МОНГОЛ ТӨРИЙН 80 ДАХЬ ГЕНЕРАЛ 85 НАС ХҮРЛЭЭ
Монгол төрийн ная дахь генерал Жамцын Содном 85 нас хүрлээ. Түүний төрж өссөн нутаг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуунд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ахмадын хорооноос санаачлан хошууч генерал Ж. Содномын 85 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэ ёслолыг хамтран зохион байгуулагчаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний газрын ахмадын хороо, Улаанбаатар хот дахь Гурвансайхан сумын нутгийн зөвлөл, тус сумын ИТХ, ЗДТГ, Дундговь аймгийн ШШГГ, Цагдаагийн газрын удирдлага, генералтай мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадууд оролцон , төрсөн эгч Ууш, Дэнсмаа, Хишигт, дүү Доринхүү нарынх нь үр хүүхэд, ач гуч, генералын үр хүүхдүүд, ач зээ, хамаатан садан 150 гаруй хүн ирсэн юм.
Хошууч генерал Ж.Содном улс эх орондоо дөч гаруй жилийн хөдөлмөрөө зориулсны дотор анх иргэний багийн идэвхтэн, Хорих ангийн хянагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж аймгийн Цагдан сэргийлэх ангийн даргын нарийн бичиг, гурван суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаад сургууль, соёлын мөр хөөсөн юм. Ингэхдээ ЗХУ-д\хуучин нэрээр\ Цагдан сэргийлэхийн сургууль, Монгол улсын их сургууль төгссөн билээ. Ингээд аймгуудад Цагдан сэргийн ангийн болон Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байгаад Засан хүмүүжүүлэх байгууллагыг удирдах ерөнхий газрын даргаар дэвшин ажиллаж Монгол төрийн Хошууч генерал цол хүртсэн юм.
Төрөлх Гурвансайхан сумын төр, захиргааны байгууллага генералын 85 насны ойг нь бэлгэдэн 85 хундан цагаан хонь бэлэглэж түүний "Алдрын танхим” сумандаа байгуулснаа мэдэгдэв. Мөн сумын Соёлын төвийн дэргэдэх бяцхан авьяастнуудын чуулга тоглолтоо сонирхуулсан юм.
Ж.Содном генерал олон хүний ажил амьдралыг хөтлөн үр хүүхэд, ах дүү нарынхаа олон хүүхдийг өсгөж өндийлгөсөн ач буянтай буурал бөгөөд одоо ч нутагтаа хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө босгох, дайнд оролцсон ахмад дайчдын танхим нээхээр түүхийн шарласан хуудас эргүүлэн судалгааны ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Өвгөн генерал та нас буянаа улам нэмж урт удаан насалж насны хишиг нь улам дэлгэрэх болтугай.
С.ПҮРЭВСҮРЭН