Өөгшүүлсэн хуультай байхад малын хулгай гаарахаас аргагүй

🕔 2019/04/15 16:20

23 хонь хулгайлсан байхад хөнгөн хэрэг гэж үзээд нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлдэг

 

Өнгөрсөн өвөл нийт нутгаар цаг агаар сайхан байсан тул мал сүрэг зуд турханд зутралгүй онд мэнд орж байна. Таван хошуу малын тоо толгой 66 саяд хүрч, түүхэн дээд амжилт тогтоов. Гэхдээ цаг агаарын таатай байдал малын хулгайг нэмэгдүүлдэг сөрөг талтай аж. Учир нь малчид малаа нядлах нь цөөрч, ингэснээр махны хомсдол үүсэх нь зах зээлийн хууль. Хомсдол үүссэн үед зах зээлийнхээ зарчмаар үнэ нэмэгддэг зүй тогтол махны үнийг ч дайрсангүй. Харин махны үнэ ийн нэмэгдсэн нь урт гартнуудад хулгай хийх сэдэл төрүүлжээ. Ганц адуу сая төгрөгөөр зарагдаж байхад хулгайч нарын шунал гозолзохоос ч яахав.

ПРИУС ХӨЛӨГЛӨСӨН ХУЛГАЙЧ НАР ОЛШИРЧЭЭ

2017 онд улсын хэмжээнд малын хулгайн 901 хэрэг бүртгэгдсэн бол 2018 онд энэ тоо 1096 болж өсжээ. Тэгвэл зөвхөн 2019 оны эхний гурван сард энэ төрлийн гэмт хэрэг 202 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 85 хувиар нэмэгдсэн дүн юм.

"Махны үнэ өссөн нь малын хулгай нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна. Мөн нийт нутгаар цас бага унасан нь малын хулгайч нарт таатай боломж олгосон гэсэн үг. Өмнө нь тэд машинаа засч янзлаад, туулах чадварыг нь нэмэгдүүлж байж малын бэлчээрт очдог байсан бол одоо приустэй давхиж очоод л малыг нь нядлах хулгайлсан тохиолдол хүртэл гарах болов. Хамгийн гол нь малчид өөрсдөө сонор сэрэмжээ дээшлүүлэхгүй бол малчин болгоны гадна цагдаа нар манана гэж байхгүй шүү дээ” хэмээн Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, дэд хурандаа Г.Бөхчулуун ярьсан юм.

Хулгайч нар нядалсан малаа махны ченжүүдэд нийлүүлэх замаар үгүй хийдэг. Уг нь Монгол Улсад зарагдаж буй мах бүхэн гарал үүслийн гэрчилгээтэй байх ёстой ч энэ журам амьдралд хэрэгждэггүй нь малын хулгай гаарах үндэс болжээ. Өдгөө хулгайч нар ямар нэгэн малын эмчтэй ярьж байгаад гарал үүслийн гэрчилгээ бичүүлээд авчихдаг болсон байна. Тиймээс цагдаа нар шалгасан ч өнөөх бичгээ хээвнэг үзүүлчихээд явж одно. Энэ бичгийг нь тулган харж, үнэхээр тухайн малчны мал мөн эсэхийг нягталж шалгадаг механизм одоогоор алга. Тиймээс өнөөх цаасыг нь үзээд өнгөрөөхөөс аргагүйд хүрдэг тухай албаныхан учирлаж байв.

"Хулгайн малын дор хаяж 50 хувь нь гарал үүслийн гэрчилгээтэй байдаг. Хэрэв гарал үүслийн гэрчилгээ хууль бусаар бичиж байгааг таслан зогсоовол малын хулгайн гэмт хэрэг 50 хувиар багасна гэсэн үг” хэмээн дэд хурандаа Г.Бөхчулуун хэлсэн юм.

ДОЛОО БОЛОН НАЙМАН ҮХЭР УНАГАСНЫ ЗӨРҮҮ

Манай улс малын хулгайч нарын толгойг илсэн тун энэрэнгүй, өөгшүүлсэн хуультай гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй байх. Үүнийг ойлгомжтой тайлбарлахын тулд хоёр хэргийг жишээ болгож авъя.

Хэрэв нэг хүн бусдын ТҮЦ эвдэн орж, дотроос нь бараа хулгайлаад машинд зөөж одвол тун ч хүнд ял сонсоно. Учир нь хулгай хийхдээ зэвсгийн чанартай эд зүйл болон машин механимзм ашигласан гэж үздэг нь хэргийг хүндрүүлэх нөхцөл болж, ямар ч өршөөлгүйгээр 2-8 жилийн ял сонсдог аж.

Харин өөр нэг хүн бэлчээрт идээшилж байсан айлын малыг буудаж унагаад машинд ачиж одсон хэрэг гарлаа гэж бодъё. Адилхан л зэвсгийн чанартай эд зүйл болон машин механизм ашиглан хулгай хийсэн хэдий ч малын хулгайн хуульд энэ нь хүндрүүлэх нөхцөл болдоггүй байх юм. Энэ тохиолдолд нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, зорчих эрхийг нь хязгаарлах, эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорино гэсэн хуулийн заалт байдаг аж. Тэгвэл ямар тохиолдолд малын хулгайг хүндрүүлсэн нөхцөлтэйгөөр авч үзэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Эрүүгийн хуульд зааснаар олон тооны мал хулгайлсан, тухайн хэргийг бүлэглэн үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл болдог байна. Харин олон тооны мал гэдэгт 24 бог, эсвэл найман бод мал хэмээн заажээ. Гэвч нэг дор ийм олон тооны мал хулгайлах тохиолдол бараг байдаггүйг цагдаагийн албаныхан хэлж байна. Ингээд бодохоор айлын долоон үхрийг, эсвэл 23 хонийг буудаж унагаад хулгайлсан байхад хөнгөн хэрэг гэж үзэх нь. Хэрэв тухайн хулгайч танил тал сайтай, сайн өмгөөлөгч хөлсөлсөн байхад шоронд суулгүй, нийтэд тустай хөдөлмөр эрхэлсэн болоод өнгөрдөг хууль үйлчилж байна. Тэгэхээр урт гартнууд хууль бусаар мөнгө олохын тулд ТҮЦ ухаж, азаа үзэж байхаар мал хулгайлах нь илүү амар болж байна. Муугаар бодоод баригдлаа гэхэд ялаас амархан мултарч бараг шийтгэл хүлээдэггүй болохоор тэр.

"Яг адилхан хулгайн хэргийг хоёр өөрөөр шийдэж, нэгэнд нь дэндүү хөнгөн ял оноож байгаа нь яаж ч бодсон буруу” хэмээн хуульч Г.Мөнхтөр хэлсэн юм.

Хуулийн зүйл заалтыг ингэж дэлгэрэнгүй тайлбарлах нь бусдад хулгай хийх сэдэл төрүүлэхийг үгүйсгэх аргагүй. Ийм хөнгөн ял оноодог юм бол мал хулгайлаад байя гэсэн бодол зарим хүнд төрж ч мэднэ. Гэхдээ манай эрүүгийн хуулийн зүйл заалт малын хулгайч нарт том боломж олгож буй бодит үнэнийг бичихээс өөр арга байсангүй. Хэрэв Хууль зүй, дотоод хэргийн яамныхан, шийдвэр гаргах түвшний эрхмүүд энэ нийтлэлийг уншиж байвал асуудлыг анхааралдаа авч, хуудуутай хуулийн заалтаа эргэж харна гэж найдъя. Үгүй бол малын хулгай улам гаарч, малчид дөрвөн цагийн уртад зовж өсгөсөн хэдэн малаа урт гартнуудад алдсаар байх нь.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малын хулгай 85 хувиар нэмэгджээ

"Өмнө нь 1-2 адуу алдлаа гэдэг байсан бол одоо азарга азаргаар нь, үнэтэйгээс нь сорчлон хулгайлдаг болж. Азарга адуугаа алдаад эрэл суралд бүтэн хагас сар амсхийлгүй явж байхад таарсан адуучин бүр алдсан адууныхаа тухай халаглан ярьж, харуусаж байна. Мэдээлэл технологийн энэ үед хайж илрүүлэх, мэдээлэл дамжуулах, эрин сурвалжлах олон дэвшилтэт техник, технологи байгаа нь дамжиггүй. Энэ бүх техникээр тоноглогдсон, зориулалтын сургалт, арга барилаар зэвсэглэсэн тусгай байгууллага байгуулах хэрэгтэй болжээ. Хуучин арга барилаар, дан ганц цагдаагийн байгууллага доторх нэг салбарын хүчээр энэ гамшигтай тэмцэхэд үр дүн, амжилт муутай байгаа нь олон жилийн бодит жишээгээр батлагдаж байна. Дээдсүүд нь дээрээ хэрэлдэж, хэдэн тэрбумын хулгайгаа ярьж суух хооронд "дүү” малын хулгайч нар нь гамшиг болгож байна” хэмээн адуучин Ч.Аянга хэмээх залуу facebook-тээ бичжээ.

"Нийт малын хулгайн 90 хувь нь хүнсэнд хэрэглэгддэг. Гэтэл бид идэж буй хүнсээ хянаж чадахгүй байна шүү дээ. Энэ нь эргээд малын халдвар өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Үнэнийг хэлэхэд ченжүүд хулгайн мал гэдгийг мэддэг хэрнээ худалдаж авдаг. Мал хулгайлах, гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх, борлуулах сүлжээ хэдийн бий болчихоод байна. Бид энэ тогтолцоог засаж янзлахгүй бол дан ганц цагдаагийн хүчээр тэмцээд, хэдэн хүнийг шоронд хийгээд амжилтад хүрэхгүй. Мал бүртгэлийн систем технологижиж, хяналт шалгалт сайжирвал малын хулгайг эрс бууруулах боломжтой” хэмээн дэд хурандаа Г.Бөхчулуун хэлснийг эцэст нь сануулъя.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!