Д.Доржсүрэн: Дундговийн театр хүнд хэцүү цагт хаалгаа барилгүй үлдсэн дөрвөн театрын нэг

🕔 2020/02/05 14:06

Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуучин Б.Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга, уран сайхны удирдаач, ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дэлгэрийн Доржсүрэнтэй түүний урлаг соёл болоод нийгмийн төлөөх ажлууд, өнөөгийн амжилтад хүрэхийн төлөөх зүтгэл, сайхан дурсамжуудыг энэхүү ярилцлагаараа уншигчидтайгаа хуваалцаж байна.

-Таныг "Зөвхөн урлагийн хүн биш” гэдгийг хэд хэдэн хүн хэлж байхыг сонссон. Тэгэхээр урлагаас гадна өөр олон зүйлд санаагаа чилээж, зүтгэж явсан байх. Энэ талаар тодруулж ярихгүй юу?

-Яг нэг жилийн өмнө "гавьяат” гэсэн эрхэм дээд шагнал авч, төрөөрөө ажлаа үнэлүүлсэн. Тэгээд хүн боддог юм билээ. Юу хийлээ, цаашдаа юу хийх билээ, нутаг орондоо юуг үлдээх вэ гэхчилэн өнгөрсөнөө дүгнэж, эргэж хардаг юм байна.

Тэгээд одоо нийгмийн идэвхтэй гэдэг юм уу, хэнхэг гэдэг юм уу, тийм л хүн байж. "Зөвхөн урлагийн хүн биш, нийгмийн хүн байна” гэж олон хүмүүс хэлдэг. Энэ бол гайхамшигтай урам өгч, намайг хөглөсөн үнэлгээ шүү дээ.  

Залуучуудын байгууллагад олон жил сэтгэлээрээ ажиллаж байж. МХЗЭ гэж том байгууллага татан буугдаж, 1991 онд Дундговь аймагт Залуучуудын холбоо байгуулагдахад би Урлаг спортын секторын тэргүүн гэж томилогдоод, 1999 оноос аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр сонгогдож, 2008 он хүртэл ажилласан байдаг.

2008 оноос 2012 он хүртэл МЗХ-ны 21 аймаг хариуцсан нарийн бичгийн дарга гэж орон тооны бус ажлыг хийж байсан. Энэ хугацаанд Залуучуудын байгууллагыг улс төржүүлэхгүй байх зорилгоор нэлээн олон аймагт ажиллажээ. Залуучуудын холбоонд байхдаа их олон ажлыг санаачилж хийдэг байсан байна.

Аймгийнхаа Залуучуудын холбоонд ч тэр, МЗХ-д ч тэр Шинэ үеийн илгээлтийн эзэд, Хөдөлмөрийн бирж, Боловсролын яармаг, Дээлтэй монгол гэх мэт олон үйл ажиллагааг санаачлаад, одоо өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд өргөжөөд явж байна.

Аймгийн Залуучуудын холбооны ажлаараа улсад хоёр удаа түрүүлж, гурван удаа хоёрдугаар байрт, мөн гурван удаа гуравт, дөрвөн удаа дөрөвт орж байсан байна. Энэ нь манай аймгийн залуучуудын хөдөө орон нутгаар уйгагүй явж байсны маань л үнэлгээ болов уу. Мөн манай Залуучуудын холбооны тэргүүлэгчдийн хамтын ажиллагаа, сэтгэл зүрх, уйгагүй л ажиллагаа шүү дээ. Тухайлбал дуу хөгжмийн "Аянга хамтлаг”-тай гэхэд л сумдаар явдаг, тэр үед чинь мөнгө төгрөг муутай, хармаанаасаа мөнгөө гаргаж, сумдад залуучуудын байгууллагыг бэхжүүлэх зорилгоор жил болгон идэвхжүүлэх, чадавхжуулах ажлыг нэлээн сайн хийж байсан нь харагдаж байна.

Мөн Урлагийн ажилтны холбооны салбар зөвлөлийн ажлыг 1993 оноос хойш хийж байсан. Энэ хугацаанд Дундговь аймаг тэр дундаа бүжиг, драмын төрөлд олон удаагийн наадамд тэргүүн байр эзэлсэн, зөвхөн "Гэгээн муза” улсын уралдаанд гэхэд л 10 жилийн дотор 18 цом авсан байх жишээтэй.

Энэ бол манай урлагийн ажилтны холбооны салбар зөвлөл яаж ажиллаж байсныг харуулж байна. Бусад аймагтай харьцуулахад боловсон хүчнийг бэлтгэх, уралдаан, наадмуудад амжилттай оролцох, жүжигчдийнхээ ур чадварыг бэхжүүлэх зэргээр ажилласны үр дүнд ийнхүү амжилт гаргасан гэж боддог.

Мөн эвлэл, пионерийн байгууллагын ажилд хүүхэд байхын идэвхтэй оролцдог, урлагаас гадна волейболын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байсан.

Бөхийн холбоог анх байгуулаад, бөхчүүдийн концертыг зохион байгуулж, бүх сумаар тойрч тоглох, барилдааныг зохион байгуулах гэх мэтчилэн янз бүрийн үйл ажиллагааг санаачилж байсан нь хүмүүст хүрдэг байсан байна. Тэр үед нэг сумын наадамд аймгийн арслан, заан, начин цолтой 20-оод хүн очиж барилдана гэдэг үнэхээр тэр сумын ард түмний хувьд хүсэн хүлээсэн зүйл нь байж. Энэ мэтчилэнгээр бөхийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж дүгнэж байлаа.

Дундговь аймагтаа гурван удаагийн томоохон тоглолт, Улаанбаатар хотод хоёр удаагийн бөхчүүдэд зориулсан үнэ төлбөргүй тоглолт хийж, хандив босгож байсан. Цаашлаад бөхийн тухай жүжгүүдийг хийсэн. 

Ингээд харахаар зөвхөн урлагт гэхээсээ илүү ийм олон үйл ажиллагаанд оролцож, өөрийнхөө сэтгэл зүтгэл, цагийг зориулж явжээ.

-Сургуулиа төгсөөд хэзээ Дундговь аймагт ирсэн бэ, хөдөөгийн театрыг хөгжүүлэхэд их чухал үүрэг гүйцэтгэсэн, тогтвортой ажилласан гэж ирсэн хүмүүс ярьж байсан.

-Ер нь бол 1991 онд Багшийн дээд сургуулийн кинодрамын ангийг төгсөөд нутагтаа ирснээс хойш 30-аад жил ажилласан байна. Энэ л нутагт урлаг соёлын төлөө сайн муу хэлэгдэж, заримдаа ч болоод байгаа юм шиг, заримдаа ч болохгүй байгаа юм шиг л зүтгэж байсан. Урлаг өөрөө улс төрөөс ангид байх ёстой гэж би өөрөө бодож, зүтгэж явсны хүчинд өнөөдөр манай аймаг урлагаар хаа ч нүүр улайхааргүй болсон, энэ тухай олон хүн сэтгэгдлээ хэлсэн.

Нутгийнхаа төлөө хамаг л амьдралаа зориулсан юм байна. Театрын урлагт нэг үе нь арваад жилээр тоологддог гээд бодохоор миний энд ажиллах хугацаанд зургаа, долоо дахь үе нь орж ирж байна.

Тэгэхээр энэ хүмүүс өнөөгийн театрыг яаж босгосон талаар дурсаж явдаг, түүнийгээ хуваалцахад үнэхээр бахархалтай байдаг нь мэдрэгдлээ.

"Урлагийн гавьяат зүтгэлтэн” хэмээх энэ нэр хүндтэй том шагналыг ажиллаж байх үедээ, удирдлагуудаасаа авсан байна. Манай салбарын удирдлагууд, Урлагийн ажилтны холбооныхон энэ талаар дүгнэсэн.

Хүн ер нь ажил мэргэжлээ, гэр бүлээ зөв сонгох нь чухал байдаг гэдгийг дахин дахин ойлгож мэдэрлээ. Ажил гээд гэр бүлдээ маш бага цаг зарцуулж байсан байна. Хоногоор, сараар, жилээр гээд бодохоор би жилийн 12 сарын бараг 4-5 сар нь гэртээ байхгүй байж. Ажил эрхэлсэн 30-аад жилийнхээ бараг 15, 16 жилд нь гэртээ байхгүйгээр энэ урлаг соёл, олон нийтийн байгууллагын төлөө явж байж. Цаг хугацаагаар хөөхөд бас сонин тоо гарч ирдэг юм байна.

Энэ нэр алдрыг цааш нь авч явж, бэхжүүлнэ гэдэг бол аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс өөрөөр хэлбэл үндэстний оршин тогтнох үндэс бол урлаг өв соёл л байдаг юм байна. Тиймээс "Дуу хуурын өлгий-Дундговь” гэдэг энэ нэр хүндийг авч явах, бас өөрийн өнгө төрхийг хадгалах, Төв халхын дуулалт жүжгийн театрынхаа онцлогийг хадгалж хөгжүүлэхийн тулд олон зүйлийг хийж, хэрэгжүүлсэн. Өөрийн гэсэн өнгө төрхтэй, дуу хуур, хөгжим, бүжиг гаргасан гэдгийг манай урлагийн мастерууд, эрдэмтэн, докторууд үнэлсэн. 

-Манай аймгийн театрын хамт олны авьяас, ур чадварыг ард түмэн өндрөөр үнэлдэг. Үнэхээр мэргэжлийн байж, гадаад, дотоодын олон ч уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Ийм чадвартай хамт олныг бүрдүүлж, хүмүүсээ чадавхжуулж чадсаны нууц юунд байна вэ?

-Театрын урлагийн боловсролын чиглэлээр гэх юм бол Ж.Сугир багш, Ч.Сүхээ гавьяат гээд дараа нь би төгсөж нутагтаа ирсэн гээд бодохоор дандаа 20 жилийн зайтай бэлтгэгдсэн байдаг юм байна лээ.

Тэгэхээр хэчнээн мэргэжлийн, авьяастай хүн байгаад, ганцаараа амжилтад хүрдэггүй гэдгийг би мэдрээд 1996 онд 10 хүүхдийг бэлтгэх санаачилга гаргаж, түүнийг маань манай Засаг дарга байсан Ж.Хүүхэнбаатар дэмжиж, төлбөрийг нь төлөөд 10 хүүхэд сургасан. Тэрнээс хойш олон аймаг ингэж ангиар нь боловсон хүчнээ бэлтгэсэн байдаг. Энэ санаачилсан ажлыг маань "урлагт санаачилж хийсэн том ажил” гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байсан.

Дараа нь Ж.Адьяа дарга Засаг дарга байхдаа бүжигчдийг бэлтгэхэд дэмжиж, хамтран ажиллаж байсан. Дундговь аймгийн бүжиг Монгол Улс, цаашлаад дэлхийн тавцанд гарахад энэ бэлтгэгдсэн хүүхдүүд л авч явж байна.

Хятад, ОХУ, Солонгос, Япон, Герман, Франц, Вьетнам, зэрэг оронд тоглолтоо хийж, сүүлийн жилүүдэд гадаад харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажилласан. Ингэснээр уран бүтээлчид нэлээд хөгждөг. Уран бүтээлчид гэдэг бусадтай харьцаж, дадлага практикаар авьяас, чадвар нь илүү хөгжиж байдаг. 

Гурван удаагийн хөгжим бүжгийн анги, кинодрамын ангийг хоёр удаа төгсгөсөн байна. Энэ ажилд маань Засаг даргаар ажиллаж байсан Ж.Хүүхэнбаатар, Ж.Адьяа, Ш.Төрбат, Д.Чандмань гээд үе үеийн дарга нар маш их дэмжиж, тусалж, маш их хувь нэмрээ оруулсан. Үүний үр дүнд л театр маань оршин тогтнож, бэхэжсэн байна.

-Таныг "гавьяат” боллоо гэдгийг сонсоод маш олон хүн баярлаж байсан. 

-Энэ нэр хүндтэй өндөр шагналыг авахад зөвхөн би, миний гэр бүл, ойр дотны хүмүүс гэлтгүй "нутаг маань, нутгийн ард түмэн” баярладаг юм байна гэдэг сэтгэгдэл надад төрсөн. Намайг шагнал авахад хаа сайгүй л хүмүүс баярлаж, өөр хоорондоо ярилцаж, баяр хөөртэй байсан гэдгийг сүүлд нь сонсоход өөрийн эрхгүй л сэтгэл огшиж байлаа. Тийм болохоор цаашдаа ажиллах урам зориг ч их байна, 

Урьд нь өөрийгөө үнэндээ мэддэггүй байжээ. Заримдаа ч хөөрөхлөөрөө би юм хийчихсэн ч юм шиг, заримдаа ч бүтэл муутай юм шиг яваад л байсан чинь энэ хугацаанд бас чамгүй зүйл хийсэн байгаагаа мэдэрсэн шүү.

Маш хүндэтгэлтэй, сэтгэлд хоногшсон сайхан мөч байсан даа.

-Сургуулиа төгсөөд, урлагийн мэргэжилтэн болоод нутагтаа ирсэн тэр үед улс орон маань заах зээл, эдийн засгийн нийгэмд шилжсэн үе байсан. Бүх л салбар хямарч, хүн бүхэн наймаа хийх гэж бужигнаж байсан үе. Энэ үед манай аймгийн урлагийн салбар ямар байсан бэ, энэ тухай дурсамжаа хуваалцана уу?

-Сургуулиа 1991 онд төгссөн. Гэхдээ 1989 онд оюутан байхдаа ирж, хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж, театр чуулгын томоохон наадам, фестивальд манай "Хар сүлдний дуу”,” Үлэмжийн чанар” жүжиг амжилттай оролцож, тэр үед би дадлага хийж байсан юм.

Тэгээд 90-ээд онд төгсөөд ирэхэд цаг үе, нөхцөл байдал их хүнд байсан. Тэр үед би Багануурт "Тал тойрог” гээд дөрвөн найруулагч нийлээд театр байгуулаад ажиллаж байтал манай аймгийн Засаг дарга байсан З.Жанжаадорж гуай өөрийнхөө машиныг явуулж, намайг тэндээс авчирч байсан. Н.Чагнаа дарга маань маань миний амьдралд маш их тус болж байсан хүн дээ. Би залуу ч байж, "чиний наад бие чинь хэрэггүй байж болно, чиний оюун ухаан чинь хэрэгтэй байна” гээд намайг эцэг шиг минь л ташуураар цохиж байлаа шүү дээ.

Эргээд бодоход би есөн Засаг даргатай ажилласан байна. Энэ цаг хугацаанд ороо бусгаа, хүнд хэцүү үе зөндөө л тохиож байлаа.

Анх төгсөөд ирэхэд 130 гаруй ажилтантай байсан театр маань чөлөөт зах зээлийн шуурганд өртөж, бүр 13-хан хүнтэй үлдэж байсан. Аймаг, орон нутаг тог цахилгаангүй, хот руу ихэнх хүмүүс маань нүүгээд, ганзагын наймаа хүчээ аваад, хүн бүрийн сэтгэхүйд, үндсэндээ нийгэмд хямрал нүүрлэсэн хүндхэн л үе байлаа.

Тэр үед намайг СУИС, Монголын радио, телевиз "ирээч” гээд урьж байхад Г.Доржсамбуу багш маань тас хориод л би хэцүү бүхний өмнө л гарч зогссон доо. Тэр үед хамгийн доод тал нь манай уран бүтээлчид тав, зургаан сар цалингаа авалгүй л ажиллаж байлаа. Үнэхээр урлагт дуртай, нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс нь л гал голомтоо сахиж үлдсэн гэж боддог.

Маш олон багш нар явсан. Нэг ч багшгүй, ганцаараа үлдээд, бараг л энэ театрын даргыг нь, найруулагчийг нь, жүжигчнээ хийгээд л, сумдаар явахаар буудал гэж байхгүй, соёлын төвүүдийн цонхууд хагараад модоор таглачихсан, халаалтгүй, ийм л хүнд нөхцөлд театр, урлагийг зогсоочихолгүй 13-уулхнаа авч гарч байсан.

Ер нь очсон сум болгонд цагдаа, сэргийлэхийн хүч суларсан, архидалт ихэссэн, зодоон цохион хийсэн, хулгай дээрэм газар авсан ийм л хүнд нөхцөл байдалтай байлаа. Тэгээд манай яамны статистик мэдээнд 90-ээд оноос хойш үүд хаалгаа барилгүйгээр байнгын ажиллагаатай үлдсэн байсан дөрөвхөн театрын нэг нь манай театр гэж яригддаг. 

Сэтгэлтэй хүн л ажлыг хийдэг юм байна даа. "Урлаг хохирол гаргахыг шаарддаг” гэдэг шүү дээ. Үүнийг багш нар маань бидний толгойд бүр суулгаж өгсөн юм байна лээ. Өнөөдөр ингээд харж байхад чин сэтгэлээсээ махраад, зүтгэж байгаа хүн заавал амжилтад хүрдэг.

Тэгээд 1998-1999 онд эргэлт гарсан, нөхцөл байдал хамаагүй өөр болсон. Тэр хүртэл театрынхаа хаалгыг барьчихгүй юмсан гэж зүтгэж байсан бол түүнээс хойш хөгжлийн төлөө, хөгжүүлэхийн төлөө явсан. Хөгжлийн дараагийн үе шат руугаа шилжсэн гэж хэлж болно.

-Театрынхаа томоохон амжилтуудаас дурдахгүй юу, их олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон байдаг шүү дээ.

-Манай театр анх 1942 онд "Улаан гэр”-ээ байгуулж, Дэлгэрхангай уулын хошуунаас нүүж ирээд, таван ханатай гэрээ барьж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 1950 онд Клуб болж, 1958 онд Соёлын ордон болсон байдаг. Тэгээд 1998 онд Театр киноны хүрээлэн болж өргөжсөн. Кинотеатрууд хаагдаж, тэр үйл ажиллагааг өөр дээрээ авч, хүрээлэн болсон. 2006 онд бусад театраас арай өвөрмөц өнгө төрхтэй үйл ажиллагаагаа явуулах зорилготойгоор Төв халхын дуулалт жүжгийн театр гэж нэрээ өөрчлөөд, нээлтээ хийж байлаа. 2008 онд Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуучин Б.Норовбанзадын нэрэмжит болсон. 

1992 онд Д.Намдагийн "Амь ба амьдралын үнэ” жүжгээр Монголын урлагийн ажилтны холбооны шагнал, 1993 онд Ц.Буян-Оршихын хөгжим "Эрлэг хэмээх амар амгалангийн орон” Монголын анхны поп рок дуулалт жүжгээрээ Монголын Радио телевизийн шагнал, 1994 онд "Хөх монгол” дуу хөгжмийн улсын наадамд "Бөртэ чоно-Гоо марал” цомнолоороо тусгай шагнал, 1998 онд Найрамдал зуслангийн 20 жилийн ойн Олон улсын хүүхдийн урлагийн наадмын Гран при шагналыг авч байсан.

2000, 2004, 2008 оны Говийн болон зүүн бүсийн "Шилдэг жүжиг шалгаруулах” уралдаанд, Н.В.Гоголийн "Гэрлэх гэсэн нь”, Б.Лхагвасүрэнгийн "Гэгээн тамлан”, А.П.Чеховын "Бэр гуйсан нь”, Ж.Б.Мольерийн "Бэрд” жүжгүүдэд найруулагч, туслах найруулагч, жүжигчнээр ажиллаж, гурван удаагийн шалгаруулалтын тэргүүн байрыг эзэлж, улмаар Улаанбаатар хотноо  "Гэгээн муза” улсын уралдаанд оролцон хамт олноороо Гран при шагнал хүртэж байлаа.

Монголын Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг энэ талаар "хөдөө, хотын ялгааг арилгасан” гэж дүгнэж хэлсэн. Авдаг цалин, хангамжийн хувьд хөдөөгийн театрын жүжигчид хамаагүй бага авдаг ч гэсэн авьяас чадварынхаа хувьд хотынхноос дутахааргүй байна гэсэн утга санаа. Энэ бол манай театрын өнгө төрх л байгаа юм. 2010 оноос хойш манай театрын уран бүтээл бол туульсын шинж чанартай, ерөөл магтаал, зан үйлийн шинж чанартай болж байгаа. Үүний зэрэгцээ драм ангийн ур чадвар үнэхээр өндөр байгаа нь харагдаж байна. Ер нь би өөрөө драм ангийн жүжигчдээ хөгжүүлэх тал дээр нэлээн анхаардаг. Түүний ч үр дүн байх.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн жил ОХУ-ын Эрхүү хотод болсон Ванпиловын нэрэмжит Олон улсын сонгодог жүжгийн наадамд маш амжилттай оролцсон.

-Зөвхөн драм анги гэлтгүй дуучид, бүжигчид ч гэсэн гайхалтай чадалтай санагддаг. Өнгөрсөн зун Их газрын чулууны Задгай театрт тавьсан танай концерт, түүний найруулга тэнд ирсэн хүмүүсийн сэтгэлийг маш их хөдөлгөсөн шүү дээ.

-Б.Норовбанзад гуайн багш нь Зууны манлай уртын дууч Ж.Дорждагва гуай шүү дээ. Тэгээд манай аймаг энэ хоёр агуу хүнийхээ нэрэмжит Задгай театрыг Монгол Улсдаа анх байгуулсан. Түүний урлаг соёлын бүхий л үйл ажиллагаа манай театртай холбоотой. Энэ ажлыг эрдэмтэн, доктор, багш нар онцлон дүгнэсэн. "Энэ бол асар том өв соёл, жил бүр энэ театртаа үйл ажиллагаа явуулах, гадаад, дотоодод сурталчилж чадвал, маш их нөөц байгаа, энэ театрыг бий болгоно гэдэг өөрөө агуу юм аа” гэж дүгнэн хэлж байлаа.

МУУГЗ П.Цэгмид ахтайгаа энэ театрын, ер нь ч олон тоглолт, тэр дундаа том хэмжээний гурван тоглолтыг хийсэн байдаг юм байна лээ. 2006 онд нээлтээ хийж, түүний дараагаар Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор, дараа нь Наранцацралт сангийн 20 жилийн ойгоор, Ж.Дорждагва гуайн 115 жилийн ойгоор, хамгийн сүүлд 3000 морин хуурч, уртын дуучдыг гол цөмөө болгосон "Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам гээд том хэмжээний ийм тоглолтуудыг тавьжээ. 

Цаашлаад манай Дундговь нутгийн Дэл хөнжлийн уулын хадны сүг зургаар хийсэн "Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн байранд очиж тоглосон. Энэ бүжгэн жүжгийг Задгай теарт тавих санал гарч байна. Мөн "Айда” гээд дэлхийн томоохон дуурь энд тоглох асуудлууд яригдаж байна. Яахав одоохондоо энэ бүхэн санааны түвшинд яригдаж байгаа ч гэсэн ийм том боломжууд бидэнд байна л гэсэн үг. Төлөвлөлтөө сайн хийж чадвал ашиг орлого олох бүрэн боломж байгаа нь харагдаж байгаа.

-Театрын орон тоо, хүн хүч, санхүүгийн хүчин чадал ямар байдаг вэ, сонгодог жүжиг босгож, уралдаан тэмцээнд оролцоход хэдий хэмжээний хөрөнгө гардаг, энэ хөрөнгө театрын санхүүжилтэд багтдаг уу?

-Өнөөдрийн театрын хүчин чадал бол яг Төв халхын дуулалт жүжгийн театрын стандартад хүрэхгүй байгаа. Хуучин л Соёлын ордны хэмжээнд явж байна. Манайх 61 хүнтэй. Чуулга гэхэд л хөгжим, бүжиг, дуу гэсэн ангилал байдаг шүү дээ. Харин театр болоод ирэхээр "драм” анги нэмэгддэг. Стандарт, цар хүрээ нь арай өргөн гэсэн үг. Гэтэл өнөөдрийн манай орон тоо бага л байгаа юм. Соёлын ордны стандарт орон тоо 64 байдаг. Манай театрт хөгжмийн, найрал дууны, бүхэл бүтэн хөгжмийн оркестр, бүжиг, драм гэсэн ангиуд дутмаг байгаа. Цаашдаа стандартынхаа дагуу явна гэвэл орон тоогоо нэмж, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, хүчин чадлаа нэмэгдүүлэх гээд хөрөнгө мөнгө ихээхэн шаардагдана л даа.

Нэг сонгодог жүжгийг босгоход 30-40 сая төгрөг шаардлагатай болдог. Манай жилийн уран бүтээлийн төсөв 20,0 сая төгрөг. 

Дөрвөн жилд нэг удаа мэргэжлийн театр чуулгуудын дунд болдог зүүн бүсийн "Шилдэг бүтээл-2018" уралдаанд манайх Александр Вампиловын зохиол, Э.Оюуны орчуулга "Ууган хүү" эмгэнэлт инээдмийн жүжгээр оролцож, Эрхүү хотод олон улсын наадамд оролцох эрх авсан.

Энэ жүжгийг бий болгоход манай аймгийн "Ган илч" ХХК-ийн захирал О.Гансүх их тусалсан. Санхүүжилт олдохгүй манай ажилчид янз бүрийн зээл авья гээд ярилцаж байсан. Гэтэл энэ хүн бид нарт тусалж, эргэн төлөх нөхцөлтэйгээр 28,0 сая төгрөг өгсөн. Олон улсын наадамд оролцоход мөн тусалсан.

Сүүлийн үед зөвхөн жүжиг ч биш олон концерт, тоглолтыг ивээн тэтгэж, дэмжиж, хамтран ажиллаж байгаа.

-Та хөдөө орон нутгийн театрыг авч явах, хөгжүүлэх их ажлынхаа хажуугаар кино, дэлгэцийн уран бүтээлд ч бас хүчээ сориод авсан байдаг. Бүтээсэн дүр, найруулж оролцсон киногооо танилцуулбал?

-Миний хувьд тайз дэлгэцнээ баримтат болон Монголын уран сайхны найман кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллаж, гол ба туслах дүрүүдэд оролцсон. Мөн 20 гаруй клипт тоглосон байдаг юм.

Түүний дотор Их эзэн Чингис хааны түүхэн сэдэвт гурван кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллаж,  кинондоо тоглосон.  "Мөнх тэнгэрийн хүчин дор” Монголын уран сайхны кинонд ууган хүү Зүчийн дүрд, "Эрхэт төрийн голомт” Монголын баримтат уран сайхны киноны хүлэг Боорчийн дүр, "Үхэж үл болно-Чингис хаан” Монголын уран сайхны кинонд Алтан ургийн төлөөлөл Хучирын дүрийг бүтээсэн. 

Би чинь өөрөө драмын анги төгссөн найруулагч, жүжигчин хүн болохоор кинонд найруулагчаар ажиллаж, өөрөө оролцож, тоглоно гэдэг, тэр дундаа түүхэн кинонд дүр бүтээнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Алтан үеийн мундаг багш нарын гараар орж, энэ мэргэжлийг эзэмшсэн хүн шүү дээ. Багш нараараа байнга бахархаж байдаг. 

-Өөр нэмж хэлэх зүйл байна уу, театрыг хөгжүүлэхэд цаашид юуг анхаарах вэ?

-Ер нь харж байхад сүүлийн үед төгсөж ирж байгаа залуучуудын хувьд яг урлагт зүтгэсэн, хөлсөө урсгасан, өөрийгөө дайчилсан байдал их бага харагддаг. Урлагийн хүний ажлын үр дүн 10 жил, 20 жилийн дараа юу үлдээв, юу бүтээв гэдгээр л хэмжигдэх ёстой. Хэдэн дуу дуулаад, тойрон тойрон хийгээд өнөөдөртөө болж байгаа юм шиг ч, эргээд үлдэц муутай санагдаад байдаг юм.

Тэгэхээр аймаг орон нутаг боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй. Манай аймгийн өмнө нь бэлтгэж байсан хүүхдүүдийг одоо "тэр Засаг даргын хүүхдүүд” гэж ярьдаг. Тиймээс боловсон хүчин бэлтгэнэ гэдэг хамгийн том хөрөнгө оруулалт гэдэг нь эндээс харагдаж байна.

Засмал зам тавих, байшин барих, техник аппаратур авах бол хүнээ бэлтгэж авахаас илүү хөрөнгө оруулалт биш. Тийм учраас боловсон хүчнийг бэлтгэх, нарийн мэргэжлийн ангийг бэлтгэх шиг чухал юм алга. Одоо манай театрт хөгжим анги, найрал дууны ангийг бэлтгэчихвэл 10 жилдээ толгой өвдөхгүй. Урлагт дуртай залуучуудыг бэлтгэхэд энэ их ач холбогдолтой юм.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

Д.Алтантогос 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!