Б.Бадамханд: Шавь маань “Дэлхийн аварга” болсонд баяртай байна

🕔 2019/12/18 12:32

Саяхан Камбожи улсын нийслэл Пномпень хотод болсон Соробан сампин, цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж, 83 хүүхэд оролцож, "Дэлхийн аварга”-ын 38 цом,  36 "Алтан цом”, зургаан "Мөнгөн цом”-ын эзэн болсны дотор Дундговь аймгаас оролцсон Ууганбаатарын Мишээл "Дэлхийн аварга”, Энхбаярын Аялгуу "Алтан цом”-ын эзэн болжээ.

Тус тэмцээнд 40 орны 4000 гаруй хүүхэд багачууд 10 ангиллаар оролцож, оюуны чадвараараа өрсөлдсөн аж.

"ТОЯА" хүүхэд хөгжлийн академийн Дундговь аймаг дахь салбарын багш Б.Бадамханд "Тэмцээн эхлэхээс л хүүхдүүдийнхээ өмнөөс сандарч эхэлдэг. Тэгээд дүн гарахын урд өдөр бол нойр хүрдэггүй. Шагнал гардуулах үйл ажиллагаа эхлээд хүүхдүүдийг дуудах хүртэл  санаа амрахгүй, өмнөөс нь догдолж сандарч байгаад л таардаг. Шавь маань "Дэлхийн аварга” болсонд баяртай байна” гэлээ.   

У.Мишээл өнгөрсөн жил тус тэмцээнд оролцож, "Алтан цом” авч байсан бол энэ жил түвшингээ ахиулан "Intermediate A” түвшинд оролцож, өнгөрсөн жилийн амжилтаа ийнхүү ахиулсан байна.

"ТОЯА” хүүхэд хөгжлийн академийн салбар 2016 оны зургадугаар сараас Дундговь аймагт салбараа нээж, үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ хугацаанд Олон улсын тэмцээнд хоёр дахь жилдээ, улсын тэмцээнд алгасалгүй оролцож байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд Цээж тооллын улсын аварга шалгаруулах тэмцээн хавар, намар буюу жилдээ хоёр удаа болдог бөгөөд энэ жилийн намрын нээлтийн тэмцээн 11 дүгээр сард болжээ.

Хаврын тэмцээн нь "Үндэсний аварга шалгаруулах тэмцээн” нэрийн дор болж, хөдөө орон нутгийн бүх салбарын 3000 орчим хүүхэд оролцон тус тэмцээнээс Олон улсын тэмцээнд явах шилдгүүдээ шалгаруулдаг хэмээн Б.Бадамханд тодрууллаа.

Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус сургалтын төвийн сургалтад давхардсан тоогоор 500 орчим хүүхэд хамрагдаж, тэдгээрээс 100 гаруй хүүхдийг тэмцээн, уралдаанд бэлтгэж, 40 гаруй хүүхэд шагналт байрт шалгарч байжээ. Энэ хугацаанд тус салбар 2017 оноос хойш намрын нээлттэй "Үндэсний аварга”-аар гурав дахь жилдээ шалгарсан байна.  

 

Соробан сампингаар хичээллэснээр хүүхдийн баруун, зүүн тархи тэнцвэртэй хөгжиж, сууж сурдаг, анхаарлаа төвлөрүүлж сурдаг, сэтгэн бодох хурд нэмэгддэг ач холбогдолтойг сургалтын төвийн багш мөн онцоллоо.  

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!