Эзэд нь хаана байна аа? энэ Монголын

🕔 2018/06/08 11:40

 

Ардын цагаахан итгэл дээр уран үгсийн цэцэг ургуулаж
Авилага сурталын шуналаар төрийн нүүрийг баглаж
Хужаад бөхөлздөг батлагдаагүй дүрмээр Монголын элгэнд өшиглөж
Хуулиа гууль болгогсод эрх мэдлээр өвчиллөө

Төрийн бурангуйд шудрага нэгний ханд нь дарагдаж
Таар үүрсэн иргэд түүхий эдээр өл залгуулах нь ёс юм шиг
Бохирдсон ус, бугшисан агаар улсын голомтоос ханхийсэн ч
Бурханлиг төрийн түшээд бунхлуулсан мэт огоорно

Хамар хатгах өвсгүй цөлийн дунд мөнгө барьсан улс төрчид
Харангадсан нийгэмийн дээгүүр элээ шиг явсанаа дурсах цагт
Өт хорхойн чинээ санаанд чинь буугаагүй Монгол харин
Өрцийг чинь маажих гүрвэл болчихсон гүйж л явах байх шүү

Одоо болъё сэрцгээ Монголчуудаа гүрвэл болохгүй төлөө
Ордон төрийн өтгөрсөн цусыг сэлбэн шинэчилье
Ардын өмчийг аминдаа завших сувьдаг засгийн зөөлөн суудлыг
Амьд байгалтай ойртуулж иргэдийн дунд тавь

Ухаан цэлмэг нэгэн улсын жолоог удирдах цагт 
Уур бухимдал нийгэмээс ууршин замхарах байлгүй
Увайгүй шуналын үүлс нүүж дайжихын үед л
Уртаар санааширах Монгол минь уужим амьсгалах байх даа

Эзэн нь бид болохоос та нар биш шуналтануудаа
Эрх чөлөө газар нутгийг минь хашиж бүү хазаарла
Түмний төлөө төрийн бодлого оршдог болохоос
Төлөх өрийн барьцаанд тавьдаг хувийн өмч чинь биш

Орхиод явах ижийгээ царайчилах жаал шиг уйлж сууна Эх орон минь
Одоо болох юм биш үү төр барьсан луйварчидаа
Түрүйний бөөс төрийн толгойд гарч одоо цадаж
Төлөөс болгож харьд өгөх гээд байна эзэд хаана байнаа

Б. Ариунсанаа 2018-06-08нд

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!