Цаг агаарын аюулт үзэгдлээс 423 иргэнийг авран хамгаалжээ

🕔 2017/03/24 16:59

Цаг агаарын аюулт үзэгдлээс 423 иргэнийг авран хамгаалжээ

 

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас автозам, давааны нөхцөл байдал хүндэрсэн зэргийг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн нутагт Автотээврийн тухай хуульд заасны дагуу дээрх аймгуудын Засаг даргын захирамжаар 3 дугаар сарын 22, 24-ний өдөр орон нутгийн  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан тухай бид мэдээлж байсан.

ОБЕГ-ын алба хаагчид энэ өдрүүдэд 11 аймгийн 40 суманд 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98 иргэн (үүнээс Завхан аймгийн Баянхайрхан суманд 1, Говь-Алтай аймгийн Шарга суманд 1, нийт 2 иргэн нас барсан)-ээс 91 иргэнийг эсэн мэнд олж, 5 иргэнийг эрэн хайж, цасанд суусан 50 автомашин 332 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 423 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ.

Эрэн хайх, аврах ажиллагаанд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын 154 албан хаагч, 31 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 375 албан хаагч, иргэн, 72 автомашин, автозам арчлалтын компанийн 96 ажилтан, 36 автомашин, 58 машин механизм, нийт 625 хүн, 197 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн 300 зорчигчтой 12 автобусыг төв суурин газар хоноглуулж, 7 чиглэлийн 30 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!