ЖАГДАЛЫН БАЯРХҮҮ: УУЛЫН ЦУУРИА \Дундговийн уугуул уулчин, сэтгүүлчийн тэмдэглэл/

🕔 2019/03/09 09:49
Дундговь аймгийн Луус сумын уугуул, уулчин, сэтгүүлч Жагдалын Баярхүүгийн бичсэн тэмдэглэлийг Dundgovi.mn  сайт цувралаар хүргэж байна.         



       Монголчуудын
маань амьдралын хэв маяг өдрөөс өдөрт эерэг тал руугаа өөрчлөгдөж байна. Энэ бүхнийг анзаарахын хэрээр сайхныг түгээж, даруухнаар гэрэлтэн бусдыг гэрэлтүүлж яваа хүмүүсийн эгнээнд нэгдэхсэн гэж бодох болсон. Тэгтэл, цаст цагаан оргилууд надад энэ л хүсэл мөрөөдөлдөө хүрэх даль жигүүрийг ургуулж өгсөн юм! Эрүүл амьдрахуй, гоо сайхан, цог золбоо, тэсвэр хатуужил, цэвэр тунгалаг оюун бодол, бүтээхүйн онгод, бүхнийг хайрлах хайр, эх орноороо бахархах бахархал, товчхондоо, уулсын надад мэдрүүлсэн тэр л сайхныг түгээхийн тулд би бичих хэрэгтэй гэж бодлоо.
Тиймээс, тэртээх алсад цэнхэртэвч үнэн хэрэгтээ зүрхэнд тань л зүмбэрлэх цаст цагаан уулсын цуурайг та бүхэндээ хүргэсү. Би говийн хүүхэд. Их жаахан байхдаа "Богд ууланд хоёр оюутан явж байгаад чононд бариулсан гэнэ ээ” гэж хүмүүсийн ярилцахыг сонсоод "Би оюутан болохгүй” гэж бодож байснаа тодхон санадаг. Уулын талаар би ийм л ойлголттой байсан. Дунд сургуулийн гуравдугаар анги төгссөн зунаа Намын дээд сургуулийн онц сурлагатан, өндөр стипендтэй оюутан эгч Ж.Эрхэмбаярынхаа ачаар анх удаа хот орж үзэв. Тэгэхэд, Богд уул газар дээр биш, үүлэн дунд л зүмбэрлэн байх шиг санагдсан.
Тэнд баавгай, чоно, буга, хэрэм, тоншуул гээд говьд байдаггүй, сурах бичиг болон үлгэрийн номоос л олж уншдаг олон сайхан амьтан бий гэж бодно. Харин тэнд хүн алхаж явдаг тухай төсөөлөө ч үгүй. Дараа нь, хотод оюутан болж ирчхээд надаас дэндүү алсад орших Богд хан уулыг ширтэж удаан зогсдог байлаа. Эмэгтэй хүн уулсын орой ширтэж явах учиртай гэж ээж маань захидаг сан, одоо бодоход их гүн утгатай үг байжээ.  Ингэж явсаар, 2012 оны зургаадугаар сарын 2-нд Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү Манзуширын хийдээс анх удаа алхаж үзлээ. Уул үүл нийлэлдсэн манантай өдөр байсан. Уг нь ч зуны эхэн сар л даа. Гэхдээ л тэр өдөр дөрвөн улирлыг нэгэн дор үзсэн юм даг. Үүлэн дундуур жингүйдэх мэт алхахдаа энэ ууланд хүн барьж иддэг өнөөх айхтар чононууд байдаг тухай ч мартаж орхив. Үүдэн хоймрын зайнаас цааш юу ч харагдахгүй, өмнөх хүнээсээ жаахан л хоцорвол манан дунд бараа тасарчих гээд, төөрчихмөөр, ай бас л сүрлэг санагдаж байж билээ. Тэгэхэд, эхлээд зөөлөн бороо шивэрч хувцас нэвт норгов. Яваандаа цас болон хувирч, яг оргил дээр гарах үед хүчтэй салхилж, нойтон хувцас хөлдөж эхлэхэд хүмүүс дагжин чичирч байсныг санаж байна. Гэвч, голдоо ортол даарсан тэр аялал яагаад ч юм сэтгэл зүрхэнд минь гайхамшиг болон үлдсэн сэн.
Цав цагаан цасан дундаас тодхон ялгарах улбар шар жамъянмядаг цэцэгний ид үү,  салхинд үндсээрээ булгарч унасан том том моддын "үхэл” ер бусын үзэсгэлэнтэй харагдсаны шид үү, бүү мэд. Чухамдаа, жамаараа ирэхүй хийгээд жамаараа одохуйн гоо сайхныг цочир мэдэрсэнд л тэр аяллын гайхамшиг оршиж байсан болов уу.    Тэрнээс хойш Цэцээ гүний оргил дээр олон удаа гарлаа. Богд хан уулынхаа дундуур хөндлөн гулд нэлээд алхлаа. Нээрэн, нөгөө сурах бичиг хийгээд үлгэрийн номоос л уншиж байсан хөөрхөн амьтдаа ч бас олж үзсэн. Үзэсгэлэнт буга согоо, зэрлэг гахай, бяцхан хэрэм, жижигхэн алаг тоншуул... Ууланд алхах болгондоо би гайхамшгийг цоо шинээр мэдэрч байна. Гэвч их уулсын гүнд миний танин мэдэж амжаагүй, бүр төсөөлөө ч үгүй ямар их зүйл нуугдаж, ямар их амьдрал өрнөж байгаа бол гэхээс ахиад, ахиад л "тэнүүчлэх”-ийг хүснэм...      
2014 оны гуравдугаар сарын 22 – Миний амьдралд цоо шинэ эргэлт авчирсан өдөр. Мөчит дөрвөн хөлтний мөр гараагүй, мөгөөрс нимгэн хоолойтны дуу хүрээгүй тийм өндөр оргил руу мэргэжлийн уулчдын хамт авирах тухай зүүдэлж ч явсангүй. Гэвч амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүйг, амьдрал хэчнээн баялаг болохыг, хүний нөөц боломж шавхагдашгүй гэдгийг Отгонтэнгэр хайрхан надад ухааруулсан юм.  Авиралтыг МУГТ, уулчин Г.Өсөхбаяр, уулын Спортын мастер Н.Сүрэнжав нар ахалж явсан. Отгонтэнгэр хайрханыхаа барааг анх харсан тэр мөчийг би ямагт сэтгэл догдлон дурсах болно! Дулаахан, тунгалаг, дүүрэн цагаан өдөр. Нарны гэрэлд гялбалзах мөнгөлөг оргилыг хараад би өөрийн эрхгүй "Хайрхаан...” гэж сүүрс алдсан... 
...Хайрханы маань бараа харагдаад л байх юм, хурд, хүчтэй төмөр хөлгүүд давхиад л байх юм. Гэвч, өдөрчийн газар гэж бодсон минь талаар өнгөрч, үдшийн бүрийд Завхан аймгийн Отгон суманд ирж хоноглов. "Замын бартаа ихсээд эхэлбэл Завханы нутагт орж ирж буй нь тэр” гэж жолооч нар ярьдаг юм билээ. Үнэн байсан. Зам маш их цастай, машинууд байсхийгээд л суучихна. Тэр тоолонд уулчид зэрэг зэрэг цас хүрздэж, зам гаргаж, нэг нэгнийхээ машиныг чирж, маргааш нь бас л өдөржин явсаар зорьсон газраа хүрсэн юм.  
Эхлээд бид хайрханы бэл дэх Очирваань бурханы хөшөөн дээр очлоо. Догшин бурханы дүртэй асар том хөшөө. Харин миний хувьд сүсэгтэн олны босгосон уг хөшөөнд биш, цаахна нь сүмбэрлэх Отгонтэнгэр хайрханд жинхэнэ Очирваань шүтээн бий гэдэгт итгэж байсан юм. Ингээд бид харуй бүрий болсон хойно хоноглох газартаа очиж ачаа бараагаа буулгалаа. Ууланд явж сурсан хүмүүс юу хийхээ мэддэг, тэнд нэг ч хүн хойш суудаггүй, бүгд ажлаа зэрэг зэрэг гялалзуулчихдаг юм билээ.  Шөнө их хүйтэн хонож, даарсандаа би цурамхийлгүй үүр цайлгасан. Аяллын ахлагч урьд орой нь хүн болгонд тус бүр хоёр ширхэг цэвэр ус, хоёр ширхэг энергийн ундаа өгөөд, уух зүйл шөнө хөлдөх тул аяны хөнжилдөө хийж унтаарай гэж захисан юм. Хүйтэн ундаа хөл хайрч, нэг хөлөө дээш татаж авчраад гараараа барьж арай ядан бүлээцүүлж байтал нөгөөх нь хөлдчих шахна. Хажуугаар нь шөрмөс татна. Цаг хугацаа зогссон юм шиг л санагдаж байсан. Гэвч яаж ийсээр үүрийн 5.00 цаг боллоо. Эхний хүн босч цай чанах чимээнээр би ч галын илчинд дулаацах санаатай бушуухан босов. Төдхөн бүгд босч хувцас хунараа өмсөн, цай цүйгээ уугаад дайралт хийхээр хөдөллөө.
Биднийг хөдлөхөд дөнгөж үүр хаяарч, орчны юмс бүүр түүрхэн тэмтрэгдэж эхэлж байсан юм. Ширээний ард өдөржин сууж ажилладгийн гор гарч, уул руу дөнгөж өгсмөгц амьсгал бөглөчих шахан багтарч эхэлсэн. Гэвч хүн цаг дээрээ тулахаар нэрээ боддог юм билээ. Мянган километрийн алсаас зорьж ирчихээд, цаг агаар сайхан байхад хайрхандаа авирч чадахгүй буцах нь эрүүл, залуу хүний хувьд шившиг биш гэж үү?! Ингэж л уул хайрхан хүнийг ирлэж өгдөг юм билээ. Тэгээд л, хаанаас минь ч юм гайхмаар их хүч гарч, бусадтай эн зэрэгцэн оргил өөд тэмүүлсэн. Амьдралдаа анх удаа мөнх цасны хормойд хүрч, уулчдын хэрэглэдэг багажийг гартаа барьж үзэж, хамт яваа нөхдийн хамт нэг олсонд ороход ямар их хариуцлага өөрт оногдож буйг хүн ухаардаг юм билээ. 50-60 градусын налуутай мөнх цасан дээрээс болгоомж алдан доош хальтрах юм бол нэг олсны нөхдөдөө хэчнээн их түвэг удахаа бодохоос аймаар. Өгсөж явахад цас зөөлөн шуурч, үе үе салхи ширүүсч, эргэн тойрны уулс тэртээ дор жижигхэн толгод шиг харагдаж, цааш удаан харвал дотор муухайрмаар, өөхөн цагаан оргилоос өнхөрчих юм шиг эвгүй байсан.
Харин оргил дээр гарсан тэрхэн мөчид үүлэн чөлөөний нар хоромхон зуур гийж өчүүхэн үрс биднийгээ гялайлгасан билээ. "Баргийн хүнд оргилоо харуулдаггүй хайрхан гэдэг юм, хөөрхий” гэж зохиолч, философич Д.Урианхай гуайн сүүрс алдсаныг санаж байна. Өгсөх ямар байсан нь тодорхой. Гэвч өгсөхөөс уруудах нь хавьгүй хэцүү юм билээ. Алхсаар, багагүй ядарсан ч зорьсондоо хүрсэн нөхдийн хамт сэтгэл дүүрэн бууж ирэхэд аль хэдийнэ харанхуй болсон байв. Ингээд, хайрханыхаа бэлд хоёр дахь удаагаа хоноглоод өглөө нь Улаанбаатар руугаа хөдөлсөн билээ. Буцаж явах замд дэргэдүүрхэн хоёр аргаль давхиж үзэгдэв. Бас ихэр тугал дөнгөж гаргаад, хагаа ч унагаж амжаагүй сарлагтай тааралдсан. "Энд нэг ч муу хүн яваагүй болохоор хайрхан минь биднийг сайхан хүлээж авч, үдэж мордуулахдаа хамаг сайхан үзэсгэлэнгээ дэлгэн үзүүллээ” хэмээн МУГТ, уулчин Өсөхбаяр баяртайгаар өгүүлсэн билээ.
  Уулчдын босго бол Асралт хайрхан гэж ярьдаг юм билээ. Улаанбаатараас 100-хан километрт орших, бодоход их ойрхон боловч зөвхөн зорьсон хүн л төмөр хүлгийн шандас сорин очих Асралт хайрхан. Асралт хайрханы ойр орчим айл, мал нутагладаггүй аглаг буйд газар. Уул ус тэгширсэн энэ үзэсгэлэнт байгальд чоно, баавгай, гөрөөс гэх мэт зөвхөн зэрлэг амьтад л нутагшдаг. Тэнд Хэнтийн нурууны сүрлэг уулс, ой, машин байтугай явган хүн шургаж оромгүй битүү торлог үргэлжилж, тэртээх XVI зуунд Галдан бошгот хаан Ану хатныхаа хамт манжийн эсрэг дайтан ялагдаж байсан түүхт Заан Тэрэлжийн үзэсгэлэнт гол урсана.
Миний бие анх "Тэнгэр” уулчдын клубээс зохион байгуулсан аялалд оролцож, уулын Спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан багт нэгдэн 2014 оны дөрөвдүгээр сарын 5-ны өглөө Асралт хайрханыг зорьж билээ. Хаврын урь орсон тул Заан Тэрэлжийн гол гэсч эхэлж байсан юм. Голын мөстэй хэсгээр явж байтал машин гэнэт цөмрөн доош орно, харин устай бөгөөд арай гүехэн хэсгээр нь голоо гаталж явахад гэнэт мөс мөргөж машины урд купр "будаа болно”. Тэгээд голынхоо эргийг дагаад явахаар зайгүй ургасан битүү торлог машины будгийг ёстой л нэг гол зуртал самардана даа. За тэгвэл голгүй, торлоггүй хэсэгхэн газраар явъя гэхээр яг л жижигхэн пирамид шиг шовх үзүүртэй чулуунууд нь машины дугуйг цоо хатгаж орхино. Үнэхээр бартаатай зам байсан. Тэр болгонд эрчүүд маань л голын мөстэй усан дундуур туучиж, гол хаагуураа гүехэн, хаагуураа машин даахуйц зузаан мөстэй байгааг биеэрээ шалгаж, харанхуй хүйтэн шөнөөр дугуй хагарахад тэд л бууж машины дугуй сольж...
Бид явсаар шөнө дүл болсон хойно хайрханыхаа бэлд хүрч, цас зайчлан майхнаа бариад хоол унд хийж идээд унтаж амарцгаав. Ингээд үүрийн 6.00 цагт босон гал түлж, халуун цай, чацаргана ууж аваад дайралтаа эхэлсэн. Алхсаар өдрийн 12.00 цагийн үед хайрхныхаа оргил дээр гарч, идээ будаагаа өргөж, зураг хөргөө татуулаад эргээд майхан руугаа ирэхэд 16.00 орчим цаг болж байлаа. Цаг агаар маш цэлмэг байж, хайрхан биднийг сайхан хүлээж авсан юм. Тэр хавийн хамгийн өндөрлөг газраас Хэнтийн нурууны сүрлэг уулсыг харахад ямар сэтгэгдэл төрж байсныг үгээр илэрхийлшгүй.   Өвлийн хүйтэнд цасан дээр дан даавуун майханд хоноглоно гэдэг хэн хүний хүсэх, бас зориглох зүйл биш. Гэхдээ өөрийн хүслээр явсан болохоор даарч, өлсөж, ядарч байгаа тухайгаа ярьж бусдадаа түвэг удах эрх хэнд ч үгүй. Чухам энэ л цэг уулчин хүмүүсийн тэсвэр хатуужлын эхлэл мэт санагдсан. Ийм бэрх, эрсдэлтэй зүйл рүү уулчид яагаад улирал харгалзахгүйгээр тэмүүлээд байдгийг, зарим нь бүр нэг л ууландаа ахин дахин авираад байдгийн учрыг олж мэдэхсэн гэж би адгадаг юм.
Тэгээд саяхан буюу 2015 оны нэгдүгээр сарын 11-нд Асралт хайрхандаа ахин авирлаа. Энэ удаад хамт явсан багийн хамгийн залуу гишүүн нь Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч М.Гэрэл байв. Авирагчид, алхагчдыг ахалж явсан уулын спортын мастер Н.Сүрэнжав "Сүүлийн хэдэн жил би байнга ууланд авирч байгаа. Өвлийн авиралтад 11 настай хүүхэд явсан нь одоогоор миний мэдэх хамгийн балчир уулчин боллоо” гэж өхөөрдөнгүй өгүүлсэн юм. Байнга толгойд эргэлддэг дээрх асуултын хариултыг би энэ удаад ч олж чадсангүй. Гэхдээ, зүгээр л, одоо ч гэсэн ахиад авирмаар байна. Ямартаа ч, урьд нь авирсан ууландаа ахин авирахад бүх зүйл дахиад л цоо шинээрээ байдаг юм билээ. 
Сэтгүүлч, уулчин эмэгтэй Жагдалын БАЯРХҮҮ

ЖАГДАЛЫН БАЯРХҮҮ: УУЛЫН ЦУУРИА Дундговийн уугуул уулчин, сэтгүүлчийн тэмдэглэл/

 

ЖАГДАЛЫН БАЯРХҮҮ: УУЛЫН ЦУУРИА Дундговийн уугуул уулчин, сэтгүүлчийн тэмдэглэл/

 

ЖАГДАЛЫН БАЯРХҮҮ: УУЛЫН ЦУУРИА Дундговийн уугуул уулчин, сэтгүүлчийн тэмдэглэл/

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!