“Миний нутгийн бараа” дууны хагас зуун жилийн ойд зориулсан уралдаан боллоо

🕔 2018/11/13 16:01

 

 

“Миний нутгийн бараа” дууны хагас зуун жилийн ойд зориулсан уралдаан боллоо

 

Монгол Улсын гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөрийн зохиосон "Миний нутгийн бараа” дууны 50 жилийн ойд зориулан Дэлгэрцогт сумын Соёлын төвөөс "Хөгжмийн зохиолчийн дууг хэн сайн дуулах вэ?” дууны наадмыг 11 дүгээр сарын 10- 11-нд төрсөн нутагт нь зохион байгуулжээ.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 15 сумаас 54 ардын авьяастан оролцож, Өлзийт сумын оролцогч Д.Лхагва-Очир түрүүлж, Луус сумын оролцогч Э.Улаанхүү, Өлзийт сумын оролцогч Б.Жамьяндорж нар удаалсан байна.

Дэлгэрцогт сумын уугуул, хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн зохиосон "Миний нутгийн бараа” дууг мэдэхгүй, дуулдаггүй хүн цөөн байдаг. 2011 онд тус сумын ард түмэн нутгаасаа төрөн гарсан хөгжмийн зохиолчийн зохиосон энэ алдартай дуунд зориулан дуун хөшөө босгож, "Хөгжмийн зохиолчийн дууг хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээнийг анх удаагаа аймгийнхаа төвийн бүсийн хэмжээнд явуулж байсан бол энэ удаа хүрээг нь тэлэн аймгийн бүх сумыг хамруулан зохион байгуулжээ.

Мөн тэмцээний шилдэг долоон оролцогч, аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын гурван дуучин, аймгийн "Тэнгэрийн тэмдэг” Хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр нарын хамтарсан Гала тоглолтыг Дэлгэрцогт сумын иргэд үзэж сонирхсон байна.

 

Тэмцээнийг Монгол Улсын гавьяат жүжигчин ДБЭТ-ын гоцлол дуучин М.Болд, Монгол Улсын СТА дуучин Х.Эрдэнэцэцэг, Монгол Улсын СТА дуучин О.Хүрэлбаатар нар шүүж, Улаанбаатар хотын "Оюунлиг” сургуулийн захирал Д.Батсайхан ивээн тэтгэжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!