Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болов

🕔 2022/03/24 16:27

 

 

 

Дундговь аймгийн ЭМГ-аас салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг 3 дугаар сарын 23-нд зохион байгуулав. Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчин, бодлого төлөвлөлт, хүний нөөц, санхүүжилтийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал цаашид анхаарах асуудал, эрүүл мэндийн даатгал зэрэг асуудлуудаар мэдээлэл өгч, зөвлөлджээ.


Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж, дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцсэн хоёр жилийн дараа ийнхүү асуудлаа ярилцах боломж олдож байгааг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат зөвлөгөөний үеэр онцолж, хүнд хэцүү цаг үед бусад салбараа мэргэжил арга зүйгээр ханган манлайлж, цар тахлын аюулыг даван туулахад өдөр шөнөгүй амсхийх чөлөөгүй ажиллаж , ачааны хүндийг үүрч ажилласан нийт эмч сувилагч ажилтан нарт талархал илэрхийлсэн байна.


Тэрээр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, дэмжих бодлого зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, аймгаас нэн тэргүүнд баримталж буй хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд төрийн албан хаагчдыг сургаж мэргэшүүлэх, гадаад дотоод сургалтад хамруулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад байр орон сууцтай болоход нь дэмжих, сургалтын төлбөрийг төлөх гэх мэт олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдгээ тэмдэглэн хэллээ.

 

Мөн энэ жил аймгаас явуулын амбулаторийн үзлэг, сурьеэгийн илрүүлэг үзлэг зохион байгуулахад тус бүр 20,0 сая төгрөгийн төсөв баталсныг дурдаад цаашид иргэдийнхээ хүнсний аюүлгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа хавдар, зүрх судасны өвчлөлийг бууруулах, эмнэлгүүдийн оношлогоо эмчилгээний чадавхийг сайжруулахад Засаг даргын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.


Зөвлөгөөний үр дүнгийн талаар аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтантөгсөөс тодруулахад "Зөвлөгөөнөөр олон зүйлийг ярьлаа, Эрүүл мэндийн салбарын бодлого, хууль журмын өөрчлөлт, төлөвлөлт гэх мэт нилээн өргөн хүрээнд мэдээлэл өгч, санал солилцсон. Энэ жилийн хувьд хавдрын болон бусад халдварт бус өвчний урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг өргөн хүрээнд зохион байгуулна.

 

ЭМЯ-наас 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгосон. ЭМГ-аас "Байгууллагын соёлыг төлөвшүүлэх жил” болгон зарлаж байгаа. Тиймээс иргэд, үйлчлүүлэгчдэд чанартай, ямар нэг хүндрэл учруулалгүй сайхан үйлчилгээ үзүүлж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх нь энэ жилийн зорилт болж байна” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!