Мэргэжлийн Засаг бүрдүүлэх нэр дэвшигчийн амлалт

🕔 2016/07/08 11:01

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд өнөөдөр тодорно. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өчигдөр Ерөнхийлөгчид бараалхан, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг зөвшилцөхөөр санал болгосон. Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын хувьд орон нутгаасаа ажлын гараагаа эхэлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй” ХХК-д нягтлан бодогчоос  Сэлэнгэ аймгийн Засаг дарга хүртэл ажиллаж байгаад 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Эдийн засгийн хямралтай энэ жилүүдэд  мэргэшсэн эдийн засагч-улстөрч,  орон нутгийг захирч, Сангийн сайдаар ажиллаж байсан ажлын туршлаг, мэдлэг нь түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд  илүүтэй нөлөөлсөн биз. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзан, саналыг нь сонсож, захиас зөвлөгөөгөө хэлсэн билээ.  

 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат "Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол тухайн салбартаа дадлага туршлагатай, тэндээ ажиллаж туршлага хуримтлуулсан, салбараа мэддэг хүнийг ажиллуулахыг хэлнэ. Тухайн салбарт ажиллаж байгаагүй буюу өөр мэргэжлийн хүн бол мэргэжлийн бус гэж үзэж байгаа. Засгийн газрынхаа бүтцийг хийхдээ аль болох цомхон, цөөхөн, чадварлаг бүтцээр ажиллая. Давхар дээлийн зарчмыг та ч гэсэн шүүмжилж байсан. Бид ч шүүмжилж байсан. Тийм учраас үүнийг өнөөгийн байгаа түвшингээс харьцангуй бууруулна” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан чадварлаг, цомхон мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэх нь тодорхой болоод байгаа.

 

Төрийн тэргүүн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг "Азтай” хэмээн тодотгож байсан. Учир нь Ерөнхий сайдаар томилогдоод хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажил нь хүлээгдэж байгаа "АСЕМ”. Бэлтгэл ажлыг өмнөх багийнхан бүрэн хангасан байгаа. Ази, Европын дээд түвшний уулзалтын хүндэт зочид дотор хоёр хөршийн Ерөнхий сайдаас эхлээд 20-иод орны Засгийн газрын тэргүүн ирж оролцох билээ. "Тэдэнтэй гар бариад, танилцаад ажлаа эхэлнэ гэдэг бол, ялангуяа хамтын ажиллагаан дээр их сайн зүйл” гэдгийг Ерөнхийлөгч онцолсон юм.

 

Засгийн газарт Хуульзүйн яам, ГХЯ, БОНХАЖЯ, Сангийн яам үндсэн чиг үүргийн яамдад хамаардаг. Шинэ Засгийн газрыг тэргүүлэх эрхэм үндсэн чиг үүргийн яамдын сайд УИХ-ын гишүүн байх нь ажил явуулахад дөхөмтэй гэж үзэж байгаа юм билээ. Үүнд дээр ЗГХЭГ-ын даргыг мөн УИХ-ын гишүүн байж болно гэж үзсэн. Харин бусад яамны сайд нар УИХ-ын гишүүн гэсэн давхар албан тушаалгүй, дангаар  салбараа удирдаад явах аж.

 

Үндсэн чиг үүргийн яаманд хамаарагдах Гадаад хэргийн сайдад Н.Энхболд, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, БОНХАЖ-ийн сайдад Д.Оюунхорол, Хуульзүйн сайдад Ц.Мөнх-Оргил нар томилогдох таамаглал явж байна. Мөн ЗГХЭГ-ын даргаар өмнөх парламентад МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилогдох яриа байна. Уг нь С.Бямбацогтыг намын нөхөд нь Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар оруулсан юм билээ. Гэхдээ С.Бямбацогт  өөрөө нэрээ татсан байдаг.

 

Шинэ Засагт дан дээлтэй ажиллах эрхмүүдийн нэр эхнээсээ тодроод байгаа. Зам тээврийн сайдад "Өндөр буянт” компанийн захирал Н.Төмөрхүүгийн нэр яригдаж байна. Тэрбээр өмнө нь энэ салбарт сайдаар ажиллаж байсан туршлагатай эрхэм. ХАХНХ-ын сайдад УИХ-ын экс гишүүн Т.Гандийг томилох сурагтай. Т.Ганди өмнө нь парламентад 4 удаа сонгогдож байсан, хоёр удаа салбар хариуцсан сайдаар томилогдсон. Мөн Элчингээр гадаад оронд Монгол Улсаа төлөөлөн сууж байсан  салбараа мэдэх  туршлагатай,  улстөрч эмэгтэй. БХБ-ын сайдаар УИХ-ын экс гишүүн Ж.Батсуурь томилогдох сурагтай. Барилгын инженер-эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж, УИХ-д хоёронтоо сонгогдсон эрхэм. ХХАА-н сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, УИХ-ын экс гишүүн Т.Бадамжунай нарын нэр явж байна лээ.  Энэ салбарт өмнө нь Т.Бадамжунай сайдаар, Т.Гантулга Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, салбараа мэдэх туршлагатай эрхмүүд.

 

Уул уурхайн сайдад мөн л УИХ-ын экс гишүүн Т.Очирхүү томилогдох магадлал өндөр байгаа. Тэрбээр өмнө нь парламентад тасралтгүй сонгогдож, салбарын сайдаар ажиллаж байсан. Ийнхүү шинэ Ерөнхий сайдыг өнөөдөр УИХ томилон батламжилвал, наадмын дараагаар сайдууд тодорч, Засгийн газар шинэ танхимаар ажлаа эхлүүлнэ.

 

Мэргэшсэн багтай мэргэжлийн Засаг бүрдүүлэх нэр дэвшигчийн амлалт нь УИХ Ерөнхий сайдыг баталж, шинэ Засгийн танхим бүрдсэнээр  л харагдах биз ээ.

 

Н.Энхбат      Эх сурвалж: Shuud.mn Линк: http://www.shuud.mn/content/read/470815.htm

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!