр, маргаашийн холбоос байдгийн учир хөгжил дэвшлийн зүг тэмүүлж буй Монгол Улсын маань ирээдүй хүүхэд, залуус та бүхний эх орон, эх нутгаа хайрлах чин хүсэл эрмэлзэл, оюун ухаан, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөртэй салшгүй холбоотой гэдгийг онцлоод ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор улсдаа боловсролын салбарт тэргүүлэх сургууль болох ерөнхий боловсролын Оюунлаг сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Дундговийн боловсролын шинэчлэл төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн ОНХС-аас 750 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэснийг онцлон хэлжээ.
Мөн оны онцлох хүүхдүүдийн төлөөлөл Мандал сургуулийн 12а ангийн сурагч, Монгол Улсын онцлох хүүхдээр шалгарсан Баярмаагийн Энхжин, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Гантулгын Гантигмаа, Мандал сургуулийн 12а ангийн сурагч Батбаярын Долгормаа нар өөрсдийн амжилт, амжилтад хүрэхийн төлөө хийж хэрэгжүүлсэн туршлагаа бусадтайгаа хуваалцсан нь хүүхдүүд үе тэнгийнхнээсээ харилцан суралцаж суралцах арга барилаа олоход нь үр дүнтэй арга хэмжээ болсон байна.
Энэ уулзалтыг орон нутгийн удирдлагууд манлайлагч сурагчидтай нээлттэй чөлөөт ярилцлагын хэлбэрээр явуулсан нь хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсон шийдвэрлэх цаашдын бодлого төлөвлөлтөд тэдний саналыг тусган хэрэгжүүлэх, хүүхдүүдэд санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосноороо давуу талтай юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!