Сутай хайрханы оргилд гарсан бор морь

🕔 2017/01/05 16:35

 

Сутай ууланд гарсан бор морины тухай нийтлэлийг та бүхэндээ сонирхуулая. Тахиж явдаг хайрханы минь оройд шүтээн болсон морь минь гарсан саяхан мэт. Он цаг улирч удаан хугацаа өнгөрсөн ч энэ морины тухай дурсамж түүх болон үлджээ.

СУТАЙ ХАЙРХАНЫ ОРГИЛД ГАРСАН МОНГОЛ БОР МОРЬ

Монголд төдийгүй дэлхийд анхных хэмээн тооцогдож болох ууланд авирсан морины тухай уншигч танд сонирхуулах гэж байна. Монгол Алтайн нурууны мөнх цаст, ноён оргилуудын нэг төрийн тахилгат Сутай хайрхан уул Ховд Говь-Алтай аймгийн 4 сумын нутагт тэнгэр баганадан мөнх цасаа гялбуулан асарлаж байдаг. Энэ хайрханы өвөр бэлд Говь-Алтай аймгийн Тонхил сумын төв байна. Тонхил сумынхан хэзээний уулыхан гэж өөрсдийгөө өргөмжлөх дуртай. Уулын их яруу найрагч хэмээгдэх Тоомойн Очирхүү энэ нутгийнх. Энэ ариун дагшин уулсын нутагт төрсөн олон уран бүтээлч байдгийн нэг нь сэтгүүлч, яруу найрагч Гочоогийн Чардаг. Тэр бас уулчин хүн. Уулын спортын мастер цолтой. Ингээд Сутай хайрхан ууландаа хөтлөн авирсан шандаст сайхан хүлгийнх нь тухай яриулснаа хүргэе. 
-Та уулчин хүн, морь ууланд хөтөлж авирсан тухайгаа, энэ мориныхоо талаар ярихгүй юу?
-Бид ууланд 1981 оноос л эхэлж авирсан. Тэр үед ууланд авирч байхад гавьяат тамирчин Оюунболдын аав Дугарсүрэн гуай Дарханаас ирсэн. Бямбаа гэж уулын спортын мастер байсан. Мотоциклтой авиралт хийсэн. Тэгээд ууланд мотоциклтой авиралт хийхээр нь бид нар бас бодсон л доо. Мотоциклтой авирч болж байхад морь аваад гарч болохгүй юм бол уу гэж ярилцсан. Унаж гарна ч гэж байхгүй л дээ. Тэгээд судалсан. Тэнд Хулан гэж нэгдлийн адуу хариулдаг айл байсан. Хулангийхаас нэг морь өгөөч гэсэн. Хулан маань нэг бор морь зааж өгсөн юм. Энэ бол зоригтой, бас шандастай 9 настай морь. Их тэнхээтэй. Та нар үүнийг л хөтөлж гарахыг бодооч гэсэн. Энд чинь бараан газраа ч явахад бэрх цас мөсөн дээр явахад ч бүр хэцүү шүү дээ. Тэгээд л бор морио Галсан гэж нутгийн малчин хөгшнөөр сайхан сойлгоод сургуулаад авлаа. Бас жаахан эмнэгдүү байсан юм. Хөтөлж сургаад. Дараа нь туурайг нь тахлахаар бэлтгэсэн. Доошоогоо шүдтэй /шпитэй/ тах бэлтгэсэн. Ингээд ууланд авирах болсон. Уулынхаа бэлд очиж хонолоо. Эхлээд хад асгатай газар нь хөтлөөд явлаа. Яг мөснийхөө зах дээр ирээд зөөлөн юм дэвсэж байж унагаагаад тахаа хийгээд л хатөлсөн дөө. Адуу ч их ухаантай шүү. Хүн л хаашаа явна дагаад байна. Нөгөө л үргээд наашаа цаашаа зулраад байдаг нь үгүй болсон. Хөтлөх ч хэрэггүй болсон. Ногты авчихсан. Сул л дагаад байгаа. Тэгээд л орой дээр нь гарсан. Адуу ч амраад нам унтчихдаг юм билээ. Ядардаг юм уу, тайвширдаг юм уу тугны хажууд нам унтчихсан. Буцаад буухдаа нэлээд хүнд зам туулсан. Тэгээд л борвиор нь нохой шиг суулгаад доор нь тохом дэвсээд тэгээд олсоор татаж гулгуулсаар байгаад л цас мөснөөс нь буусан. Тэгээд бараан газрынхаа зах руу орсон. Морио босгосон. Тэгэхэд хөтөлсөн хүн л хаашаа явна түүнийгээ л дагаад байх юм билээ. Мөн ч ухаантай шүү. Одоо байхгүй л дээ. Сүүлд нь жаахан хүйтэн гараар ороод тууварт туулгасан сураг дуулдсан. Сум нэгдлийн дарга Дашхүү гэж хүн байхдаа сэтэрлээд онголоод тавьсан морь байхгүй юу. Энэ хүнийг явсаны дараа эзэн нь тууварт өгчихсөн юм билээ. Энэ их түүхтэй адгуусыг тэгээд хайрлаагүй л юм даа. Миний бодоход монголын хамгийн өндөрт гарсан морь бол энэ бор морь, түүгээр ч барахгүй ууланд авирсан морь дэлхийд өөр байдаг ч юм уу үгүй ч юм уу одоогоор л олж мэдээгүй. Сутай хайрхан уулын ноён оргил чинь 4250 метрийн өндөртэй. Яг үнэндээ бол спортын чиглэлээр авирсан л морь юм л даа. Ийм л нэг сайхан морь байлаа.
-Энэ морьтой авиралтанд хэдэн хүн явсан юм бол? 
-Бид зургуулаа явсан.
-Бэхэлгээ энэ тэр хийнэ биз?
-Хийнэ, хийнэ. Цээжээр нь бас бөгсөн талаар нь нэг нэг бэхэлсэн. Энэ бэхэлгээнээсээ хоёр талаас нь дөрвөн хүн татаж явна. Нэг нь хөтөлнө. Нэг нь ард нь явна. Ер нь 6-уулаа л үүрэгтэй. Ингэж явсаар байгаад л гарсан. Энэ бор морины минь ууланд авирахад хэрэглэсэн бүх тоног хэрэглэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын орон нутгийг судлах музейд одоо ч байгаа л даа. Хазаар ногт нь, тохом нь, бэхэлгээний матераил нь хадгалагдаж байдаг.

Сэтгүүлч Л.Мөнхтөр

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!