Хулгайд алдагдсан бурхдын хэргийг илрүүлж чаддаггүй Монголын цагдаа

🕔 2019/12/18 12:11
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын хийдээс алдагдсан Өндөр гэгээн Занабазарын урласан Ногоон дарь эх бурхан өнөө хэр нь олдсонгүй

Монголын түүх, соёлын хосгүй үнэт өв, үзмэр, археологийн дурсгал, дэлхий дахинаа монгол хүний дархан ухаан, уран нарийн хийцийг гайхуулсан бурхан, тахил, шашны эд зүйлс хулгайн гараар орж, хаачсан нь мэдэгдэхгүй алга болох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэв. Зарим нь энэ тэнд олон улсын дуудлага худалдаагаар худалдаалагдаж байна гэх мэдээлэл гардаг ч барин тавин нотолсон зүйл үгүйтэй адил үгүйсгэх ч аргагүй юм. Энэ чиглэлээр мэргэшсэн хууль бус наймааны бүлэглэл бий болсон бөгөөд хаана, ямар бурхан, шүтээн байгааг андахгүй, зарим нь бүр захиалга өгөн хулгайлуулдаг гэх яриа ч бий. Түүнчлэн эдгээр өвийг арчлах, хамгаалах үүрэг хүлээсэн музейн ажилчид, төрийн албан тушаалтнууд өөрсдөө тонох тохиолдол ч хэд хэдэн удаа гарсан. Энэ нь төр соёлын өвдөө эзэн болж чадахгүй байгаагийн илрэл төдийгүй төрийн эзэмшлийн зүйлд эзэн байдаггүйн тод жишээ. 
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн бямба гарагт цагдаагийн байгууллагынхан айлд нэвтэрч, бурхан тахил, эртний эдлэл, аль өнгөтэй, өөдтэйг нь хамдаг гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ. Тэд 28 настай Ш, 32 настай Б нар бөгөөд 2018 оноос хойш ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна. Одоогийн байдлаар тэд хулгайн 40 үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа гэсэн. Бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд хулгай хийсэн хүмүүсийг илрүүлж чадалгүй өдийг хүрсэн нь манай хууль, хяналтын байгууллагын чадвар, чадавхийг харуулна. Цагдаагийн ерөнхий газраас хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхээр олон ажил хийж, хэрэгжүүлж, тодорхой хэмжээнд үр дүнд хүрээд байгаа ч түүх, соёлын үнэт өв, тэр дундаа бурхан, тахил, шашины эд зүйлстэй холбогдох гэмт хэрэгтнийг илрүүлэхдээ тааруухан, илрүүллээ гэхэд хулгайн эд зүйлсийг хаана, хэрхэн борлуулсан нь таамаг төдий үлддэг. Үүнийг нотлох олон жишээ дурдаж болох ч ноцтой хэргүүдийг нь онцлон хүргэе. 

МУЗЕЙГЭЭС ХУЛГАЙЛСАН 1000 ГАРУЙ ҮЗМЭР ОР СУРАГГҮЙ ХЭВЭЭР

Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгч Банзрагчийн Энхбат  нь 2007 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд 448 төрлийн 1070 гаруй үнэт эдлэл хулгайлжээ. Түүнийг ийн хулгай хийж буйг музейн захиргаа, яам тамгын албан тушаалтнуудаас хэн нь ч гадарлаагүй  гэдэг. Дээрх мянга гаруй үзмэрийн дунд байсан есөн лхам бурхан хилээр гарсан аж. Түүнчлэн 1998-2003 онд Америк болон Европын холбооны улсууд руу үзэсгэлэнд авч явсан эртний хүрэл бурхан зэрэг арваад бүтээл мөн л алга болжээ. Цагдаа нар хэргийг илрүүлэн Б.Энхбатад долоон жилийн ял оноосон ч түүний хулгайлсан мянга гаруй хосгүй үнэт өв болсон үзмэрүүдийн нэг нь ч музейдээ эргэн тавигдаагүй юм.

ГУУЛИН БУРХНААР СОЛЬСОН АЛТАН БУРХАН ХААЧСАН БЭ

Бурхан тахил хулгайлах, дуурайлгаж хийсэн ноцтой зөрчил олон гарч байсан. Гэвч дуурайлгаж хийсэн бурхан болгоныг шалгаж, шинжээчээр дүгнэлт гаргуулах боломжгүй учраас илрүүлэлт ч энэ хэрээр бага байдаг гэнэ. Ийм нэгэн хэрэг Өвөрхангай аймгийн Хархорин сумд байрлах "Эрдэнэзуу” хийдийн музейд гарсан. Тус музейд хосгүй үнэт өвөөр бүртгэгдсэн алтан Аюуш бурхан хоёр ширхэг байж. Гэтэл гэмт хэрэгтнүүд алтан бурхныг гуулин бурхнаар солин хулгайлжээ. Үүнийг хэзээ хойно нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид илрүүлсэн. Гэвч алтаар урласан Аюуш бурхан хаашаа алга болсон, хэн хулгайлсан гэдгийг цагдаа нар өнөөг хүртэл тогтоож чадаагүй юм. 

ГУРВАН УДАА ХУЛГАЙЛАГДСАН НОГООН ДАРЬ ЭХ

Өндөр гэгээн Занабазарын урласан Ногоон дарь эх бурхан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байх Баруун Чойрын хийдээс нийт гурван удаа хулгайлагдсан. Тус алтадсан Ногоон дарь эх бурхныг 500 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Хамгийн анх буюу  2006 оны хавар Цагаандэлгэр сумын ИТХ-ын дарга О.Батсүх анх бурхныг хулгайлжээ. Ингэхдээ гэмт хэргээ нарийн төлөвлөж, эртнээс тооцоолсон аж. Тэрбээр бурхныг хуурамчаар БНХАУ-д ялгагдахын аргагүй нарийн ур хийцээр хийлгэн, 1.3 сая төгрөг төлжээ. Ийн хуурамчийг жинхнээр нь сольж амжсан ч хулгайлсан бурхнаа гэртээ хадгалж байгаад баригдсан. Харин хоёр дахь удаа нь нутгийн гурван залуу бурхныг хулгайлжээ. Тэд тус бурхныг соёлын нэн ховор бүтээл, 250 сая төгрөгөөр үнэлсэн тухай мэдээллийг сонсоод хулгайлахаар шийдсэн юм билээ. Гэхдээ тэд ИТХ-ын дарга О.Батсүх шиг нарийн төлөвлөөгүй. Гэгээн цагаан өдөр хийдэд нэвтэрч, манаачаас бурхныг дээрэмдэн зугатсан байдаг. Үүний дараа эрүүгийн ертөнцөд "Хожиндой” нэрээр алдаршсан Б.Батжаргал болон түүний хам хэрэгтэн "Дармын улаан” хочит Я.Мөнхбат, С.Пүрэвбат нар хулгайлаад мөн л баригдсан түүхтэй. Шүүхээс "Хожиндой” хочит Б.Батжаргалд 17 жил, түүний хам хэрэгтэн "Дармын улаан” хочит Я.Мөнхбат, С.Пүрэвбат нарт тус тус 16 жилийн хорих ял оноожээ. Ногоон дарь эх бурхныг хулгайлсан гэмт хэрэгтнүүд хилээр гаргасан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд мөн л хаана байгааг нь өнөөг хүртэл олоогүй юм. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн найман жил өнгөрчихөөд байхад манай хууль, хүчний байгууллагууд бурхнаа олсонгүй. Мөн Цагаандэлгэр сумын Баруун Чойрын хийдийн манаач эмэгтэйг дээрэмдэж, арав гаруй бурхан хулгайлсан хэрэг гарсан. Дээрх хэрэг ч мөн илрээгүй байгаа юм.
2016 онд Парист болсон дуудлага худалдаагаар Занабазарын хийцийн Ногоон дарь эх бурхан 3.467.500 евро буюу 4.3 сая ам.доллароор зарагдсан. Албан бус мэдээллээр уг бурхныг Тайванийн нэгэн иргэн худалдаж авсан гэнэ. "Sotheby’s” компанийнхан дуудлага худалдааны мэдээллийг ихэд нууцалж, ямар хүмүүс уг худалдаанд үнэ хаялцсаныг мэдээлээгүй. Энэ бурхныг 2011 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдээс алдагдсан бурхан гэх мэдээлэл байдаг. Гэвч энэ талаар холбогдох байгууллагууд тодорхой мэдээлэл өгөлгүй өдийг хүрсэн. "Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар сүүлийн жилүүдэд "Монголын Занабазарын хийц, дэгээр бүтээгдсэн” гэх тодотголтой хэд хэдэн бурхан зарагдсан юм байна. 2005 оноос хойш л гэхэд "Занабазар сургууль” гэсэн тодотголтой олон бурхан зарагджээ. 
Энэ мэт бурхан хулгайлсан хэргүүдийн заримынх нь эзэн холбогдогч тодорхой болсон ч тэдгээр түүх, соёлын үнэт өвүүд хаана байгаа нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Мөн гэмт хэрэгтнийг олоогүй хэргүүд ч цөөнгүй байгаа юм. Монголын хууль, хүчний байгууллагууд, цагдаа нар дээрх хэргийг илрүүлж чаддаггүй юу, эсвэл илрүүлэхийг хүсдэггүй юү. 

Үндэсний шуудан


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!