ГОВИО ХАРАМЛАХ ШҮЛЭГ”
Оосоргүй номин тэнгэрийн дор
Одод нь нүүрэн дээр унах шөнө
Омголон хүлгийн үүрсэх талд
Онгодоо дуудаж хоноогүй байж
Говийн минь тухай та
Голоосоо дуулж чадна гэж үү
Тормон нүд шиг булгийн усанд
Тоодон баривчаа норгож
Торго мяндсан элсэн дээр
Тоглож шуугиж өсөөгүй байж
Говийн минь тухай та
Голоосоо дуулж чадна гэж үү
Гүйгүүл зэрэглээнд хууртаж
Гүвээ толгодыг даваагүй байж
Гүрвэл царцаа хоёрыг нь
Гүйцнэ хэмээн элдээгүй байж
Говийн минь тухай та
Голоосоо дуулж чадна гэж үү
Хаш мана чулуугаар нь
Ханатаа болгож наадаагүй байж
Хармагийн ягаан жимснээс
Ханатлаа амталж үзээгүй байж
Говийн минь тухай та
Голоосоо дуулж чадна гэж үү
Асга хаднаа шаргилдах
Аргал янгирыг хараагүй байж
Аргамаг хонгор хулангийн
Алтан тоосонд ороогүй байж
Говийн минь тухай та
Голоосоо дуулж чадна гэж үү
Таана ханхалсан хөндийгөөр
Татахыг мэдэхгүй давхиагүй байж
Талын хаяанаас наран
Тааваараа ургахыг хараагүй байж
Говийн минь тухай та
Голоосоо дуулж чадна гэж үү
Уурлахаараа говь яадгийг
Урьд хожид үзээгүй байж
Угалз шороон шуургатай нь
Улаан нүүрээрээ тулаагүй байж
Говийн минь тухай та
Голоосоо дуулж чадна гэж үү
Өршөөхөөрөө говь яадгийг
Өмнө хожид үзээгүй байж
Өнтэй зунтай цагт нь
Өөрийн биеэр жаргаагүй байж
Говийн минь тухай та
Голоосоо дуулж чадна гэж үү
Равжаа найрагчийн шүлгээс
Арван шадыг тогтоогоогүй байж
Ардын болсон дуунаас нь
Айргийн дугараанд аялаагүй байж
Говийн минь тухай та
Голоосоо дуулж чадна гэж үү
Гандмал даалимбан дээлтэй ч
Гал шиг халуун сэтгэлтэй
Ганган улаан тэмээдийн эзэн
Галба, Шанхынхныг таниагүй байж
Говийн минь тухай та
Голоосоо дуулж чадна гэж үү
Ингээд л бодохоор би чинь
Ижилгүй сайхан говио
Ирээчин яваачингуудаас харамлаад байдаг юмаа
Ижийгээ хүү нь хайрладаг сэтгэлээр их говио хайрлаж явдаг юмаа.
Л. Одончимэг.