Хатуу хөл хорионы дэглэм тогтоосон хугацааг 48 цагаар сунгалаа

🕔 2021/06/14 13:52

 

 

Хатуу хөл хорионы дэглэм тогтоосон хугацааг 48 цагаар сунгалаа

 

Дундговь аймгийн Онцгой комисс хуралдаж, тус аймгийн 5 суманд тогтоосон хатуу хөл хорионы дэглэм тогтоосон хугацааг 6 дугаар сарын 15-ны 06:00 цаг хүртэл сунгалаа.

Онцгой комиссын 16 дугаар хуралдаанаас коронавирусний халдвар голомтлон гарч байгаа Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өлзийт, Цагаандэлгэр суманд 6 дугаар сарын 10-наас 13-ны 06:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоосон байсан ба өчигдрийн хуралдаанаас хатуу хөл хорионы хугацааг 48 цагаар сунгаж байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 45 тохиолдол бүртгэгдэж, халдварын тохиолдол 229 боллоо.

Халдварын тохиолдлыг сумаар нь танилцуулбал, Сайнцагаан суманд 81, Дэлгэрхангайд 84, Сайхан-Овоод 5, Цагаандэлгэрт 2, Өлзийт суманд 4 өвчтөн тус тус эмчлүүлж байна.

Аймгийн төвд эмнэлгийн орны хүрэлцээ дутагдалтай байгаа тул Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, дотор, мэс засал, мэдрэлийн тасгийг Уламжлалт анагаах ухааны төв, амрах байр, Мөнхдэлгэр, Элбэрэлбуян хувийн эмнэлгүүд рүү нүүлгэж, Нэгдсэн эмнэлэгт 190 өвчтөн хүлээн авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

 

Хөл хорионы үед иргэдэд хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүн, ус, эм хэрэгслийг дуудлагаар хүргэж өгөх үйлчилгээг үзүүлж байгаа ба Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг Сайнцагаан суманд өвчлөл гарсан 22 орон сууц, айл өрхийн 3490 м.кв талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!