ДУНДГОВЬ: Судалгаагаар 2498 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн, эрсдэлийн үнэлгээ хийжээ

🕔 2022/10/25 12:00
Дундговь аймгийн Музей 2015 оноос хойш жил бүр “Дундговь судлал” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, тус бага хуралд тавьсан илтгэлүүдийг ном болгон хэвлүүлдэг. 2022 оны Эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын  21-ний өдөр цахимаар зохион байгуулж, Соёлын яам, Соёлын Өвийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын үндэсний их сургууль, Шашны дээд сургууль, Дундговь аймгийн УЦУОШТ зэрэг 10 байгууллагын эрдэмтэн судлаачид оролцлоо. Илтгэгчид Дундговь аймгийн өв соёл, түүхийн судалгаа, шинжилгээний сонирхолтой илтгэлүүдийг тавьж, орон нутгийн судлах  сан хөмрөгийг баяжуулсан юм.

Тус хуралд Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн оролцож, хэлсэн үгэндээ "Дундговь судлал -2022” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж байгаа нь зөвхөн орон нутгийг судлаад зогсохгүй, Монголын түүх соёлын дурсгалуудыг судалгааны эргэлтэд оруулж, судалгааг олон талаас нь судалж байгаа нь үр дүнгээ өгч байгааг онцлоод энэ нь бусад аймаг орон  нутгийн музейд үлгэр жишээ болж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ Эрдэм шинжилгээний тус хурлыг дүгнэн хэлэхдээ ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Д.Очирпүрэв, багш С.Бат Эрдэнэ, Ц.Бямба-Очир нарын “Дундговь аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл судалгаа-2022” төслийн хүрээнд хийсэн судалгаа нь аймгийн үл хөдлөх дурсгалын тооллогын ажилд ач холбогдолтой судалгаа болсныг онцолсон.

Энэхүү судалгаа нь Дундговь аймгийн нутаг дахь түүх соёлын дурсгалыг бүртгэж, баримтжуулах, судалгааны дата бааз болон фото, видео сан бий болгох, эрсдэлийн үнэлгээ хийх, сэдэвчилсан лавлах гаргах зорилгоор Монгол Улсын хэмжээнд анх удаа хийсэн гэдгээрээ онцлогтой. Судалгааг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Археологийн судалгааны баг “Дундговь аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл судалгаа-2022” төслийн хүрээнд Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайхан-Овоо гэсэн 11 суманд хийж, гүйцэтгэжээ.

Судлаачид дээрх 11 суманд чулуун зэвсэг, хадны зураг, хиргисүүр, дөрвөлжин булш, шоргоолжин булш, хүннү булш, зэл чулуу, хөшөө чулуу, монгол булш, барилга архитектурын дурсгал, тахилын байгууламж, он цаг тодорхойгүй гэсэн 12 төрлөөр нийт 2498 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн, эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэл нь эзэнгүйдэх, орон нутгийн чанартай замд ойр, мал амьтны нөлөөлөл, бусад(булш тонох)зэрэг нөлөөллөөсболж байгаагтодорхойлсон байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!