Монгол сайн эр: Малын хулгайгаас хүний хулгай
Нийтлэлч Б.Цэнддоогийн фельетоныг хүргэж байна.
Монгол сайн эр: Малын хулгайгаас хүний хулгай
-фельетон-
Монголчууд хүний эд юмыг хэлэлгүй авдаг хүнийг хулгайч гэх боловч, мал хулгайлдаг хүнийг "сайн эр” гэдэг. Мал хулгайлдаггүй эр хүнийг "муу эр” гэдэггүй ч гэсэн "сайн эр”-д бол яасан ч тооцохгүй жишээний. Сайн эр буюу олон жил тасралтгүй малын хулгайгаар амжилттай "занимаалсан” хүмүүстээ хөшөө босгодог уламжлалтай. Харин олон хулгайч барьсан цагдаагийн хөшөө гэж байдаггүй нь нэгийг өгүүлэх мэт.
Монголын "эс өгсөн малыг ологчид” өөрсдийн гэсэн сүлд дуутай байсан ба тэрхүү алдарт бүтээлд:
Гучин гурван шарга адуу (эс өгснийг авснаас)
Гурваас бусад нь усан тэлмэн жороо...
...Танай заяа дийлбэл
Тал дотор гүйцээрэй
Манай заяа дийлбэл
МанАн будан татаарай... хэмээн өгүүлэх ажгуу.
Их төлөв сайн эрсээс бүрдсэн "Ман-Ан” эвсэл өнөө засгийн эрх барьж байгаа нь бас л хоёрыг өгүүлэх мэт ээ.
Шилийн сайн эрсийн бизнесийг ивээдэг гэх нэгэн овоонд монгол эрчүүд юмыг яаж мэдэхэв, тааралдсан хүүхнүүд "нэгэн сайн эр явж байна” гэж бодох юм билүү гэх маягаар очиж мөргөх нь элбэг. Ялангуяа цагаан сараар тэдний дотор төрийн албан хаагчид олноороо байдаг нь АТГ-ын анхаарлыг их татдаг гэх. Хүчний байгууллагынхны дунд тарсан цуурхлаар бол, АТГ-аас Шилийн Богд орох замд камер байрлуулж, хүслээ шивнэдэг овоонд нь микрофон нуусан гэх.
Домогт өгүүлдгээр, хуучин цагийн сайн эрчүүд хулгайлсан малаа тарааж, ядуурлыг бууруулах ажил хийдэг байж. Харин шинэ цагийн сайн эрс ядуурлыг бууруулах хөтөлбөрөөс хусдаг болсон гэх. Иймээс ядуурлыг бууруулах бүх хөтөлбөр өөрөө ядуураад хаагдсан авай.
Одоо, монголчуудын хулгай хөгжлийн шинэ шатанд гарсан бахдам амжилтаас ярина аа. Өвөг дээдэс нь адуу хулгайлан хошуу алгасч давхидаг байсан бол цог жавхлант үр ач нь тив алгасуулан хүн хулгайлж, даяаршлын бизнест амжилттай хөл тавьсан билээ.
Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, саяхан Түркүүд сайн эрсийн эх оронд сайн эрийн явдлаар явах гээд жаахан баарсан явдал болов. Тэд өмнө нь Казахстан, Косовогаас амжилттайгаар хүн хулгайлсандаа эрдэж, "нэгэн амсгаагаар сайн эр болов” гэж бардсан уу, "чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр биднийг гэртээ сэрэмжгүй хэмээн бодсон уу, аль ч талаас нь харсан гоомой явдал гаргав.
Монголчууд хуучны малын хулгайн "кэйс”-үүдийг үлгэр домог болгон хэлэлцээр ирсэн бол өнөөгийн хүний хулгайн хэргээр бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлдөг заншилтай. Өөрсдөө хүн хулгайлбал хэрэг явдал өрнөсний дараа олон нийтээрээ хэлэлцэн дүн тавьдаг. Харин Турк сургуулийн захирал Вэйсэл Акчайг хулгайлж буй үйл явдлыг газар дээр нь шүүн хэлэлцэж, "хулгайлж байгаа хэсэг нь тааруу байна”, "хулгайдаа унадаг халиун жэт нь тэр мөн ”, "хүнийг ингэж хулгайлдаггүй л байхгүй юу” гэхчлэн санал нэмэрлэн, анализ хийж байлаа.
Эцсийн эцэст Туркүүдийн хийж буй хүний хулгайд муу дүн тавьж, шүүлгийн дэвтэрт нь "үл тооцов” хэмээн тэмдэглээд, олонхийн саналаар хулгайг цуцалсан байна.
Дараа нь хулгайлагдсан Акчайгийн инээсэн зурагтай сэтгэгдэл, Туркийн элчингийн инээмсэглэсэн зурагтай ярилцлага цуврав. Туркүүдээ гэж, нүүрийн баясгалантай улс юмаа. Алуулангаа алдаж байхдаа ч малийгаад л, ажил нь нурж байсан ч малийгаад л...зүгээр ч юм уу?
Түркүүд "хүн хулгайлаагүй” хэмээн мэдэгдэв, дараа нь манайхан "нийлж хулгайлаагүй” хэмээн мэтгэв. Тэдний үгэнд үнэмших юм бол Акчай гуай өөрөө өөрийгээ хулгайлсан болж таараад байна. Мань хүн өөрийгээ ховсдон "ажилдаа явна” гэрээсээ гаргаад, дараа нь өөрийгээ эзэнгүй машинд хүчээр чихээд, тэр машинаа хүчээр өөрийг нь явуулаад, хүлээстэй чигээрээ машинаа бариад онгоц буудал ороод, орой нь өөрийгээ хүчээр сулласан шиг байгаа юм. Бас тэр мөрөөрөө явсан Туркийн тагнуулын онгоцыг хэрхэн яаж Улаанбаатарт хүчээр буулгасан нь бөөн оньсого. Монголжсон түрк хүн л ийм юм хийдэг юм байлгүй. Магадгүй, хүн өөрөө өөрийгээ амжилтгүй хулгайлсан анхны тохиолдол энэ болох байх.
Харин дэлхий даяараа Монголыг бахдаж энэ талаар эгнэх өөр улс байхгүйн тухайд санал нийлсэн гэх. Дэлхийн томоохон хэвлэлүүдэд "Бен Ладеныг америкчууд өөрснөө хулгайлсан нь эргэлзээтэй. Монголчуудыг хөлсөлсөн байх” гэсэн таамаг дэвшүүлээд эхэлж. ОУВС-ынхан ч эдийн засгаа тогтворжуулах, төгрөгийн ханш уналтыг зогсоох гэхчлэнгийн үл бүтэх юм ярьж байхаар "чаддаг юмаараа дагна" гэж зөвлөсөн сурагтай.
Манай тагнуулын газар "ийм, тийм нэр бүхий террористуудыг олоод аваад ирээч” гэхчлэнгийн гадаад захиалгад дарагдаж байгаа сураг байна.
Монголчууд бид ч юу чадахаа ойлгоод эхэлж байх шиг. Ойлгоод эхэлсэн учраас амьдрал нь дорхноо сайжирч эхэлж. Жишээлэхэд, саяны гарсан хүний хулгайг Хууль зүйн сайд Ц.Нямдорж гуай өөрөө мэдсэн нь ард олны бахадлыг төрүүлэв. Хөөрхий ядуу сайд маань гэртээ зурагтгүй учраас тээр жил Намбарын Энхбаярыг АТГ-аас онлайн хулгайлж байхад мэдээгүй өнгөрсөн түүхтэй. Харин амьдрал нь дэвжээд аминдаа зурагтай болсон учраас л Турк сургуулийн захирлыг хулгайлах ажлыг үзэж мэдсэн хэрэг. Цаашдаа манай Хууль зүйн сайд олон олон гэмт хэргийг зурагтын мэдээгээр тухай тухайд үзэж мэдэх нь дамжиггүй болов. Үүнд нь урамшсан Ерөнхий сайд "Монголчууд баяжиж байна, хоёр жилийн дараа улам баян болно” гэсэн мэдэгдэл хийжээ. Бодвол, Нямдорж гуайнх хоёр телевизортой л болж таарах байх даа.
Сониноос, манай аяллын жуулчлалын газар "Хэрвээ та нар ирэхгүй бол бид авчирна”сэдэвтэй олон улсын форум зохиож байгаа гэнэлээ.
Б.Цэнддоо. 2018.08.08