Цахимаар уралдаан зарлалаа

🕔 2020/03/13 17:09

Дундговь аймгийн БОАЖГ-аас аймгийн хэмжээнд сургуулийн сурагчид, гэр бүлийн дунд видео контент, захидал, бүтээлийн уралдааныг цахим орчинд зарлалаа. Энэ сард байгаль орчны салбарын хүрээнд "Дэлхийн ойн өдөр”, "Дэлхийн усны өдөр” гээд олон тэмдэглэлт өдрүүд тохиодог бөгөөд "Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг юм. Харин улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед дээрх тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан ийнхүү цахимаар уралдаан зарлаад байгаа юм.

Тодруулбал, дээрх тэмдэглэлт өдрүүд, "Хоггүй цэвэрхэн Монгол" аяны хүрээнд иргэд, хүүхэд залуучуудын байгаль хамгаалах боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Ирээдүйгээс бичсэн захидал”, "Хандлагаа өөрчилье” сэдэвт хоёр уралдааныг зарлажээ. Оролцогчдын материалыг энэ сарын 27 хүртэл хүлээн авах бөгөөд дөрөвдүгээр сарын гуравны өдөр олон нийтэд сурталчлах аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга хэлэхдээ: "Манай байгууллагын хувьд энэ сард их онцлогтой байдаг. Усны өдөр, Уур амьсгалын эсрэг өдөр, Ургамал амьтны өдөр, Ойн өдөр гээд олон нийтийг хамарсан олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Одоогийн нөхцөл байдалтай уялдуулан дээрх өдрүүдийн хүрээнд цахим хэлбэрээр уралдаан зарлаж байна. Та бүхэн манай байгууллагын цахим хаягаар орж мэдээлэл авч, идэвхтэй оролцоорой” гэлээ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!