Дотоодын жуулчлал орон нутагт орлогын шинэ эх үүсвэр болж байна

🕔 2018/07/25 18:05

 

Дотоодын жуулчлал орон нутагт орлогын шинэ эх үүсвэр болж байна

 

Нийслэлийн авто замын ачаалал наадмын дараагаас үлэмж багассан нь өглөө, орой ажилдаа явахад илт мэдрэгдэж байгаа. Хүмүүс энэ сард л ээлжийн амралтаа авч орон нутгийг зорих нь их. Тиймдээ ч хотын хөл хөдөлгөөн татарч, гэр бүлээрээ эсвэл найз нөхөд нийлж Монгол орноо аялахыг илүүд үзэх болж. Ялангуяа, Хөвсгөл болон Архангай, Хэнтий, Булган, Дорноговь аймаг дотоодын аялагчдын зорьж очдог гол цэг болоод байна. Эдгээр аймаг дээр нэмэгдээд 2017 оноос Завхан, Увс дотоодын жуулчдын ээлжит маршрутад орсон. Орон нутгийн авто замын нөхцөл байдал бага багаар сайжирч, дээрх аймагт хүрэх саад тотгор багассан. Ингэснээр дотоодын жуулчлал эрчимтэй хөгжих хөшүүрэг болоод байна.

Үүнийг дагаад орон нутгийн зам дагуу шатахуун түгээх станц болон нийтийн хоолны газар, гэр буудал шинээр нээгдэж, орон нутгийн иргэд цагаан идээ болон гар урлалын бүтээгдэхүүнээ зарж, улмаар өрхийн орлогоо нэмэх боломж бүрдсэн. Тэрчлэн морь, тэмээ унуулах үйлчилгээ орон нутагт дэлгэрсэн бөгөөд энэ төрлийн аяллын бүтээгдэхүүний худалдан авагч нь голдуу Монголчууд өөрсдөө байгаа юм. Хэдий орон нутгийн төсөвт тэрбумаар хэмжигдэх их мөнгө аялал жуулчлалаас төвлөрөхгүй ч бэлэн мөнгөний урсгал орон нутгийг чиглэж байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт жилд аялал жуулчлалаас 100 гаруй сая төгрөг орон нутгийн төсөвт төвлөрдөг аж. Үүнийг тав дахин нэмэгдүүлэх боломж байгааг орон нутгийн удирдлага хэлж байна. Гэвч Хөвсгөл далайг түшиглэсэн жуулчны баазуудын дийлэнх нь нийслэлд бүртгэлтэй тул татвар, хураамж нь орон нутагт үлддэггүй, дүүргүүдэд татагддаг гэв. Хэрэв жуулчны баазууд орон нутагтаа "иргэншил”-тэй бол дээрх 100 орчим сая төгрөг хагас тэрбумд хүрэх боломжтой юм байна.

Аялал жуулчлалын салбарт орхиж болохгүй хэсэг бол дотоодын аялал жуулчлал
Хэдий тийм ч нутгийн иргэдэд аялал жуулчлалын хаялга тодорхой хэмжээгээр ирж, амьжиргаанд нь дэм болдог. Хөвсгөлд зуны гурван сарын хугацаанд нийт 800 гаруй түр ажлын байр бий болж байна. Монголчууд өөрсдийн аймаг, нутгаас брэнд гэж тодотгох бүтээгдэхүүнийг нь худалдан авах нь элбэг. Үүнд, утсан болон даршилсан загас, жимсний чанамал, ааруул, өрөм, зөөхий, айраг, хоормог, арвайн гурил багтаж байна. 21 аймгийн дийлэнх нь эдийн засгийн тэргүүлэх салбараараа аялал жуулчлалыг тодорхойлсон байдаг. Дотоодын жуулчид хамгийн ихээр зорчдог газрын нэг бол Архангай. Тус аймаг орон нутгийн өмчит аялал жуулчлалын мэдээллийн төв гэж шинээр байгуулсан. Энэ төвөөр дамжуулан орон нутгаа сурталчлахаас гадна Архангайн брэнд бүтээгдэхүүнээ жуулчдад худалдан борлуулж эхэлсэн.

Ингэснээр малчид нэгдсэн зохион байгуулалтад орж хоршооны зарчмаар ажиллах болсон байна. Орон нутаг өөрийн орлогоо нэмэгдүүлэх гарцаа аялал жуулчлал гэж үзсэн нь энэ. Монголд саатах жуулчдын нэлээд хэсэг нь говийг зорьдог. Өмнөговь, Дорноговь гадаад, дотоодын жуулчдыг татах зүйлээр баялаг. дотоодын жуулчид хэсэг бүлгээрээ Дорноговь аймаг руу олноор аялдаг гэсэн статистик үзүүлэлт бий. Жилийн дөрвөн улиралд энэ урсгал зогсолтгүй үргэлжилдэг бөгөөд шашны аялал жуулчлал Энергийн төв, хамрын хийд түшиглэн хөгжиж байна. Ялангуяа, зуны эхэн сар болон намрын улиралд Сайншандыг зорих дотоодын жуулчид огцом өсдөг. Үүнтэй холбогдуулан аяллын галт тэрэг энэ урсгалын багагүй ачааллыг үүрдэг билээ. Дорноговь аймгийн төсөвт аялал жуулчлалаас жилд 170 гаруй сая төгрөг төвлөрч байна. Үүний ард 300 орчим байнгын болон түр ажлын байр бий болдог аж.

• Хөвсгөлд зуны гурван сарын хугацаанд нийт 800 гаруй түр ажлын байр бий болж байна.
• 21 аймгийн дийлэнх нь эдийн засгийн тэргүүлэх салбараараа аялал жуулчлалыг тодорхойлсон байдаг.
• Дорноговь аймгийн төсөвт аялал жуулчлалаас жилд 170 гаруй сая төгрөг төвлөрч байна.

Тус аймагт жилд давхардсан тоогоор дотоодын 95 мянган жуулчин аялдаг. Дотоодын аялал жуулчлал эрчимжих хэрээр энэ нь аймгуудад шинэ орлого болж, нийгэм, эдийн засгийг нь тэтгэх болжээ. Аяллын компаниуд дотоодын жуулчдад зориулсан шинэ бүтээгдэхүүн санал болгох нь нэмэгдэж байгаа. Тухайлбал, "Монгол аялал” компани дотооддоо 10 гаруй чиглэлээр аялал гаргадаг болжээ. Хөвсгөл далай, Тэрхийн цагаан нуур, Хэнтий, Төвхөн хийд гээд аяллын чиглэлээ шинээр баяжуулсан байна. Орон нутгийг зорих жуулчдыг зорилгоор нь ангилж үзэхэд олонх нь амралт жуулчлалаар явдаг аж. Тэгвэл үлдсэн хэсэг нь, аав ээждээ очих, аймаг, сум, сургуулийн ой болон төрж өссөн нутаг орноо эргэж тойрохоор очдог байна. Манай улс жилд гаднаас 400 гаруй мянган жуулчин хүлээн авах гэж дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ хөдөлдөг. Тэгвэл үүний 60 гаруй хувьтай тэнцэх хэмжээний дотоодын жуулчид эх орныхоо үзэсгэлэнт газраар аялж байна.

Энэ нь аялал жуулчлалын салбарт орхиж болохгүй хэсэг бол дотоодын аялал жуулчлал гэдгийг илтгэх аж. Дотоодын жуулчдын тоог яв цав нарийн гаргах боломжгүй гэдэг. Гэхдээ 2017 оны байдлаар тусгай хамгаалалтын газруудад 250 мянга гаруй Монгол иргэн нэвтэрсэн гэсэн тоо баримт байдаг. Нийслэл тойрсон дотоодын жуулчлал улирлын нөлөөнд авталгүй хөгжиж буй. Горхи-Тэрэлжийн цогцолбор газар, Аглаг бүтээлийн хийд хот орчмын аялал жуулчлал цөм хэсэг нь болж байна. Дотоодын аялагчдад тулгарч буй нийтлэг бэрхшээл нь аяллын зардал өндөр буй явдал. Энэ байдлаас үүдээд хил орчмын аяллыг илүүд үзэх хандлага бас ажиглагдах болсон. Тухайлбал, аяллын компаниудын санал болгож буй үнээс харахад, Байгаль нуур үзэх нь Хөвсгөл явахаас хамаагүй хямд өртөгтэй байгаа юм. Гэхдээ л эдийн засаг сэргэж, уул уурхайн томоохон төслүүд урагшилж, иргэдийн орлого нэмэгдэх хэрээр дотоодын жуулчлал илүү өргөжих хандлагатай байна. Иргэдийн хувьд аялалд гарах нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх төдийгүй гэр бүлийн уур амьсгал сайжрах, эх орноороо бахархах, байгаль дэлхийтэй зөв харилцах соёлд сургадаг олон давуу талтай билээ.

Тэрчлэн аялал нь иргэдийг өрхийн төсвөө зөв захиран зарцуулах, хуримтлал үүсгэх зэрэг санхүүгийн ухаалаг соёлд сургаж байгааг Монголын аялал жуулчлалын холбоо, Монголбанк, Нийслэлийн аялал жуулчлалын газар оролцсон судалгаанд дурдсан удаатай. Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр "Жуулчны төлж буй ам.доллар 20-30 салбарт түгээгддэг” хэмээн өгүүлсэн.Үүнд маш олон салбарт багтаж байна. Тухайлбал, малчны хотоос эхлээд урлаг, соёлын үзвэр, үйлчилгээ хүртэл бүхэлдээ ордог. Тэрчлэн түлш шатахуун, бэлэг дурсгал энд мөн хамаарч байгаа юм. Гаднын жуулчнаас дутахгүй эерэг нөлөөг эдийн засагт дотоодын жуулчид авчирч байна. Тодруулбал, зуны улиралд зочид буудал, агаарын болон төмөр замын ачаалал нэмэгддэг. Тэрчлэн худалдааны салбарт багагүй өөрчлөлт гардаг. Жишээлбэл, усны гутал, майхан, загас агнуурын хэрэгсэл, аяллын сандал, ширээ зэрэг зүйлсийн борлуулалт хамгийн өндөр дүнтэй байдаг. Мөн худалдаа, үйлчилгээний салбарт ус, ундаа, шар айраг зэрэг шингэн хүнсний борлуулалт эрс нэмэгддэг билээ. Жил ирэх тусам тэлж буй дотоодын жуулчлал дНБ-ий өсөлтөд хүч нэмэхээр "бяр” сууж байгаа нь энэ.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!