С.БАТМӨНХИЙН БҮТЭЭЛ ЮНЕСКОГИЙН САНД БҮРТГЭГДЖЭЭ

🕔 2019/03/10 14:06
Манай Дундговь нутгийн уугуул, монгол ардын дуу судлаач Содномын Батмөнх "Монгол ардын дууны тайлбарт дээж бичиг” хэмээх судалгааны томоохон бүтээл туурвиж, улмаар энэ бүтээл нь ЮНЕСКО-ийн биет бус соёлын өв судлалын төвд бүртгэгджээ. Энэ талаар С.Батмөнхөөс лавлаж тодрууллаа.
Сурвалжлагч:          Та бол уугуул мэргэжил математикч, улс төрч хүн. Ийм бүтээл туурвих болсон сэдэл яаж төрөв?
С.Батмөнх:   Тийм ээ. Энэ тухай хүмүүс их сонирхдог. Миний хувьд бол нэг их сонин юм биш л дээ. Намайг сургуульд орохоос өмнө 5-6 настай байх үед манайх авга эгчийнтэйгээ айл хэдэн жил болсон. Авга эгчийн маань хань Ойдов занги гэж манай Гурвансайхан сумын анхны дарга өвгөн байлаа. Тэр хүн их олон номтой. Ном их уншдаг хүн. Бүх ном нь монгол үсгээр бүтээсэн хэвлэмэл болон гар бичмэл ном байх. Ойдов гуай надад монгол бичиг зааж анх үсэг бичигт тайлуулсан буянтан. Тэр үеэс эхлээд ойр зуурын үлгэр, домог, хурдан морины цол, ерөөл магтаал  зэргээс  авахуулаад "Зуун бэлэг оршивой” хүртэл халтар хултар унших болж, уншсанаа цээжилсэн. Ингэж л ардынхаа аман зохиолын амтанд орж дээ одоо бодоход.
Сурвалжлагч:          Өөрийг чинь зохиолч, нийтлэлч гэдгийг уншигчид мэдэх юм. Харин ардын дуу судлалаар ийм дорвитой бүтээл туурвисныг сонирхоод байгаа юм.
С.Батмөнх:   1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ой угтаж ардын язгуур урлагийн бүх ард түмний наадам гурван шаттай болсон. Тэр наадмын нэг, хоёр дугаар шатны шалгаруулалтыг Дундговь аймагтаа ахлан зохион байгуулах завшаан ажил үүргийн хуваариар надад оногдсон юм. Эхний шатны хоёр шалгаруулалтаа хийгээд улсад явуулах ардын авьяастнууд, ардын гар урлалын бүтээлүүдээ сонгочихоод нэлээд хэд хонож байтал төв комиссоос Жамцын Бадраа гуай ирж улсад явуулах уран сайханчид, гар урлалын бүтээлийг дахин нягтлах боловоо. Ардын авьяастнуудаа сум суманд нь буцаачихаад байсан болохоор сумдаар явж тэднийг дахин шалгахаар намайг дагуулж явлаа. Энэ зуур бид хоёр монгол ардын дууны домог гарвалийн тухай хэд хоног тухтай нь аргагүй ярилцлаа. Би 1972 онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны "Яргуй” дугуйланд суралцаж байхад Ш.Гаадамба багш "Цэвэр охин” дуунд:
            «…Эргүүлээд самнасан үсий нь хэлбэл                     
Эрээн лууны эврээс өөрцгүй ээ хө хө                
Эргэлдээд харах хоёр нүд нь                                
Эрээн эрвээхэй нисэхээс өөрцгүй ээ хө хө»
гэж дуулдаг нь цэвэр гоо охидын үс гэзгээ гоёж гоодсоныг тэнгэрийн лууны эвэртэй зүйрлэснээрээ сүрлэг сайхныг харуулж байна. Эрэвгэр хөөрхөн нүдий нь эргэлдэн буй эрвээхэйтэй адилтгаснаар энхрийхэн, эелдэгхэн дүрий нь илтгэнэ. Ийнхүү биширмээр сүрлэг сайхан, өхөөрдмөөр эелдэг хөөрхөн хоёрыг үгийн урнаар илэрхийлж нэгэн биед цогцлуулж чадсаны хүчинд биширч бас хайрлахаас өөр яахын ч аргагүй гоо бүсгүйн дүрийг бүтээжээ. Сүрлэг сайхан, энхрий хөөрхөн хэмээх эрс тэс энэ хоёр чанарыг хослуулахын ончийг олж, донжийг тааруулсанд л энэ дууны шүлгийн уран сайхны дүрслэлийн нэгэн өвөрмөц онцлог оршиж байгаа юм гэж зааж байсныг санаад энэ тухай ярьтал Бадраа гуай  намайг тоож байнаа. Чи ер нь ардын урлаг, тэр дундаа ардын дууны талаар судалгаа хийж эрдмийн зэрэг хамгаал, би чамд туслая гэж надад их л найр тавьж байсан санагдана. Би тэр үед миний бие урлаг судлалаар судалгааны ажил хийх түвшинд бэлтгэгдсэн хүн биш гэж бодоод нэг хэсэг хайхрахгүй явжээ.
Сурвалжлагч:          Тэгээд хэзээ яаж ардын дууны амтанд оров?
С.Батмөнх:   Энэ бас бяцхан түүхтэй. Түүнийг хуучилъя. Намын Төв Хороонд Соёлын тасгийн эрхлэгчийн алба нэг жил гаруй хашсан. Тэр үед алдарт Н.Жанцанноров манай тасагт мэргэжлийн уран бүтээлийн эвлэл, холбоод хариуцсан ахлах зааварлагч байлаа. Намайг Дорнод аймагт ажиллахаар томилогдоод явахад үзэмчин ардууд их хөгжимлөг түмэн шүү. Тэднийг хонины бэлчээрт, найр хуриман дээр дуулахыг бичиж аваад надад явуулж байгаарай гэж захьсан. Тэгэхдээ тайзан дээр театр, клубт дуулж байгааг бол хэрэггүй. Тэр чинь унаган үзэмчин төрхөөсөө холдчихсон байдаг юм гэж хэлсэн. Нөхрийн захиалгыг биелүүлж яваад би буриад, үзэмчин, барга, хатигин халх зэрэг зүүн монголын ардын дууг төв халх дуутай харьцуулахад адилсал, ондооширлын олон зүйлийн онцлог байгааг олж мэдэрсэн. Тэгээд л энэ төрлийн ардын дуу дуулдаг ардын авьяастан, мэргэжлийн уран бүтээлчид, хөгжимчидтэй уулзаж, судалж эхэлсэн. Тэр бүхнээ эмхэтгэж Дорнод аймаг, Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймаг хоорондын соёлын харилцааны шугамаар "Зүүн Монголын 500 дуу” нэртэй эмхэтгэл Хайлаар хотод хэвлүүлж олны хүртээл болгосон. Тэр эмхэтгэлд орсон  дуу бүрийн аялгууг Өвөр Монголын соёл, урлагийн их сургуулийн хөгжмийн багшийн тусламжтайгаар тоон нотоор бичиж эмхэтгэлдээ оруулсан. Жанцанноров найзын захиалгыг биелүүлж яваад "нөхрийн тусыг бүтээвэл өөрийн хэрэг бүтнэ”  гэдэг ардын мэргэн сургаалийн замаар ийн замнаж ардын  дуу судлалын амтанд дахин яггүй шуналтай ингэж орсон түүхтэй.
Сурвалжлагч:          Одоо  хоёулаа "Монгол ардын дууны тайлбарт дээж бичиг” ном бүтээх болсон тухай болон тус номын агуулгын талаар ярилцах уу?
С.Батмөнх:   За. Уржнан жил юм даа. Эрдэмтэн Ц.Балхаажав гуайн насны ой тэмдэглэж, хуучин цуг ажиллаж байсан үеийн хэсэг нөхөд цуглардаг юм байнаа. Тарахын хэрд Н.Жанцанноров, Н.Уртнасан нар намайг хоргоолоо. Юун тул билээ? гэхнээ Уртнасан ЮНЕСКО-гийн Монгол дахь Үндэсний комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад "Байгаль, соёлын өв хамгаалах сан”  төрийн бус байгууллагын тэргүүний алба хашдаг болжээ. Тэр сан нь ЮНЕСКО-гийн батламжит байгууллага тул жилд хийсэн ажлаа тайлагнадаг гэнэ. Тэр жил Монгол ардын дуу судлалаар судалгаа хийхээр төлөвлөсөн байжээ. Тэр ажлыг хэрхэн амжуулах талаарУртнасан  Жанцанноровтой   ярилцаж байтал Батмөнхөд "их юм бий” гэж Жанцанноров хэлжээ. Тэгээд л намайг өдөөгөөд энэ ном бичих ажил руу ханцуй шамлан ороход хүргэсэн юм. Энэ номонд 130 шахам дууны 856 бадгийн үүсэл, домог, шүлэг найраглалын дэг сургууль, үг аялгууны зохилдлогыг хүмүүний сэтгэл оюунд хэрхэн нөлөөлдөг талаас бичсэн. Тэгэхдээ зүгээр нэг бөөнд нь авч үзээгүй. Судалгаанд хамруулсан бүх дуугаа шинжлэх ухааны судалгааны орчин үеийн шилдэг аргын нэгэн-бүхэл тогтолцооны аргаар шалгуур үзүүлэлтүүдээр системчлэн:
Нэгдүгээрт. Хүмүүн, байгалийн хүйн холбооны утга уянгат дууны төрөлд:
1.1.Гүн ухааны уянгат дуу
1.2.Шимт ертөнцийн уянгат дуу
1.3. Эх нутгаа санагалзан магтсан уянгат дуу
 
Хоёрдугаарт. Аж байдлын уянгат дууны төрөлд:
2.1. Ёс заншлын уянгат дуу
2.2.  Сургаалт уянгат дуу
2.3. Элбэрэл журмын уянгат дуу
2.4. Нийгэм, улс төрийн уянгат дуу
 
Гуравдугаарт. Хайр, сэтгэлийн уянгат дууны төрөлд:
3.1.Учралт уянгын дуу
3.2. Амраг сэтгэлийн уянгат дуу
3.3. Амрагийн хошин дуу
 
Дөрөвдүгээрт. Сайн эрс, сайхан хүүхнүүдийн тухай дууны төрөлд:
4.1. Сайн, сайхан эрчүүдийн тухай дуу
4.2.  Сайхан хүүхнүүдийн тухай дуу
 
Тавдугаарт. Сайхан морьдын тухай дууны төрөлд:
5.1. Хурдан хурц морьдын тухай дуу
5.2. Эзэндээ ээлтэй сайхан морьдын тухай дуу
 
Зургаадугаарт. Шашин, соёлын сэдэвтэй дууны төрөлд:
6.1.Шарын шашны тухай дуу
6.2. Эрдэм соёлыг магтсан дуу
гэсэн  6 төрөл, 16 зүйлд хуваарилан  номондоо оруулсан.
Энэ номыг би сүрхий сайндаа бүтээсэн юм биш ээ. Ардын авьяастан, уран бүтээлчид,
судлаачид 250 гаруй хүнтэй уулзаж ярилцаж, бичиж тэмдэглэж, ой тогтоолдоо шингээж авсан зүйлээ архивын зарим сангаас үзэж баталгаажуулсан. 150 гаруй ном, товхимол, сонин, сэтгүүлийн нийтлэл судалж эшлэл авсан. Судалгаанд авсан алив нэгэн дууг анх зохион дуулагдсан нутаг нугаар нь өмчирхөхийг бодоогүй. Аль болох Монгол даяарт баруун, зүүн, төв нутагт тархсаныг тодруулахыг хичээсэн. Өөрөөр хэлбэл Монгол ардын дуу бол монгол түмний нийтийн үеэс үе дамжин өвлөгдөн хөгжиж ирсэн урлагийн онцгой хэлбэр гэдгийг л харуулахыг хичээсэн. Тэгэхээр энэ ном Монгол түмний бүтээл. Тиймдээ ч Дэлхийн Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын биет бус соёлын өв судлалын төвд бүртгэгдэж чадсан юм.
 
Сурвалжлагч: Таны эрдэм шинжилгээ, уран бүтээлийн ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
 
С.Батмөнх:   Баярлалаа. Танд, танай сонины хамт олонд дүүрэн бэлэгтэй, түвшин жаргалтай ажиллаж амьдрахын ерөөл талбия.
 
 
Зургийн тайлбар
 
 
1.      Нэгдсэн үндэстэний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага(UNESCO)-ын төв оффисын орос хэлтэй группын танхимд  С.Батмөнх "Монгол ардын дууны тайлбарт дээж бичиг” бүтээлээ танилцуулж, зарим дууны домгоос эшлэл авч, зарим дууг аялж хүртэл байж дэлхийн биет бус соёлын өв судлалын санд бүртгүүлжээ.
2.      Номын нүүр
3.      Содномын Батмөнхийн бүтээл
"Монгол ардын дууны тайлбарт дээж бичиг” ном Нэгдсэн үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага(UNESCO)-ын биет бус соёлын өв судлалын санд бүртгэгдсэн тухай батламж бичиг

 

С.БАТМӨНХИЙН БҮТЭЭЛ ЮНЕСКОГИЙН САНД БҮРТГЭГДЖЭЭ

 

С.БАТМӨНХИЙН БҮТЭЭЛ ЮНЕСКОГИЙН САНД БҮРТГЭГДЖЭЭ

 


 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!