Уул уурхайн прогноз

🕔 2020/01/30 10:53

Сонгуулийн жил, өндөр алдагдалтай төсөв, эрдсийн үнийн тодорхойгүй байдал, төгрөгийн сулрал гээд өчнөөн эрсдэлтэй энэ жилийн хувьд гялайх гялтайх, итгэж найдах салбар гэвэл уул уурхай л байна. Өнөө жил шинээр лиценз олгохгүй, зарим ордыг төр хурааж авч нийгэмчлэх бодлого явуулж эхэлсэн, гадаадын шинэ хөрөнгө оруулалт татарсан гэх мэт таагүй мэдээ геологи, уул уурхайн салбарт бий ч дажгүй аятай яваа төслүүд ч цөөнгүй байгаа.

Газрын тосны салбарт гэхэд л "Петро матад”ын хайгуул тойрсон гэгээтэй мэдээ оны сүүлээр цацагдсан. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Петро матад” компани МатадХХ талбайд өрөмдлөг хийхэд "Цэн тогоруу” цооногоос газрын тос байгалийн ундаргаар оргилж гарч ирсэн тухай манай сонин он гарахын өмнөхөн онцолж байв. Тос оргилсон газрын тухайд нөөцийн тайлангаа хамгаалсны дараа орд ашиглах төлөвлөгөө боловсруулж батлуулна гэх мэт процесс бий. Гэхдээ ийм мэдээ давтамжтай дуулдах тусмаа л сайн. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход маш том дэм болно. Монголын газрын тосны нөөц 330 сая тонноор хэмжигддэг. Орчин үеийн технологиор гаргаж авах ашиглалтын нөөц нь 43 сая тонн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын баталгаажуулж хүлээж авсан нөөцийнх нь хэмжээ ийм. "Петро матад”ын бассейний хувьд 25 сая баррель. Тонн руу шилжүүлбэл дөрвөн сая гаруй тонн болох юм.

Дараагийн онцлох төсөл бол ”Эрдэнэ ресурс”ын хэрэгжүүлж буй "Хөндий” алтны төсөл. Тус компани эцсийн ТЭЗҮ, анхан шатны инженерийн загварчлалаа боловсруулж эхлээд байгаа юм. Дундаж алтны агуулга бүхий 400 мянган унц нөөцтэй энэ ордыг илээр олборлоно. Эцсийн ТЭЗҮ боловсруулаад эхэлчихсэн гэхээр ордоос алт олборлоход алхам ойртож байна гэсэн үг. "Эрдэнэ ресурс”ийн ордууд дэлхийн томоохон алт, алт-зэсийн ордуудыг агуулагч Төв Азийн Орогены бүсэд багтдаг Эдрэнгийн террейнд байрладаг. Тэд манай улсын баруун өмнөд хэсэгт арав гаруй жил хайгуул судалгаа хийж "Хөндий” алтны дүүргийг нээсэн юм. Хөндий алтны дүүргийн хувьд өндөр агуулга бүхий алт, полиметаллын хэд хэдэн хэтийн төлөвт талбайг хамардаг. Канадад бүртгэлтэй "Эрдэнэ ресурс”ын тухайд хоорондоо 16 км зайд орших Баян хөндий, Алтан нар ордуудыг ашиглалтын шатанд хүртэл хөгжүүлэхээр зорьж яваа.

"Эрдэнэ ресурс”-аас гадна Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Кинкоракоппер” компанийн хэрэгжүүлж буй "Хүрэл үнэг” төслийг онцлох учиртай. Хайгуул нь дажгүй яваа, өнөө жил олон сайн мэдээ дуулдах магадлал өндөр төслүүдийн нэг.

"Занаду майнс”ын "Хармагтай” байна. Оюу толгойн дараа орох боломжийн төсөл гэж уул уурхайхан онцолдог.

Нүүрсний салбарт хэрэгжиж буй дажгүй төслийн нэг нь "Аспайр майнинг” компанийн Хөвсгөлийн Овоотын коксжих нүүрсний ордын төсөл. Нөөц нь 230250 сая тонноор хэмжигдэж буй энэ ордын тухайд энэ жил нүүрсээ тээвэрлэх зам барих, цахилгаан станц барих ажил өрнүүлэх, хөрс хуулалтаа хийж эхлэх гэх мэт гэгээтэй мэдээ олон байна.Олон улсын ЖОРК стандартаар нөөцийг нь тогтоосон энэ ордын нүүрс Таван толгойн коксжих нүүрстэй өрсөлдөхгүй, харин ч биенээ нөхөх, дэмжих давуу талтай. Коксжих нүүрсээр ган хайлдгийг уншигчид мэднэ. Хар үгээр тайлбарлавал ойролцоогоор гурваас таван төрлийн нүүрсийг хольж байж ган хайлдаг. Ган хайлахад Таван толгойнх шиг коксжих нүүрс их хэмжээгээр ордог бол Овоотынх шиг төрлийн нүүрс 1525 хувийг нь эзэлдэг гэж нүүрсний салбарынхан онцолдог. Өөрөөр хэлбэл Таван толгой, Овоотын нүүрсийг хольж байж ган хайлах боломж бүрддэг гээд ойлгочихож болно. Бүр энгийнээр тайлбарлавал энэ хоёр ордын нүүрсийг холихоор тун дажгүй чанарын коксжих нүүрс гарч ирдэг гэсэн үг. Овоотын нүүрсэнд өөр нэг том давуу тал бий. Хятадын Шаньси мужийн нүүрсний зарим орд, Оросын Кузбасаас Овоотынх шиг чанарын коксжих нүүрс гардаг. Гэхдээ сүүлийн үед Орос, Хятадад нэлээд гүний олборлолт хийж, багагүй зардал өртөг болсны эцэст энэ төрлийн нүүрсийг олборлож байгаа. Овоотоос нүүрс тээвэрлээд эхэлбэл зах зээлийн эрэлт их, өндөр үнэтэй нүүрсний экспортын орон зай бийг эндээс харчихаж болно. Овоотоос нүүрс экспортлоод эхэлбэл олох долларын хэмжээ өсөхөөс эхлээд давуу тал их бий. Дашрамд онцлоход, энэ ордын нөөцийг хорь гаруй жил ашиглах тооцоо бий.

Таван толгойн IPO-г сонгуулиас өмнө хийж олон улсын зах зэээлээс мөнгө босгох ажил амжилттай яваа гэсэн мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгөөд удаагүй байна. Одоогийн байдлаар IPO босгох ажлыг хариуцаж ажиллах олон улсын банк санхүүгийн байгууллагууд тодорчихсон.

Ирэх сардаа багтаж проспектусаа дуусгаж, хөрөнгийн биржүүдэд өгөхөөр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг салбарын яамнаас саяхан өгсөн юм. "Эрдэнэс Таван толгой” компани Хятадтай жилд 30 сая тонн нүүрс борлуулах тохироо хийснээ удахгүй баталгаажуулах мэдээ ч дуулдаж байна. Урд хөрштэй энэ гэрээг хийчихвэл Таван толгойн ордод түшиглэж олон улсын зах зээлээс мөнгө босгох ажил нэмэр, дэм болно.

Оюу толгойн ажлыг урагшлуулах ёстой гэсэн шийдвэр гарч, ажлын хэсэг байгуулагдчихсан. Хэлэлцээр хурдтай урагшилбал Оюу толгойгоос эдийн засагт ирэх өгөөж нэмэгдэнэ. Өнөөхөндөө долларын ханш огцом цойлчихгүй яваа цор ганц шалтгаан нь Оюу толгойн хөрөнгө оруулалт гэж эдийн засагчид онцолдог. Үйлдвэрлэлийн босоо амаа ашиглалтад оруулсан энэ төслийн хувьд олон жил яригдсан цахилгаан станцын шав өнөө жил тавигдах байх гэсэн хүлээлт бий. 2023 онд ашиглалтад орох тов гарчихсан гээд харахаар өмнийн говьд барих цахилгаан станцын ажил энэ жилдээ эхэлчих болов уу.

Зэс, нүүрс, алтнаас гадна ирэх жилүүдэд гянт болд, лити гээд минералын төслүүд амжилттай хэрэгжих магадлал өндөртэйд тооцогдож байна. Литийн хувьд гэхэд л утасны батарей хийхэд ашигладаг минерал. Энэ мэт минералын төслүүд олон улсын хөрөнгийн зах зээл дээр халуун сэдэв болж буй. Цахилгаан машины хэрэглээ огцом нэмэгдэнэ гэх мэт олон шалтгаан лити гэх мэт минералын төслүүдийг моодонд оруулж байгаа. Олон улсын литигийн зах зээлийг харахаар өнөөгийн байдлаар литийг утас, компьютерийн батарейнд ашиглаж байна. Литигээр машины батарей хийгээд эхэлбэл яах нь тодорхой. Литигийн ойрын дунд хугацааны олон улсын зах зээл дээрх эрэлт өндөр болно гэсэн үг. Литигийн үнэ өсөөд эхлэхээр манайд хэрэгжих төслүүд амжилттай үргэлжлэх нь тов тодорхой хэрэг. Манайд энэ чигийн хэд хэдэн төсөл бий. Хайгуул хийж яваа сайн компаниуд ч байгаа. Энэ компаниудын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлтэй харилцаж ажиллах өндөр сонирхолтой яваа.

Уул уурхайн ирэх жилүүдийн гэрэл гэгээтэй сонин гэвэл энэ мэтчилэн олон зүйлийг дурдаж болно. Бодлогын тогтвортой орчин, популизмгүй улс төртэй болчихвол доллар татах төслүүдийг олноор нь хэрэгжүүлэх боломж уул уурхайд байна даа.

Ц.Баасансүрэн 

Эх сурвалж: Өдрийн сонин 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!