Ошо: Заавал сархад хүртэж жаргах албатай юу? Ус уугаад ч жаргаж болно шүү дээ

🕔 2016/12/01 18:33

 

- Өдөр бүрийн төгсгөлд би хэдэн пиво, тамхи юм уу бодисоор өөрийгөө мялаах хэрэгцээг мэдэрдэг байв. Одоо тийм зүйлсээ больсон ч хүслийн цангаа үргэлжилсээр. Яаж түүнийг тайлах вэ?


- Хүсэл ханана гэж үгүй. Түүний нарийн механизмыг ойлгох хэрэгтэй. Хүсэл чиний аз жаргалд болзол тавьдаг. "Энэ машиныг уначихвал, тэр бүсгүйтэй ханилчихвал, тийм хаустай болчихвол би жаргана" гэхчлэн. Болзлыг давсан үед ханамж төрөх мэт боловч угтаа түр зуурын тайтгарал юм. Дахин түүнийг мэдрэхийн тулд шинэ болзол, шинэ бартаа хэрэгтэй болно. Бартаа хэдий чинээ бэрх байна, төдий чинээ хүсэл эрчимжинэ. Нэг бүсгүйг онилсон бол тэр чинь ороолж зугтах тусам чи дурлаж тэмүүлнэ. Бүх амьдралаа түүнд дэнчин тавина. Хөөцөлдсөөр байгаад нэг л өдөр түүнийг өөрийн болгож гэмээ нь сая нэг амсхийнэ.

Саяхан би Мулла Нассрэдинтэй гудамжинд таарлаа. Царай нь зэвхийрч, шаналсан байртай явж байв. "Юу болоо вэ? Бие чинь өвдөө юү?" гэж асуухад "Зүгээр ээ. Дэндүү бариу гутал өмсчихсөн юм" гэв. 

"Яагаад бариу гутал өмсөө вэ? Сольчихооч дээ" гэхэд, "Энэ бол миний цорын ганц тайтгарал. Хэдий өмсөөд явах там боловч орой бүр энэ там чинь надад диваажин бэлэглэдэг юм. Гэртээ ороод, гутлаа тайлчихаад буйдан дээрээ тэрий хадан хэвтэх ямар сайхан гээч. Бурхан минь, би ирчихлээ шдээ! гэж өөртөө хэлдэг. Тэр гайхамшигт мөчийн төлөө үүнийг хаяж түвдэхгүй" гэж билээ.

Энэ бол яг та нарын хийдэг зүйл. Өөртөө зовлон шаналал, бартаа саад бүтээж эцэж унатлаа гүйгээд, дараа нь "Би чадлаа шүү" гэж гараа алдлан хэвтдэг. Гэвч энэ тайтгарал чинь хэдий удаан үргэлжлэх вэ? Нэгэнт чинийх болсон хойно өнөөх бүсгүй хэрэггүй болно. "Түүнтэй л байвал би жаргана" гэж хэлэх өөр бүсгүйг харж эхэлнэ. Энэ бол өөрийгөө хуурсан тоглоом. 
    
Амьдралыг таньсан хүн аз жаргалд болзол хэрэггүйг хардаг. Эцэст нь нэг амсхийхийн тулд бариу гутал өмсөх хэрэг юу байна? Бүх цаг мөчид амар амгаланд умбаж болохгүй юү? Гэхдээ түүнийг мэдрэхгүй байх нь асуудал болдог. Мэдрэхийн тулд эсрэгцэл хэрэгтэй. Үнэхээр жаргалтай хүн өөрийгөө жаргалтай гэж анзаардаггүй, жаргалын тухай боддог ч үгүй. Гагцхүү зовлонтой хүмүүс л "Би жаргалтай" гэж хашгирдаг. Үнэн жаргал бол амьсгал мэт энгийн бөгөөд тасралтгүй хөвөрдөг. Чи түүнийг байгаа, эсэхийг ч анзаарахгүй. Харин хамар амыг чинь таглах юм бол сая мэдэрнэ. Йогийн дасгал хийгээд үзээрэй. Амьсгал аваад гаргахгүй бариад байна. Дотор чинь давчдах болно, тэглээ ч бариад байна. Эцэст нь өөрийн эрхгүй тэсэрнэ. Тэр нь чамд жаргал таашаал болж амтагдана. Угтаа хүн бүрийн хийдэг зүйл. Орой амсах жаргалын төлөө өдөржин зовох адил. 
    
Жаргал энд-одоо байсаар атал болзол тавьж яах гэсэн юм? Жаргалтай байх учир шалтгаан хайх хэрэггүй, зүгээр л жарга. Модод жаргадаг. Тэд орой бүр пиво ууж, тамхи татдаггүй хирнээ жаргалтай байдаг. Хар л даа... Салхи жаргалтай, нар жаргалтай, элс жаргалтай, тэнгис жаргалтай. Хүнээс бусад нь цөм жаргаж байна. Учир нь, тэд аз жаргалд болзол тавьдаггүй. 
    
Боломжгүй их болзол тавьдгаасаа болж чи бүүр их зовдог. Авсаархан болзол тавьснаараа Мулла чамаас хавьгүй ухаантай харагдаж байна. Бариу гутал өмсөө л гүйцээ. Орой бүр тавирсан жаргал эдэлнэ. Тийм жаахан болзолд хэн ч садаа болохгүй. Гэтэл чи "Том хаустай болж байж л жаргана" гэдэг. Түүний төлөө хичнээн жил үрчийж явах вэ? Бүх амьдралаа үрсний дараа том хаус том бунхан чинь болох уу? "Сая доллартай болохгүй л бол би жаргахгүй" гэдэг. Насан туршдаа тэгээд дэгэлзэж, доголзож явах уу? Чиний дэргэд Мулла сийрэг ухаан гаргаж байна. Бяцхан болзол тавиад хүссэн жаргалаа эдэлнэ.
    
Үнэн хэрэгтээ нөхцөл болзлоос аз жаргал биш, түр зуурын тайтгарал үүсдэг. Үсрээд л хэдхэн хором үргэлжилдгий нь анзаардаг уу? Нэг машин авах гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаад, авсан өдрөө магнай тэнийж, маадгар гэгч нь хөлөглөнө. Нэг өдөр өнгөрөхөд машин чинь нэг өдрөөр хуучирна. Хоёр өдөр өнгөрөхөд хоёр өдрөөр хуучирна. Шагширч байсан хөршүүд чинь тоож харахаа болино. Шинэ загварын машин жил бүр гарч байгаа болохоор удахгүй чи өөртөө шинэ болзол тавихаас аргагүйд хүрнэ... 

Заавал оройг хүлээх хэрэг байна уу? Заавал сархад хүртэж жаргах албатай юу? Ус уугаад ч жаргаж болно шүү дээ. Есүс усыг дарс болгож хувиргасан түүхийг сонсоо биз дээ? Христианчууд түүнийг буруу ойлгодог. Есүс усыг үнэхээр дарс болгосон гэж боддог. Тийм биш ээ. Миний чамд хэлж буй нууцыг л тэрээр шавь нартаа заасан хэрэг. "Жаргалтайгаар уух юм бол ус ч гэсэн дарс болдог юм" гэж харуулсан нь лавтай. Туршаад үз. Усыг баяр жаргалтайгаар уух аваас бараг л хөлчүүрэх вий. Энэ бол архи дарсанд биш, өөрт чинь дулдуйддаг үзэгдэл. Ойлгохгүй байвал ховсчдоос асуу. Манай Сантош энэ талаар сайн мэднэ. Ховсонд орсон хүнд дарс гэж хэлээд ус өгөөд байвал согтож орхидог юм.
    
Орчин цагт эмнэлэг хийсэн зарим туршилтаас гайхалтай үр дүн гарчээ. Жишээ нь, хорин өвчтөнтэй нэг бүлэгт тухайн өвчний эмийг өгч, тэдэнтэй адил хорин өвчтөнд эмийнх нь оронд зүгээр л ус өгсөн байна. Гэхдээ үүнийг өвчтөнд ч, эмчид ч мэдэгдэхээргүй хийжээ. Хэрвээ эмч эм биш ус өгч байгаагаа мэдэх юм бол уур амьсгал өөрчлөгдөнө. Эм өгдөг шигээ тэрээр нухацтай царайлахгүй учраас өвчтөнд сэжиг авахуулж мэднэ. Долоо хоногийн дараа хоёр бүлгийн эмчилгээний үр дүн адил гарчээ. Хорин хүн тус бүрээс арван долоо нь эдгэрсэн байв. Гайхалтай нь, ус ууж эдгэрэгсэд илүү сайн илааршжээ. Хэдэн долоо хоногийн дараа эм уугсад эргээд л ирцгээсэн аж. Ус яагаад эмнээс илүү үйлчлэв? Эм гэдэг зүйл угтаа хор байдаг. Харин цэвэр усанд ямар ч хор нөлөө байхгүй. Эм чиний системд зайлшгүй нөлөөлж, эл урвалаас болж шинэ өвчин, шинэ асуудал үүсдэг. Усан эмчилгээ бол цэвэр ховс юм.
    
Хэрэв чи усыг урам баяр, чинхүү залбирлаар уух юм бол дарс болж хувирна. Зэнгийн цайны ёслолыг харж байсан уу? Цай уухдаа тийм л гүн хүндэтгэл, сэргэг ухамсар агуулахуй ердийн цай ер бусын рашаан болно. Өдөр тутмын амьдрал дахь энгийн үйлийг тэр мэтчилэн тэнгэрлэг дээдэд хувиргах боломжтой. Өглөө алхаж байхдаа хөлчүүрэнхэн алхаж болно. Хэрэв өглөөний тунгалагт уярч чадахгүй байгаа бол чамд ямар нэг гажиг байна. Сарнайн бутыг хараад л мансуурч болно. Тийм гоо үзэсгэлэнд хайлахгүй бол өөр юунд хайлах вэ. Жаахан хүүхдийн цайлган нүд рүү ширтээд л мэлмэрч болно. Агшин бүрийн баяр жаргалд уусан амьдрахуйд суралц. Үр дүн, ашиг завшаан хайх хэрэггүй. Амьдрал хаа нэг тийшээ чиглэдэггүй, ямар нэг зорилгод уягддаггүй. Амьдрал энд-одоо л байдаг. Бүрэн дүүрэн амьдар, сэрүүн тунгалаг амьдар, баяр баясгалантай амьдар. Хойшлуулах хэрэггүй, одоо л ханамжил. Одоо биш бол хэзээ ч үгүй.
 
ОШО, Орчуулсан П.Бадрал 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!