Овоот-Эрдэнэтийн төмөр зам гацаж, авто замаар солигдсоны шалтгаан юу вэ
Төмөр замаар нүүрс тээвэрлэх заяа манай улсад алга. Учир нь төмөр замын төсөл бүхэн гацаж байна. Үүнд бас тодорхой шалтгаан ч алга. Зүгээр л хөрөнгө санхүү, тодорхойгүй шалтгаан зэрэг тайлбартайгаар хойшилдог, гацдаг далдын тогтолцоо бүрджээ. Үүний нэг нь Овоотын коксжих нүүрсний ордын төсөл юм. Энэ төслийн хүрээнд Овоот-Эрдэнэт чиглэлд 540 гаруй км төмөр зам барихаар болж, 2017 оны зургадугаар сард шав тавьсан байдаг. Энэ төмөр зам нь цаашлаад ОХУ-ын хил рүү Арц Суурийн боомтоор холбох төлөвлөлт байсан юм. Төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-г 2012 оны хоёрдугаар сард боловсруулж дуусгасан. Замын ажилд "Нортерн рейлвейс” компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон.
Харин оронд нь тус газар 560 км хатуу хучилттай авто зам барих болсон талаар эзэмшигч компаниас тайлбарлав. Угтаа бол төмөр замын ашиглалт энэ оноос эхэлбэл уурхайн үйл ажиллагаа мөн эхлэх төлөвлөгөөтэй байсан юм. Энэ талаар "Аспайр майнинг лимитэд" компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл өнгөрсөн есдүгээр сард болсон "Сoal Mongolia” чуулга уулзалтын үеэр "Монголд тээврийн нөхцөл сайжирвал нүүрсийг экспортод гаргах боломж бий. Тээвэрлэлтийг авто зам болон төмөр замаар хийх боломжтой. Мэдээж хэрэг төмөр замын тээвэр үнийн хувьд өрсөлдөх чадвартай. Тиймээс Монголын хойд бүсэд төмөр зам барих, төмөр замын коридор үүсгэх ажилд хамтрагч болохоор сонирхож байгаа компаниуд бий. Хар далай хүртэл төмөр замаар тээвэрлэх боломжтой гэж харж байгаа. Манай компани одоогийн байдлаар 60 сая ам.долларын хөрөнгө татсан. Цаашид хөрөнгийн хэмжээ нэмэгдэх болно. Учир нь бид том түншүүдтэй, бас манайхыг сонирхож байгаа олон хөрөнгө оруулагч бий” гэсэн юм.
Харин одоо Овоот-Эрдэнэтийн төмөр зам гацаж, авто замаар солигдсоны шалтгаан асуултын тэмдэг үлдээж, Овоотын уурхайн ашиглалт хэзээ эхлэх нь таашгүй зүйл боллоо.Учир нь одоогоор авто замын ТЭЗҮ судалгааны шатанд яваа гэнэ. Жилд 10 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай Овоотын нүүрсний ордын төсөл сүүлийн үед олон нийтийн анхаарал татаад буй. Учир нь энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын экспортын 20-30 хувийг бүрдүүлэх боломжтой гэсэн тооцоолол байсан юм. Монголын хойд бүсийг хөгжүүлэх том амбиц бүхий "Аспайр майнинг лимитэд” компанийн эзэмшлийн Овоотын төсөл нь 430 гаруй хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг бөгөөд олборлолтын нэг, зэргэлдээ орших гурван хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Тус компани нь тусгай зөвшөөрлөө 2012 онд авч хайгуулын ажлаа тус ондоо эхлүүлжээ.
Энэ орд нь манай орны баруун хойд бүс нутагт байрладаг. Овоотын коксжих нүүрсний дээжийг коксын шатаах зууханд турших туршилтыг 2013 оны эхээр хийжээ. Тус уурхайн нөөцийг Жорк стандартаар 247 сая тонн гэж тогтоосон юм. Овоот төслийн гол хэрэглэгч нь Орос, Зүүн хойд Азийн бүсийн нутгууд байна. Хөрөнгө оруулалтын нийт зардал нь 144 сая ам.доллар болжээ. Жилд ойролцоогоор таван сая тонн коксжих нүүрс олборлож экспортолно. Овоотын төсөл үйл ажиллагаагаа явуулахад эрчим хүч, усны бэлэн эх үүсвэртэй байгаа нь давуу талтай юм гэдгийг хөрөнгө оруулагчид тайлбарладаг. Тухайлбал, Завхан аймгийн Тэлмэний дулааны цахилгаан станцын эзэмшигчидтэй харилцан ойлголцлын, үүрэг хүлээх санамж бичгийг байгуулжээ. Овоотын талбай дундуур шууд дайран өнгөрдөг 110 кВт эрчим хүчний шугамд холбохын тулд шаардлагатай, дамжуулах дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор ийнхүү тэд хамтарчээ. Түүнчлэн Овоот төслийн хүрээнд Сайншандын нүүрс холих байгууламжийг байгуулахаар судалгаа хийсэн талаараа танилцуулсан юм.
Еagle.mn