Хүн өөрийгөө голсноор аливааг хийх урам зориг мохдог

🕔 2018/10/17 18:25

 

Хүн өөрийгөө голсноор аливааг хийх урам зориг мохдог

Өөрийгөө голох мэдрэмж биднийг юунд хүргэдэг гээч?

Эхлээд сэтгэл гутралд

– Энэ нийтлэлийг бичин суугаа надад өөрийгөө голох мэдрэмж нэг хэсэг маш их төрж, үүнээсээ салж чадахгүй удаан явсан. "Би чадахгүй байна, бусад хүмүүс мундаг байна, би мэдэхгүй байна, бусад хүмүүс дэндүү ухаантай юм, би хэт удаан байна, харин бусад нь ажлаа хурдан хурдан гүйцэтгэж, яг од мэт гялалзаж байна, ерөөсөө би л болохгүй байна” гэдэг бодол нэг хэсэг намайг эзэмдэж, үүнээсээ болоод сэтгэлд гутралд орсон юм. Сэтгэлд гутралд "нэрвэгдсэн” хүн сайхан зүйлсийг олж харахаа больж, шаналж, сөрөг таагүй мэдрэмжиндээ дийлдэж, алхам тутамдаа өөрийгөө дотроосоо мэрж эхэлнэ. Харин өөрийгөө "мэрж” эхэлсэн хүн яах вэ гэхээр зүгээр л ямар ч хүчгүй болдог. Ямар нэг зүйлийг хийх хүч, сурах хүч, урам зоригтой байх хүч, бодох ч хүч үгүй болчихдог.

Сэтгэл хангалуун бус амьдралд

– Үргэлж өөрийгөө голдог хүн нэг өдрийг ч сэтгэл хангалуун, жаргалтай өнгөрөөж чаддаггүй. Өнөөх бүтэлгүй бодлууд тархийг эзэмдсээр байгаа цагт байгаа ажилдаа, гэр бүлийн болон найз нөхдийн харилцаандаа, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийж байгаа алхмууддаа хэзээ ч хангалуун байж чадахгүй. Чин сэтгэлээсээ хандаж ч чадахгүй. Учир нь "би ийм юм чинь дээ” гэсэн бодол дотор хүнийг минь үгүй хийж, дутуу мэдрэмж төрүүлсээр байдаг.

Юу ч үгүй "сорогдсон” чиний урам зориг

– Чи маш их урам зоригтойгоор шинэхэн ажилд орлоо гэж бодъё. Ажлаа эхэлж байгаа хэнд ч чадвар дутах олон зүйлс гарч ирнэ. Харин энэ үед "өөрийгөө голдог” хүмүүсийн толгойд юу бодогддог гээч? "Би иймхэн зүйлийг ч хийж чадахгүй байна шүү дээ, ажил олгогч минь намайг голвол яана аа, би ажлаасаа халагдвал яах вэ, би хэзээ сайжирна даа…” Угтаа бол чадахгүй, мэдэхгүй зүйлс гарч ирэх нь жам ёсны л зүйл шүү дээ.

Мэддэггүй зүйлээ алдаж л мэдэж авна, хийж үзэж л сурна. Харин бид нэг жижигхэн зүйл дээр л алдсанаа хараад шууд л сэтгэлээр унаж, гутарч, өөрийгөө байж болох хамгийн муу ажилтан мэтээр бодчихдог. Анх эхлэхэд бий болсон урам зориг, үзүүлээд өгнө дөө гэсэн эрч хүч юу ч үгүй алга болж, сарын дараа гэхэд хий нь гарсан шаар шиг болж орхино. Гэхдээ мэдээж шийдэл бий: Өөрийгөө голохоо боль гэж хэлэх нь шийдэл болж чадах уу гэвэл чадахгүй. Ингэж хэлээд хүн шууд л өөрийгөө голохоо больчихдог бол хорвоогийн бүх эмэгтэй өөртөө дэндүү итгэлтэй болчих байсан даа.

Тиймээс бага багаар л урагшилцгаая!

Өөрийгөө хийж, бүтээж чаддаг нэгэн гэдгийг батлах шалгаан ол -Хүн бүрт өгөгдөл байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг. Хэн нэгний бичиж найруулах чадвар сайн байхад, нөгөөгийнх нь бусдын өмнө ярих, илтгэх чадвар илүү хөгжсөн байдаг. Нэг хэсэг нь хувцас урлаж, нэг хэсэг нь дуулж, нэг хэсэг нь өөрийн сурснаа бусадтай дуртай нь аргагүй хуваалцаж, нэг хэсэг нь хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэхэд насаа зориулж түүгээрээ аз жаргалаа мэдэрдэг. Хүн бүрийн чаддаг мэддэг зүйлс ондоо, тэс өөр. Тэдэнд байгаа зүйл чамд байхгүй ч, чамд байгаа зүйл тэдэнд байхгүй байж мэднэ.

Тэгэхээр өөрийгөө голж, өөрийгөө хэн ч биш болгох шалтгаан бий гэж үү?

Үүний оронд, яг одоо цаас үзэг гаргаад өөрийгөө голохгүй байхад хүргэж шалтгаануудыг жагсаагаад үзээрэй. Дутагдлаа хүлээн зөвшөөрч, тэдгээрийг "гоё” гэж харах шалтгаан ол – Чи өөрийгөө махлаг гэж голдог байж магадгүй л дээ. Гэхдээ нөгөө талд жаахан ч гэсэн мах нэмж хэвийн жиндээ очих чин хүсэлтэй эмэгтэйчүүд байдгийг чи минь мэдэх үү? Эвгүй дуу гаргаж инээдэг чинь, хээгүй сайхан зан чинь, булцгар хацар чинь, хэт бардам эсвэл хэт хэнэггүй араншин чинь, аливаад амархан гомддог чинь, сэвхтэй төрх чинь, бамбаргар уруул чинь, эмэгтэй бүхэнд заяагаагүй өндөр сайхан нуруу чинь гээд чиний бусдаас доогуур гэж хардаг зүйлс чинь чамайг бүтээж, бусдаас харин ч онцгой болгодог гэдгийг сана. Чиний байгаа байдал чиний өөрийгөө голох шалтгаан биш, харин чиний өөрийнхөөрөө давтагдашгүй байх шалтгаан болог.

Өөрийгөө хайрлах шалтгаан ол

– Өчигдөрхөн үзсэн Хюго (Hugo) гэдэг кинонд дээрээс "Чи энэ хорвоо дээр ямар нэг зүйл бүтээх гэж л ирсэн байгаа, бурхан хэн нэгнийг зүв зүгээр л энэ ертөнц дээр илгээдэггүй” гэх үгийг сонсоод өөртөө итгэх итгэл минь хэдэн хувиар нэмэгдэж, өөрийгөө илүү хайрлах сэтгэл төрсөн юм. Би ээж аавдаа энхрий үр нь болж ирсэн, хөөрхөн дүү нартаа сайн эгч нь болох гэж төрсөн, ажилдаа итгэл даах ажилтан нь байх гэж ирсэн, нөхөртөө халамжтай хань нь байж хамтдаа амьдралаа бүтээх гэж би түүнтэй учирсан.

Найзуудаа жинхэнэ нөхөрлөлийг батлах гэж, өөрийнхөөрөө байж энэ хорвоог чимэх гэж бүсгүй хүн болон мэндэлсэн. Ингээд бодохоор амьдарч байгаа минь заавал ямар нэг утга учиртай л байж таарах нь. Чинийх ч бас утга учиртай чи л харж амжаагүй байхгүй юу! Тэгэхээр өөрийгөө хэн ч биш эсвэл бусдаас доогуур гэж үзэх шалтгаан бидэнд үлдэж байна уу?


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!