Өвчний голомтгүй бүсээс малын мах оруулахыг зөвшөөрнө

🕔 2016/11/04 11:41

 

МХЕГ-ын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Д.БАТЖАРГАЛААС дараах зүйлийг тодруулав.

-Гоц халдварт өвчинтэй холбоотойгоор вакцинжуулсан малын мах, сүүг хэд хоногийн дараагаас хэрэглэж эхлэх вэ?

-Баруун аймгуудад бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан нийтдээ 11 сая малыг вакцинжуулна. Өнгөрсөн сарын 11-нээс вакцинжуулалтыг эхлүүлсэн. Одоогоор уг ажил 95 хувьтай байгаа. Энэ хугацаанд МХЕГ-аас аймгуудын Мэргэжлийн хяналтын газарт зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа. Уг вакциныг гурван жил дараалан хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, ирэх хоёр жилд авах төлийг бүгдийг вакцинжуулна. Мөн зүүн долоон аймгийн зургаан сая малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж байна. Өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн энэ ажил 40 гаруй хувьтай яваа. Вакцинд хамруулсан малын мах, сүү, түүхий эдийг 21 хоногийн дотор хэрэглэж болохгүй.

-Вакцинжуулалтад хамруулаад удаагүй малын махыг нийслэлд оруулж ирж зарж байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Бүх товчоонд хяналтын байцаагчид ажиллаж, хаанаас ямар гарал, үүсэлтэй малын мах сүү болохыг тогтоож байгаа. Халдварт өвчний голомтын бус нутгийн айл өрх ямар нэгэн шаардлагаар буюу хурим найр зэрэг зайлшгүй хэрэглээндээ хэрэглэх малаа вакцинжуулалтад хамруулахгүйгээр хэрэгцээндээ ашиглаж болно. Тодруулбал, эрүүл бүсийн, вакцинжуулалтад хамруулаагүй малын махыг хот руу оруулж байгаа гэсэн үг. Гэхдээ мэдээж гарал үүслийн бичиг баримтыг нь шалгана. Малчдыг оруулж ирж байна гэхээсээ илүүтэйгээр иргэд өвчин гарсан газраас мах сүү авахгүй байх нь чухал. Нийслэл рүү орж ирэх постуудад гарал үүсэл, хаанаас авсан нь тодорхойгүй малын мах, сүүг буцааж эсвэл торгож байгаа тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, хоёр хоногийн гарал үүсэл нь тодорхойгүй арьс, нэхий ачсан автомашиныг байцаагчид саатуулсан.

-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд албан тушаалтанд 30-60, байгууллага, аж ахуйн нэгжид 150-250 мянган төгрөгийн торгууль ногдуулна гэж заасан байдаг.

-Халдварт өвчин гарсан аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоосон хэвээр байгаа юу?

-Халдварт өвчин туссан сүүлчийн малыг устгаснаас хойш 21 хоногийн дараа хорио цээрийг татан буулгадаг. Тиймээс шүлхий, цэцэг, мялзан өвчний хорио цээрийг үндсэндээ дуусгасан.

Эх сурвалж:Unen.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!