Германчуудад хөөгдөж явсан Л.Пүрэвсүрэн гадаад яамыг дампуурлын ирмэгт авчирлаа

🕔 2016/05/26 13:43

Германчуудад хөөгдөж явсан Л.Пүрэвсүрэн гадаад яамыг дампуурлын ирмэгт авчирлаа


Гадаад хэргийн сайд болон түүний тэргүүлж буй салбарын нэр хүнд нь олон улсын тавцан дээр  Монгол Улсын нэр хүндийн илэрхийлэл болж байдаг онцлогтой. Энэ хэрээрээ аливаа хууль журмыг чанд мөрдөж, ёс зүйг өндөр түвшинд сахин ажиллахыг тухайн албан тушаалтнаас шаардаж байдаг эмзэг салбар. Гэвч өнөөдөр Монгол Улсын гадаад хэргийн яам гэдэг хөл толгойгоо олохоо больж, улс төржилт, намчирхал хэрээс хэтэрч, бүүр сүүлдээ төрийн албыг төрлийн алба болгон хувиргаж байгаа талаар олон хүн ярьж байна.

 

Тун удахгүй АСЕМ болно. Дэлхий нийтэд Монгол улсын нэрийг гаргах ёстой энэ чухал арга хэмжээг гардан зохион байгуулж, улсынхаа нэр нүүрийг тахлах учиртай хамгийн гол хүмүүс бол уг нь Гадаад харилцааны яамныхан. Гэтэл Л.Пүрэвсүрэн сайд ирснээсээ хойш Гадаад яамыг Говь-Алтайн яам гэдэг нэртэй болтол нь доош нь унагаж, албан тушаалын халаа сэлгээг баруун солгойгүй хийжээ.

 

Л.Пүрэвсүрэн нь Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль төгссөн. Говь-Алтайн хүн. Уг нь Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Гэвч мэргэжлийн дипломат ажилчдын дунд түүний нэр хүнд тун базаахгүй. Энэ нь ч учиртай. 2005 онд Л.Пүрэвсүрэнг Монгол Улсаас Берлин хот дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр томилох шийдвэр гаргаж, тухайн үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Алтангэрэл Герман руу ноот бичиг илгээжээ. Энэхүү ноот бичигт Л.Пүрэвсүрэн зөвлөхөөр томилогдсон тул  эхнэр Самдангийн Энхцэцэг, охин П.Халиун, П.Солонго, ээж М.Лантуу, хадам ээж Д.Шуурай нарын хамт Герман явна. Виз гаргах асуудыг шийдвэрлэж өгнө үү? хэмээн дурьдсан байх юм. Гэвч ХБНГУ-аас Элчин сайдын яаманд тун базаахгүй хариу иржээ.
 

Энэхүү төлөөний ноот бичигт "МУ-аас тус улсад суугаа ЭСЯ-нд ажиллахаар виз хүссэн Л.Пүрэвсүрэнгийн визийн мэдүүлгийг нягтлан шалгалаа. Л.Пүрэвсүрэн өмнө нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 41-р зүйлийг ноцтойгоор зөрчсөн тул виз олгох боломжгүй. Энэ шийдвэр түүний гэр бүлийн гишүүдэд мөн хамаарна” хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү төлөөний тоот бичгийн дараа Монгол улсад Герман улсаас суугаа ЭСЯ-наас дараах агуулгатай албан тоот мөн ирсэн байх юм. Үүнд Л.Пүрэвсүрэн нь Герман дахь Монгол Улсын элчин сайдын яаманд ажиллаж байхдаа замын хөдөлгөөний дүрмийг хоёр удаа зөрчиж, цагдаагийн байгууллагын анхааралд өртсөн.



Хоёр ч удаа согтуугаар машин жолоодсон  нь тогтоогджээ. Тэрээр хоёр дахь ослын дараа тухайн сууж байгаа улсаа орхих ёстой байсан. Мөн 2000 оны 5-р сарын 5-нд Монгол улсын иргэн С.Болдбаатарыг урьж авчирсан ч тэр нь буцаж Германы хилээр гаралгүй үлдсэн. Германы цагдаа нар түүнийг баривчлан 2004 оны гуравдугаар сарын 18-нд Монгол улс руу албадан гаргажээ. Уригдсан хүнийг нь албадан гаргасантай холбоотой зардлыг Л.Пүрэвсүрэнгээс нэхэмжилсэн боловч төлөхөөс татгалзан "Миний хуурамч гарын үсэгтэй урилга байна” хэмээн мэдүүлсэн. С.Болдбаатарын ажлын газраас Л.Пүрэвсүрэнгийн нэр дээр 30 000 ам.доллар шилжүүлсэн баримт байсаар байтал удаа дараа зөрөөтэй мэдүүлэг өгч, хууль шүүхийн байгууллага, дүрэм журмыг үл хүндэлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор 2004 оны 11-р сарын байр сууриа илэрхийлэхийг хүсэхэд хүлээж аваагүй зэрэг зөрчил гаргасан. Тиймээс ХБНГУ-ын элчин сайдын яам биз олгож чадахгүй хэмээн мэдэгдэж байсан байх юм.

 

Тэр ч бүү хэл тухайн үед Монгол улсад Герман улсаас суугаа элчин сайд М.Форверк ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Алтангэрэлтэй биечлэн уулзаж мөн л гомдол гаргажээ. Тэрээр "Л.Пүрэвсүрэн нь согтуугаар хоёр удаа осол гаргасан. Олон хүнийг хувийн шугамаар Германд урьж байсан” гэдэг асуудлыг дэлгэж, ийм зөрчил гаргасан хүнийг Германаас хөөдөг болсон” гэж сануулжээ. Ямартай ч дипломат ёсыг хөсөр орхиж, улсынхаа нэрийг базаахгүй зүйлд хутгаж явсан Л.Пүрэвсүрэн үүнийхээ төлөө хариуцлага хүлээсэнгүй. Тэр ч бүү хэл Монгол улсын Гадаад харилцааны яамны сайдаар АН-ынхны дэмжлэгтэйгээр томилогдсон. Гэвч тэрээр унасан нэр хүндээ сэргээж, улсынхаа нэрийг өөд нь татах талаар олигтой зүйл хийж чадсангүй. Тэрээр ГХЯ-нд ирснээсээ хойш албан томилгоо, өрөөний хуваарлилт, цэвэрлэгч жолоочийг ч өөрийнхөө дураар сонгодог, томилдог болжээ. Тэрээр гадаад энэ чухал салбарт дан нутгийн танил тал, намын найз нөхдийгээ ээлж дараалан томилж, мэргэжлийн бус хүмүүсийг хариуцлагатай албан тушаалд зүтгүүлэх болжээ. Сүүлдээ тус яаманд олон жил ажилласан туршлагатай дипломат ажилтнууд хүртэл "Бид Гадаад яаманд ажиллаад байна уу? Говь-Алтайн яаманд ажиллаад байна уу?” хэмээн гайхцгаадаг болсон гэнэ. Үнэхээр ч сүүлийн үед Гадаад харилцааны яаман дээр хийсэн томилгоонууд үүнийг бэлэн гэрчлээд өгнө.

 

  1. Өөрийн нутгийн ах, тэтгэвэрт гарах нас нь болсон С.Банзрагчийг Иркутскийн Ерөнхий консулын газарт консулаар
  2. Улаан-Үдийн ЕКГ-т өөрийн ангийн найз, хамаатан Хилийн цэргийн дээд сургуулийн багш, тэтгэвэртээ гарсан Ц.Ганболдыг
  3. Улаан-Үдийн ЕКГ-т Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Ланд крузер-200 жип машин хоёрыг худалдаж авсан, буу сумны асуудалд орооцолдсон, гаалийн байцаагч нартай зүй бус харьцсан гэдэг хэл аманд орооцолдож, хууль журам зөрчин насанд хүрсэн хүүхдүүддээ ногоон паспорт гаргаж өгч байсан Х.Лүндэнбазарын хугацааг дахин нэг жилээр сунгах
  4. Дүүгийнхээ найз Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байгаа мэргэжлийн бус Л.Мөнхжаргал гэгчийг Холбооны Герман Улсад байгаа Монгол Улсаас суугаа ЭСЯ-ны консулын хэлтсийн даргаар томилох шийдвэрийг тус тус гаргажээ. Үүнээс гадна БНСУ-д хараар ажиллаж байгаад хүнд зодуулж, ухаангүй байхдаа хэд хэдэн удаа хагалгаа хийлгэж, хөдөлмөрийн чадвараа алдсан байсан хүнийг Говь-Алтай аймаг нутгийнх гэдгээр нь товойлгож, Гадаад яамны авто баазын даргаар авч ажиллуулж байгаад Улаан-Уд хот дахь ЕКГ-т жолоочоор томилох шийдвэр гаргасан гээд уртаас урт жагсаалт гарч байна.

Мөн тэрээр намын найз нөхдийнхөө ах дүү хамаатан саданг мөн л гадагш томилох ажлыг ханцуй шамлан хийжээ. УИХ-ын гишүүн, ХААЯ-ны сайд, Бурмаагийн бэр Сийлэн гэгчийг ГХЯ-нд ажилд авсан, гадаадад томилох гэж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн С.Баярцогтын дүүг Сингапурт улсад буй ЭСЯ-нд дипломат ажилтнаар томилон явуулсан гэдэг мэдээлэл ч байна. Л.Пүрэвсүрэн Гадаад яамны томилгоог танил, тал, нутаг, ус гэдгээр мэргэжлийн бус хүмүүс болон тэтгэврийн хүмүүсийг томилж буйд гадаад яамны ажиллаж буй болон ахмад дипломатууд маш их дургуйцэж байгаа юм. Л.Пүрэвсүрэн сайд ТНБД, Төрийн албаны салбар зөвлөлийн эрх мэдлийг шууд өөртөө авч, ТНБД Д.Ганхуяг, Салбар зөвлөлийн гишүүд ямар ч мэдэлгүй алиа, салбадай, утсан хүүхэлдэй болж хувирсан, Одоо ГХЯ-ны гадаад буй дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хэлгүй, мэргэжлийн бус, ажлаа мэддэггүй, их зантай, иргэддээ дээрэнгүй ханддаг гэж маш их гологдож, иргэд ихээр хохирч буй талаар их яригдах болжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулж байгаад ГХЯ-ны сайдаар томилсон Л.Пүрэвсүрэнгийнхээ энэ мэт хууль бус явдлыг мэддэг болов уу. Хэрвээ мэдэж байгаа бол шударга ёсыг бодож, хариуцлага тооцохгүй юм уу гэдэг асуултыг олон хүн тавьж байна.

 


 

эх сурвалж: www.shudarga.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!