МИНИЙ ЭЭЖ ДААРЧ БАЙГАА...

🕔 2018/05/03 15:04

. Хөл хөдөлгөөн татарлаа... Хүүгийнхээ найзуудыг гаргаж өгчхөөд аав нь хүүгээ дуудав. "За хүү минь, чи ингээд насанд хүрлээ. Гэхдээ төрсөн өдөр чинь дуусахаас өмнө хоёулаа нэг газар заавал очих ёстой” гээд хүүгийнхээ духыг үнэрлэн хувцаслахыг хүсэв. 
Аав хүү хоёр машиндаа сууснаар замд гарсан бөгөөд бүр тосгоноос гараад явчихлаа. Нэлээдгүй зам туулсны эцэст ямар ч хүнгүй зэлүүд газар ирээд аав нь машинаа зогсоолоо. Тэгээд нэгэн булшны дэргэд ирээд аав нь "Хүү минь чих тавин анхааран сонс. Үгүй ээ сэтгэлээ нээн зүрхээрээ чагна үр минь. Би чамд нэгэн түүхийг ярьж өгөхөөр өнөөдөр энд дагуулан ирсэн” гэв. 
"Аав нь олон жилийн өмнө зэргэлдээх тосгон руу ажлаар явж байлаа л даа. Гэтэл яг энд, тиймээ яг энд ирээд машин унтарчихлаа. Хариу бүрий болчихсон байдаг. Уг нь би замд гарахаасаа өмнө машин техник гээд бүх зүйлээ шалгаж саадгүй яваад ирэх бүх л боломжийг хангасан гэж үзэж байлаа. Тэгээд машинаасаа бууж дөрвөн дугуйгаа ээлжлэн өшиглөж, хаана ямар саатал гэмтэл учирсныг олж тогтоох гээд чармайн байтал хаа нэгтээ хүүхдийн маш сулхан уйлах сонсогдлоо. Би бүр гайхаж "Үгүй энэ чинь, хүүхэд уйлаад байна уу даа, эсвэл би эзгүй хээр хий юм сонсоод байна уу” гэж бодохын зэрэгцээ хүүхэд хаана уйлаад байгааг олж мэдэхээр чихүүн салхины исгэрээнд чих анирдан хайлаа. 
Миний хүү, тэр тэнд харагдаж байгаа гүүр байна аа даа. Яг л тэр гүүрний тэндээс хүүхдийн дуу сонсогдоод байх шиг. Тэгээд аав нь машин унтарснаа ч мартан хүүхдийн уйлах чимээнээр далан уруудан буулаа. Гэтэл юу болох нь тэр вэ, дөнгөж төрсөн хүүхдийн сөөнгөтөн тасалдах чимээ улам наашилсаар... хүүхдийн зүг ойртох тусам би нүдэндээ итгэж ядан зүрх минь шимширсэн юм. 
Нэгэн залуухан ээж эмнэлэг бараадан төрөхөөр нэг тосгоноос нөгөө тосгон руу явах замдаа төрсөн нь энэ байж. Бяцхан үрээ дааруулчихгүй юмсан гэсэндээ өөрийнхөө бүх хувцсыг тайлан хүүгээ өлгийджээ. Тэгээд бас салхи нөмөрлөн хүүгээ цагариглан хэвтсэн байлаа. Сүү орж амжаагүй мээмээ үрдээ хөхүүлэх гэж оролдсон нь илт. Харамсалтай нь ээж нь өнгөрчхөж. Энэ булш бол тэр ээжийн булш юм шүү дээ” гэж ярин аавынх нь хоолой сааралтаад ирлээ. Хүү ааваасаа юу ч асуугаагүй бөгөөд "Тэгээд яасан бэ?” гэсэн асуултыг нүдээрээ асуув. 
Аав хүүгийнхээ гарыг чанга атган "Хүү минь би чамд хайртай. Бурхан тэнгэр ээж бид 2-рт чинь ийм сайхан хүү өгсөнд чамаараа бахархдаг. Гэвч хүү минь тэр өлгийтэй бяцхан хүү бол "чи минь” байсан юм. Тиймээ энд чамайг төрүүлсэн жинхэнэ ээж нойрсож байна. Одоо миний хүү нас биед хүрч бүхнийг мэдэх цаг ирсэн” гээд хөзрөө дэлгэсэн аав хүү рүүгээ харав. Хүүгийн мэгшсэн сэтгэл үерлэн урсаж гадуураа өмссөн дулаан курткаа тайлаад "Миний ээж даарч байгаа” гээд ээжийнхээ булшийг хучин тэврэв. 
Хэрэв аавынх нь машин унтраагүй бол энд 2 хүний булш байх нь гарцаагүй. Гэвч заримдаа асуудлын цаана, тиймээ асуудал бэрхшээлийн цаана хэний ч тааж тааварлашгүй агуу зүйл нуугдан байгааг хэн ч мэдэхгүй.
"Хайрлагдсан эмэгтэйн зурва" хоёрдугаар дэвтэрээс

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!